"Эко Алтан Заамар"-ын хэргийг эргэн сануулахуй

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын гишүүд болон 21 аймгийн Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн. Хурлын сүүлд Ерөнхий сайд чиглэл өгөхдөө байгаль орчны асуудлыг ихээхэн анхаарахыг үүрэгдсэн. Өөрөөр хэлбэл, асуудал үүсээд буй бүх лицензийг цуцалж, замбараагүй уул уурхайн асуудлыг цэгцэлж, хариуцлага алдсан компаниудад хуулийн дагуу арга хэмжээ авах ёстойг сануулсан. Энэ дунд Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн арын тохойд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК ч багтаж буй. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр тус компанийн уурхайд осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүгээр ч зогсохгүй Төв аймгийн Заамар сумын иргэд хууль бусаар хөрс хуулалтын ажил хийсэн “Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг удаа дараа эсэргүүцэж, иргэний нийгмийн байгууллагууд ч хүч нэмэн дуугаа өргөж байсан. 

Ингэснээр Заамар сумын Засаг дарга захирамж гарган хяналт, шалгалт хийв. Шалгалтаар “Эко Алтан Заамар” ХХК-ийг холбогдох хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн хэмээн үзэж, үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаагаар зогсоож. Гэтэл сумын Засаг дарга олигархи компанийн өмнө "балчирдсан" тул үйл ажиллагаагаа зогсоолгүй, үргэлжлүүлсээр байжээ. Үүний үр дүнд дээр дурдсан харамсалтай осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн юм. Энэхүү хэрэг тухайн үедээ хэсэгтээ шуугисан ч монголчуудын "уужуу ухаан"-д мартагдаад өнгөрлөө. Харин өчигдөр Ерөнхий сайд дахин сануулж, мартаж болохгүйг салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн. Иймд бид ч мөн адил уг компанитай холбоотой хэргүүдийг эргэн сануулж байна.

2019 оны хоёрдугаар сарын 28. БАРИМТ 1

Энэ өдөр тус уурхайд нуралт үүсч, зургаан хүн дарагдсан бөгөөд онцгой байдлын аврагчид хоёр иргэнийг нурангин доороос эсэн мэнд гарган авсан юм. Харин сураггүй алга болсон дөрвөн хүнийг аврахаар МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажиллаж тэдний цогцсыг гарган авсан. Тэд бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б нар байсан юм. МХЕГ-аас ослын дүгнэлтийг танилцуулахад уурхай нурах гол шалтгаан нь гүний ус зайлуулах асуудлыг уурхайн ТЭЗҮ-д тусгаагүйгээс үүдэлтэй хэмээн үзсэн байна. Анх тус уурхайд геологийн усны судалгаа хийхэд газрын хөрснөөс доош 51 метрийн гүнд ус илэрч байжээ. Гэвч уг усыг зайлуулах асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүйгээс геологийн судалгааны үеэр гарсан усны шүүрэл нуралт үүсгэсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Түүнчлэн тус компанийн удирдлагууд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөөгүй, ТЭЗҮ-ийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Хэрэв уурхайн захирал уг үнэлгээтэй нарийвчлан танилцаж, алдаа, дутагдлаа зассан бол осол гарахгүй байсан гэдгийг МХЕГ-ын улсын байцаагч нар онцолж байсан юм.

БАРИМТ 2

Өнгөрсөн оны Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгээр “Эко алтан Заамар” компанийн MV-007712 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн В-26 блокт үйл ажиллагаа явуулах ямар ч бичиг баримт батлагдаагүй аж. Гэтэл 2018 оны зургадугаар сарын 27-нд хийсэн шалгалтаар “Эко алтан Заамар” ХХК зөвшөөрөлгүйгээр уурхайн ажлыг эхлүүлж, нийт 7.2 га талбайд хөрс хуулсныг тогтоосон аж. Мөн нийт 344 мянган шоо метр газар шорооны ажил хийснийг нь агаарын гэрэл зургаар баталгаажуулжээ.

БАРИМТ 3

Тус компани Их тохойрол нэртэй MV-007712, MV-007713 тусгай зөвшөөрлийн талбайд 2017 онд олборлох үйл ажиллагаа явуулсан байна. Уг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд техникийн нөхөн сэргээлт 20 га, биологийн нөхөн сэргээлт таван га-д хийхээр тусгасан аж. Гэвч үүнээс техникийн нөхөн сэргээлтийг 11.6 га-д хийгээд, биологийн нөхөн сэргээлт огт хийгээгүй нь тогтоогдсон байна. 

Үүгээр ч зогсохгүй 2017 онд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөөгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)-ний тайлан боловсруулж, батлуулсан “Ти Ди Экс транс” ХХК нь Заамар сумын Хайлааст багийн иргэдэд төслийг танилцуулж, багийн ИНХ-ын саналыг тусгаж хавсаргаагүй гэнэ.

image
image

БАРИМТ 4

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хүргүүлсэн албан бичигт “Эко Алтан Заамар” ХХК-ийн MV 007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлуулах шийдвэр гаргасан тухай байв.

Тодорхой хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газар нь хуульд заасны дагуу тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах байтал шийдвэрлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн. Нөхцөл байдлыг тогтоолгүй, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг бүрэн тодорхойлоогүй, сонсох ажиллагаа хийхдээ оролцуулаагүй төдийгүй “зарим бичиг баримт” хэмээн ойлгомжгүй байдлаар хандсан. Зөвхөн “Эко Алтан Заамар” ХХК-ийн тайлбарыг үндэслэл болгож, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг буцаасан байна гэжээ.

Мөн тус компани 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусгасан нөхөн сэргээлтийн ажлын 30 хувийг гүйцэтгэснийг тогтоосон. Түүнчлэн 2016 онд батлагдсан БОНБНҮ-ний тайланд хамрагдаагүй В 26 блок-д 1200 ам метр талбайд 344 889 шоо метр хөрс хуулалтын ажил хийж, уулын ажил эхлүүлснийг агаарын гэрэл зургаар баталсан байна. Үүгээр зогсохгүй хөрс хуулалтын ажлаас үүссэн шүүрлийн усыг Туул гол руу насосоор шавхан зайлуулж, бохирдуулж, байгаль орчинд хохирол учруулсан нь шалгалтаар тогтоогдсон. Энэ бүхэн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болж байгаа тул бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллахыг салбарын яамнаас анхааруулж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)