"ЭКО" дүүрэгт ДӨРВӨН улирлын зориулалттай НАЙМАН ширхэг тарвасны хүлэмж бэлэглэв

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын ИТХ-ын дарга Паг Юун Сун, Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй тус сумын ИТХ-ын төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалын гол зорилго нь ихээхэн ач холбогдолтой байлаа.

БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд тэр дундаа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоольны тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог. Мөн Япон болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог амтат тарвасаараа Азидаа төдийгүй дэлхийд алдартай. 

Хан-Уул дүүрэг болон Хаман сумын хамтын ажиллагааны хүрээнд Хаман сум буцалтгүй тусламжаар, 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах  “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай 4 улирлын зориулалттай 8 ширхэг тарвасны хүлэмжийг бэлэглэхээр болж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас Хаман сумын мэргэжлийн баг хамт олон “Хан-Уул Агро” паркад ажиллаж эхэлсэн юм.

Ийнхүү дэлхийд алдартай амтат тарвас эхнээсээ соёолж, ирэх наймдугаар сард боловсорч гүйцэх бөгөөд Нийслэл хотынхон маань энэхүү амтат тарвасыг амталж үзэх боломжтой болох нь.

Цаашлаад "Хан-Уул Агро" паркын тариаланчид өөрсдөө тарвас тариалах боломжтой болсон ба энэ нь “Эко” дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бодит ажил боллоо. 

Уг айлчлалын хүрээнд тус хүлэмжүүд нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд хоёр талын тэргүүлэгчид буюу НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн нар оролцож, цаашдаа хоёр улсын хамтын ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, нягт хамтран ажиллахаар боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)