“Эко констракшн”-ы С.Нямдавааг хариуцлагаас чөлөөлснийг бусад ажилтанд нь мэдэгдээгүй байжээ

Хан-Уул дүүргийн нутагт, Туул голын ногоон бүсийн ойролцоо “Эко констракшн” компанийн барьж буй барилгад гарсан нэг бус осолтой холбогдуулж тус компанийн үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тодруулбал, эл компанийн барьж буй “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сарын 21-нд суурийн блокны гадна тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Түүнээс өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд дээрх хорооны нутагт “Эко констракшн”-ы барьж буй “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан юм. 

Удаа дараа гарсан эдгээр осолтой холбогдуулж “Эко констракшн” компанийн дээрх албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 11.3-1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 10.6-1 дэх хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцон Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шалгасан. Дээрх хэрэгт холбогдуулан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг яллагдагчаар тооцоод байсан бөгөөд прокурорын шийдвэрээр түүнийг хариуцлагаас чөлөөлсөн юм. Учир нь С.Нямдаваа хууль сахиулах байгууллагынханд өгсөн мэдүүлэгтээ “Өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Миний удирдлага доорх хүмүүс хариуцдаг. Тэд барилгын талбайд болж буй үйлдвэрлэлийн ажлыг мэдэх ёстой” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн, бусад холбогдогч нар ч түүнийг өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй гэж мэдүүлдэг учраас шалгалтын явцад С.Нямдавааг яллах хангалттай баримт хууль сахиулагчдад олдоогүй аж. Тиймээс яллагдагчид ашигтай байх зарчмын дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ.

“Эко констракшн” ХХК-ийн үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол болон И.Цэрэндулам, Ж.Бямбажаргал, Э.Энхцацрал, Т.Буянбаатар, Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан байдлаар хэлэлцээд прокурорт буцаажээ. Учир нь ерөнхий захирал С.Нямдаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоо бусад яллагдагчид танилцуулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж шүүх үзсэн юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)