Эквадорын Ерөнхийлөгч эмх замбараагүй байдлаас болж нийслэл хотоо орхин гарчээ


Эквадорт эмх замбараагүй байдал газар авсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч нийслэл хотоо орхин гарчээ. Нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн энэ сарын 3-аас эхлэн үргэлжилж байгаа аж. Ерөнхийлөгч Ленин Морено дизель түлш болон бензинд олгох татаасыг 10-р сарын 3-наас эхлэн цуцлах захирамжид гарын үсэг зурсаны дараа түлшний үнэ 120 хувиар өссөн юм. Эсэргүүцэгчид төрийн өмчит “Petroamazonas” компанийн хэд хэдэн орд газрыг дайран эзэлсэн тул ажиллагаа нь зогсоход хүрчээ. “Одоогоор газрын тосны олборлолтын үеийн алдагдлын хэмжээ өдөрт 143 мянган торхонд хүрээд байгаагаас гадна ердийн нөхцөлд өдөрт 437 мянган торх газрын тос олборлодог “Petroamazonas” компанийн газрын тосны үйлдвэрлэл өдөрт 188 мянган торхоор буурах төлөвтэй байна” хэмээн Эрчим хүч, сэргээгдэхгүй нөөцийн яам цохон тэмдэглэжээ. Хууль сахиулагчид одоогоор 570 хүнийг тэр дундаа хэд хэдэн үйлдвэрчний эвлэлийн удирдагчдыг саатуулаад байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)