Экобин машинд хог хаягдлаа тушаагаад мөнгөтэй болох боломжтой

Экобин машинд хуванцар сав, лааз зэрэг дахивар буюу дахин боловсруулдаг хог хаягдлаа тушаагаад, мөнгөтэй болох боломжтой юм.  

Тодруулбал, Монгол залуус “Экокэш RVM” гэх хаягдал хүлээн авах машин нэвтрүүлжээ. Тэд 4G сүлжээнд ажиллах сервер төхөөрөмж хоорондын үүлэн систем, төхөөрөмжийн кодчилол, төлбөрийн системийн програмчлалыг үндэсний компаниудтай хамтран бүтээсэн байна.

Иймд иргэд дахин боловсруулдаг хог хаягдлаа энэхүү машин тушаагаад QR код хэлбэрээр тасалбараа авч, тус тасалбараа Монгол чатын дурангаар уншуулмагц таны виртуал дансанд шимтгэлгүйгээр мөнгө таны дансанд шууд орно.

Суурилуулалтын ажлууд явагдаж Наадам центр, Хивсны Номин агуулах, 1 -р хорооллын Өнөр Номин, 10- р хорооллын Номин, Ривер гарден , Хангарьд ордон, Зүүн 4 замын Номин салбаруудаар одоогийн байдлаар нийт арванхоёр ширхэг Экобин машин байршуулсан байна.

Тус компанийн захирал П.Очирпүрэв хэлэхдээ “Орчны бохирдлыг бууруулах, агаараар тархах болон хөрсөнд нэвчих хог хаягдлын сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор хаягдлыг төлбөртэй хүлээн авагч RVM машиныг урд хөршид захиалгаар хийлгэсэн. Учир нь одоохондоо манай улсад энэхүү машиныг үйлдвэрлэхэд хүндрэл бэрхшээл ихтэй. Эхний ээлжид 12 ширхгийг захиалгаар хийлгэж байршуулаад байна.” гэв.

Байгальд хуванцар бүтээгдэхүүн устаж үгүй болтлоо 400-600 жилийг зарцуулдаг. Дэлхийн улс оронд байгальд хуванцар хог хаяхгүй байхыг уриалж, автобусны карт цэнэглэх, метронд суух эрх зэргээр хог хаягдлыг сольж, урамшуулдаг тогтолцоо бий болсон. Манай улсад ч мөн энэ үйл ажиллагаа биелэлээ олж эхэлжээ.

Мөн технологийн дэвшлийг ашиглан хуванцрыг “мөнгө” болгох үйлчилгээ нь цоо шинэ зүйл биш юм. Баруун европын орнууд, Австрали, АНУ-ын 21 муж, Хятад, Энэтхэг зэргийн 40 гаруй орон ийм машин ашигладаг. Үүнийгээ дэлгүүр, үзвэр үйлчилгээний газар, орон сууцны хороолол, нийтийн тээврийн зогсоол болгонд АТМ шиг суурилуулсан байдаг байна.

Монгол Улс жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал гаргадаг бөгөөд үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг байна. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой. Харин хог түүдэг хүмүүс хуванцрыг цуглуулж, хоёрдогч түүхий эд авах цэгт тушаадаг.

Нийслэлийн хэмжээнд нийт 204 цэг байдаг бөгөөд тэнд ангилан ялгалт хийж, хуванцар дахин боловсруулах үйлдвэр рүү илгээдэг байна. Энэ мэт хогоо ангилдаггүйгээс хуванцар дахин боловсруулах үйл явц удаашралтай явагдаж, гудамж талбайгаар хөглөрдөг гэхэд буруудахгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж буйгаар, Монгол Улс жилд 150-200 сая ширхэг ус, ундаа үйлдвэрлэн, үнийн дүнгийн 10-20 хувийг савлагааны өртөгт шингээдэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)