“ЭЗЭН-100”-гаар сонин юутай вэ

Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ тавдугаар сарын 8-нд баталсан. Ингэснээр эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Уг хөтөлбөрийн зорилго нь хямрал руу “гулсаж” буй эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээх 26 арга хэмжээ авах байв. Уг нь эдийн засагт дориун нөлөөлөх зүйлсийг ялган, жагсаалт гаргасан гэж шинжээчид дүгнэж байгаа. Эдгээр арга хэмжээний дийлэнх нь хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төсөл, бодлогын шийдвэрийг УИХ-аар батлуулсны үндсэн дээр хэрэгжих учиртай. Тэгэхээр “ЭЗЭН-100” нь дан ганц Засгийн газрын хүсэл зоригоос хамаарах нигуургүй аж. Тус хөтөлбөр хэрэгжээд 60 хоногийг үджээ. Товлосон хугацааныхаа талыг үдэхдээ эдийн засгийг эрчимжүүлэх хэдэн арга хэмжээ авч дөнгөсөн бол? УИХ 2014 оны Улсын төсвийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг тоймтой хэдэн төслийг батлав. Мөн гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг тааламжтай болгох арга хэмжээг авлаа.

Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар хайгуулын лиценз олгох эрх зүйн орчин бүрдэж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор эдийн засагт 1-1.5 тэрбум ам.доллар орж ирнэ гэж Монголбанк таамаглаж буй. Мөн Газрын тосны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар уламжлалт бус газрын тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлб өрүүдэд томоохон дэмжлэг болох гэнэ. Эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг даруй баталбал эдийн засагт чухал шаардлагатай гэдэгтэй хэн ч маргашгүй. Засгийн газраас олон хууль, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан ч хаврын чуулганаараа хэлэлцэн баталж амжсангүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимж үүлэх хөтөлбөрийн хүрээнд 29 хууль, тогтоомжийн төсөл өргөн барьсан ч есийг нь баталлаа гэж гоморхсон удаатай. УИХ-ын ажил ийн цалгардсан нь сайд нарын “давхар дээл”-ийг тайлна, тайлахгүй, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулна, огцруулахгүй хэмээн хэрэлдэж хугацаа алдсантай нь холбоотой болов уу. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг завсарлуулахдаа наадмын дараа ээлжилт бус чуулган хуралдуулахыг гишүүддээ сануулсан.

Ээлжит бус чуулган хуралдуулж алдсан цагаа нөхөж, “ЭЗЭН-100”-гийн арга хэмжээн үүдийг батлах бололтой. Тус хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар татварын ачааллыг бууруулах, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох чиглэлтэй Татварын багц хууль, далд эдийн засгийг бууруулах, татварын баазыг өргөтгөх зорилгоор боловсруулсан Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өмчлөх эрхийн тухай хууль, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхацсан хяналт шалгалтыг хийхг үй байх Хяналтын тухай хууль, Хөдл өх болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Мөн Олон улсын зах зээлээс татсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах, улсын өрийг зохистой байлгах Өрийн удирдлагын тухай хууль, бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Эдгээр хуулийг баталснаар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн арга хэмжээнүүдийн тэн хагас нь албажих юм. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг 2014-2016 онд хувьчлах, тэдгээрийн удирдлагыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөсөн барьсан.

Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх тогтоолын төслийг өргөн барьсан ч буцаан татсан. Энэ тогтоолын төсөлд урд хөрш рүү долоон чиглэлээр нарийн царигтай төмөр зам тавина гэж тусгасан нь улстөрчдийн хооронд хэрүүл үүсгэсэн билээ. Өмнөд хөрш рүү тавих төмөр замын гурав нь нарийн, дөрөв нь өргөн царигтай байхаар тогтоолын төсөл бэлтгэн дахин өргөн барих сурагтай. Өргөн барьж, хэлэлцүүлэхэд бэлэн болсон арга хэмжээнүүд ийм. Тэгвэл нэлээд хэдэн арга хэмжээ боловсруулах шатандаа явж байна. Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тус сангийн анхны хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас гаргахаар боллоо. Сан хараахан байгуулагдаагүй байна. Түүнчлэн Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, бие даасан байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг оновчтой болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэнэ. Мөн Төрийн өмчийн хороог сан болгож, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилж харилцдаг болгохоор Сингапурын “Темасек холдинг” компанийн туршлагыг судалж, хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Тавантолгойн ордоос олборлож буй нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах, орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулахаа Засгийн газар зарласан. Гэхдээ хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ эхлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр үүнийг чанд нууцалж буй гэнэ. Үүнтэй адил бодлого боловсруулж, яриа хэлэлцээ эхлүүлсэн эсэх нь тодорхойгүй хэдэн арга хэмжээ “ЭЗЭН-100”-д бий. Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт- Шивээхүрэнгийн төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барих яриа хэлэлцээ, шалгаруулалт эхэлсэн эсэх нь бүрхэг байгаа. Төсвийн ил тод байдлыг хангах, татвар төлөгч, төрийн бус байгууллагаас хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. Энэ талаар авч хэрэгжүүлсэн ажил дуулдсангүй. Мөн үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийг дэмжихээр зээл, зээлийн даатгалд хамруулах, гадаад, дотоодоос хөрөнгө босгоход нь дэмжих ажил бас л сонстохгүй байгаа. Эдгээрээс гадна хөтөлбөрийн хугацаанд багтаж хэрэгжих, хэрэгжихгүй нь эргэлзээтэй дөрвөн арга хэмжээ бий. Үүний нэг нь эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлөх юм. Эрчим хүчний үнэ тариф хямд байгаагаас шалтгаалан тус салбар өрийн сүлжээнд орж, доройтож байгаа нь үнэн. Гэхдээ 100 хоногт багтаад эрчим хүчний үнийг огцом “үсэргээд” чөлөөлчихнө гэж үү. Хөтөлбөрийн хугацаанд багтаж “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж чадахгүй нь тодорхой болсон.

Ирэх есдүгээр сарын 1-нээс ажил эхлэх төлөвтэй байгаа. ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох ажил амжихгүй нь тодорхой. Энэ бол бид ганцаараа мэрийгээд ч шийдэж чадахгүй өргөн хүрээтэй зорилт. 100 хоногт багтаан санал тавиад анхны яриа хэлэлцээг эхлүүлж чадвал тэнгэрийн умдаг атгасантай адил. Бас нэг ажил нь аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор казино байгуулах гэнэ. Энэ зорилт хэрэгжих эсэх нь маргаантай. УИХ-аас гадна нийгмийг хамарсан томоохон хэлэлцүүлэг өрнүүлж байж байгуулах эсэхийг шийдвэрлэх болов уу. “ЭЗЭН-100” хөтөлбөрөөр иймэрхүү сонинтой. Энэ хөтөлбөрийн хүрээнд цөөн арга хэмжээ авч, эхлэл төдий л байна. УИХ-ын ээлжит бус чуулган энэ хөтөлбөрийг нэлээд урагшлуулах бололтой. “ЭЗЭН-100”-г хэрэгжүүлэхэд УИХ-ын хийх ажил Засгийн газрынхаас ч илүү чухал юм байна. Дээрх арга хэмжээнүүдийг авсны дараа эдийн засаг эрчимжих эсэхийг нь тааварлашгүй.


 Т.ЭНХБАТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)