Эко парк байгуулах мөрөөдлөө ажил болгоё

УИХ-ын сонгууль дуусаад хагас жил өнгөрчээ. Одоо тэр үед амласан, төлөвлөсөн ажлуудаа хийж эхлэх цаг болсон. Тэдгээрийн нэг нь Эко парк байгуулах төсөл. Улаанбаатар метрополис хот болсон гэж цээжээ дэлддэг хэрнээ өдий хүртэл хог хаягдлаа боловсруулах нь битгий хэл, ангилан хаяж хэвшээгүй байгаа. Иргэд нь байгальд авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлж, “Би хог хаядаггүй” гэж зарласнаас өөр үйл явдал ойрын хугацаанд лав өрнөсөнгүй. “Хог хаядаггүй” иргэдийн хаясан зүйлсийн тусламжаар Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэг жилээс жилд хүрээгээ тэлж, бохирдол нь хөрс, агаарт нэвчин, аюулын харанга дэлдэхэд ойрхон байна.

Бидний хаясан хогноос хэрэгтэйг нь ялгаж, хоёрдогч түүхий эдийн цэгт аваачиж тушаадаг хүмүүс хотын хогийг багасгахад илүү хувь нэмэр оруулж буй. Чухам тэд л “Бид хог хаягдлыг бууруулж байна” гэвэл зохистой мэт. Мөн хоёрдогч түүхий эд авах цэгийнхэн хогийг, тэр дундаа байгальд 100-150 жил болж байж арай гэж устдаг хуванцар савны нэлээд хэсгийг худалдаж аваад, урд хөрш рүү гаргадаг. Дотооддоо бараг боловсруулдаггүй, тэгээд ч Улаанбаатар хогийн сав биш учраас гаргахаас өөр замгүй. Зөвхөн хуванцар сав биш, шил, хаягдал дугуй, төмөр, аккумлятор зэргийн тодорхой хувийг ч далд оруулахад хувь нэмэр оруулж байгаагаас нь дүгнэвэл хог түүдэг гэж адлагддаг хүмүүс бидэнтэй харьцуулшгүй гавьяа байгуулж буй юм. Улаанбаатарын хогны 25-30 хувийг хоёрдогч түүхий эд авах цэгийнхэн цэгцэлдэг гэсэн тойм тоо ч байдаг юм билээ. Харин үлдсэн хэсгийг нь хогийн цэгт хагас дутуу аваачаад, газарт булдаг. Энэ шалтгаанаар Эко парк байгуулах хоёр цэгийн хөрс ихээхэн бохирдсоныг тогтоосон байна.

Асуудлыг шийдэх ганц гарц нь хог боловсруулах үйлдвэрүүдийг нэг дор төвлөрүүлж, Эко парк байгуулах юм. Энэ шийдлийг холбогдох байгууллагынхан гаргаснаас хойш хоёр жил орчмын нүүр үзээд байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран 2015 оны эхээр парк байгуулна гэж зарласнаас хойш өдгөө өөрчлөгдсөн зүйл төдийлөн алга. Хотын үе үеийн удирдлага хог боловсруулах үйлдвэр барина гэж тууз хайчилж, шоуддаг хэр нь уг ажлыг ганц алхам ч ахиулсангүй, шийдвэр нь өөрөө хог дээр хаягдсан тохиолдол цөөнгүй. Эко паркийг ч ийм хувь заяа хүлээж магадгүй гэж хардах хугацаа хэдийнэ өнгөрчээ.

Байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилт технологи нэвтрүүлсэн, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь Эко паркийн гол зорилго. Парк байгуулснаар хогоо боловсруулаад зогсохгүй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж төлөвлөсөн. Ингээд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Цагаандаваа, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Нарангийн энгэрийн хогийн цэг гэсэн хоёр байршилд парк байгуулахаар заасан юм. Хотын захиргаанаас шаардлагатай дэд бүтцийг нь татахаар шийдвэрлэсэн бол Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооныхон үйлдвэрлэгч, төсөл, хөтөлбөрүүдээ нэгтгэн, зохион байгуулалтад оруулж, цаашдын үйл ажиллагааг нь гардан авч явах үүрэг гүйцэтгэхээр тогтжээ. Ингэснээр эко парк байгуулах хоёр газарт хотын бүх хогийг төвлөрүүлээд, эхлээд ангилан ялгах үйлдвэрт оруулна. Тэндээс нь гялгар уут, хуванцар, цаас, лааз, металл, шил зэргийг ялгаж авах аж. Хэрэгцээгүй буюу ангилан ялгалтаас үлдсэн хог хаягдлыг дулааны станц руу оруулж, шатаан эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Харин ангилан ялгасан түүхий эдээ тус бүрийнх нь үйлдвэрт аваачин боловсруулахаар төлөвлөсөн байна.

Улсын нийслэл, төр, засгийн, бизнесийн томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүд олноор төвлөрсөн Улаанбаатар хотод өдөрт, сард, жилд хэр хэмжээний хаягдал цаас гардгийг мэдэхгүй. Учир нь тэр бүхнийг хэн ч хянахгүй, тоодоггүй. Цаас боловсруулдаг, урд хөршийн хөрөнгө оруулалттай таван үйлдвэр манайд бий. Гэвч тэдгээр нь нэлээд хуучин технологитой, маш хүнд нөхцөлтэй, бохирдол ихтэй, зөвхөн хэвлэх үйлдвэрийн хаягдлыг авч боловсруулдаг зэрэг цөөнгүй бэрхшээлтэй аж. Манайхан өөрсдөө ийм үйлдвэр байгуулъя гэвэл багагүй хөрөнгө, өндөр технологи хэрэгтэй учраас зориглож хийх аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч олддоггүй гэнэ лээ.

Харин парк байгуулчихвал асуудал нэлээд цэгцэрч, томоохон үйлдвэрүүд байгуулах баталгаа бий болж, хөрөнгө оруулах аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн тоо олшрох боломжтой гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан хэлсэн юм. Тэрбээр “Парк байгуулж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна. Дэлхий нийт ч ийм үйлдвэр, технологийг шаардаж буй. Багагүй хугацаа шаардаж магадгүй юм. Хамгийн гол нь парк байгуулчихлаа гэхэд иргэд одоогийнх шиг бахь байдгаараа, хог хаягдлаа ангилан ялгаж чаддаггүй, замбараагүй байж болохгүй. Тэгвэл бид дампуурна. Тиймээс хүүхдүүдэд багаас нь хог хаягдлыг ангилан ялгадаг болох сэтгэлгээ төлөвшүүлэх шаардлагатай. Эхний ээлжинд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эко боловсрол олгох талаар тусгах хэрэгтэй” гэсэн юм.

Д.Бямбасайхан парк байгуулах ажлын явцын талаар “Манай холбоо парк байгуулахад оролцох сонирхолтой 17 аж ахуйн нэгжээс 120 сая төгрөг бүрдүүлж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан. Үндсэндээ паркийн бэлтгэл ажлын хүрээнд хувийн хэвшил болон нийслэлийн төсвөөс нийт 370 орчим сая төгрөг гаргаад буй. Ажил урагшилж байгаа. Одоо бид хотын захиргаатай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр дараагийн санхүүжилтээ босгох боломж бүрдэх юм. Хотын захиргаатай гэрээ байгуулчихсан, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө нь бүрдсэн байвал хөрөнгө оруулагч бидэнд итгэх суурь тавигдана шүү дээ” гэж ярилаа.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Хог хаягдлыг тээвэрлэх, ангилах, боловсруулах, худалдан авах цогц менежмент дүүрэг бүрт бий болгоно. Хог хаягдлыг дахин боловсруулах Эко паркийн дэд бүтцийг байгуулна” гэж тусгажээ. Ямартай ч хотын захиргааныхан энэ асуудалд анхаарч, хичээх бололтой. Өмнөх “жишгийн” дагуу мөрөөдөл хэвээр үлдээхгүйн тулд хэрхэх, төлөвлөгөөгөө хэдийнээс ажил хэрэг болгох талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Ирэх долоо хоногт нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар Эко паркийн талаар хэлэлцэхээр болсон. Ингэснээр ажил урагшлах боломж нээгдэнэ” гэсэн юм.

Ногоон хөгжил гэж манайхан их ярьдаг болсон нь сайн хэрэг ч үүнийг мод тарих төдийхнөөр ойлгох хүн цөөнгүй. Ногоон хөгжлийн үндэс суурь нь хөрс эрүүл байх явдал, газар эрүүл байж мод ургана, ус урсана, амьтад өснө гэдгийг төдийлөн ярьдаггүй. Хогон дотор, түүгээр бохирдсон хөрсөнд мод ургасан түүх манайд байтугай дэлхийд байхгүй. Зарим газар шарилж ч тоож ургахгүй болтлоо бохирдож, доройтсон гэдгийг эрдэмтэд хэлдэг юм билээ. Харин тэр бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар ямар өвчний эх сурвалж болоод буй талаарх мэдээлэл хомс байна.

Монгол орны газар нутгийн 90 гаруй хувь нь хогонд эзлэгдээгүй гэж бодоод түр санаа амарч болно. Гэхдээ 1.3 сая хүнтэй, улсын нийслэл Улаанбаатар хот хогийн цэг болохдоо тулсан учир Эко парк байгуулах ажлыг даруйхан урагшлуулбал яасан юм бэ. Жижиг дээр нь л асуудлыг шийдэж эхлэхгүй бол хойшид хог биднийг яаж ч хордуулж магадгүйг холбогдох хүмүүс нь ойлгоосой. Үүнээс Эко паркийн төдийгүй, хотын ирээдүй гэрэлтэй байх, эсэх нь хамаарна. Уг ажлыг гүйцэтгэх нь хуванцар сав ч боловсруулж чаддаггүй манайханд мөрөөдөл юм шиг сонсогдовч биелүүлэх сэтгэл байвал бүтэхгүй зүйл үгүйг энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид хэлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)