ЭЗБХ: Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам барих асуудлыг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн мэдээллийг сонсох ёстой байсан ч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Мэдээллийг сонсохоос өмнө зарим материалтай танилцах шаардлагатай” хэмээгээд уг асуудлыг хойшлуулах горимын санал гаргав. Үүнийг хуралдаанд оролцсон 14 гишүүний 71.4 хувь нь дэмжсэн учир уг асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасаж, дөрвөн асуудал хэлэлцлээ.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай 2014 оны аравдугаар сарын 24-ний 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төсөл батлагдвал Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж, Нарийн сухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн, экспортлох шинэ гарц нээснээр нүүрсний зах зээлийг тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж санаачлагчид нь танилцуулсан. Мөн тээврийн өртөг 2-4 дахин буурахын зэрэгцээ хүрээлэн буй орчин, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжрах зэрэг олон талын ач холбогдолтойг танилцуулгад дурдаж байлаа.

Тавантолгой-Гашуунсухайтаас баруун тийш уурхайн зориулалттай 46.2 км төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд тус ордод олборлолт хийж буй зургаан компани хамтран бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм байна. Холбогдох шийдвэр гарсан тохиолдолд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой гэв.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлж, санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой шийдвэр гаргах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргав. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог нэмэгдүүлэх, тодорхой болгох, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын түншлэлийг хангах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх харилцаанд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой тус хуулийн төслөөр нийтийн сонсгол зохион байгуулах саналыг мөн Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжих, эсэхээр санал хураахад гишүүдийн 61.5 хувь нь дэмжив.

Хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

“ТОСК Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч, чанаргүй зээлийн дийлэнх нь эднийх”

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох болон байнгын хорооны даргыг сонгох тухай, мөн Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайланг хэлэлцэв. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн ажиллах хугацаа дуусгавар болсон бөгөөд байнгын хорооны гишүүдийн олонх түүнийг улираан томилохыг дэмжсэн. Дараа нь Монгол Улсын ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. АТГ-аас түүнийг хөнгөлөлттэй зээл авсан асуудлыг мөрдөн шалгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн байна. Түүнчлэн Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчих нөхцөл байдал бий болоод байгаа талаар Үндэсний аудитын газраас мөн албан бичиг ирүүлсэн тул түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх, үүнтэй холбогдуулан Д.Занданбатыг Монгол Улсын ерөнхий аудитороор томилуулах санал гаргаж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжлээ.

Төгсгөлд нь Үндэсний аудитын газраас ирүүлсэн Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайланг хэлэлцэв. Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш найман жил өнгөрч, хууль, журамд өөрчлөлт орсон хэдий ч банкны зээл олгох үйл ажиллагаа нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдаагүй, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй гэж үзжээ. Банкны охин компани, захиргааны нэгжийн орон тоо банкны үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй, банкны үндсэн үйл ажиллагаа хумигдсан ч орон тоо буураагүй, боловсон хүчинтэй холбоотой зардал сүүлийн таван жилд дунджаар 50.6 хувиар өссөн байна. Худалдан авах ажиллагаанд мөрдөж буй журам нь худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, сонгон шалгаруулалтын үйл явцыг бүрэн зохицуулаагүй, худалдан авах ажиллагаанд арвилан хэмнэлттэй байх зарчим бүрэн хэрэгжээгүй, зөвхөн ажлын байр худалдан авахад 10.2 тэрбум орчим төгрөг хэмнэх боломжийг алдагдуулсан гэж дүгнэжээ.

Хөгжлийн банк нь бэлтгэл ажлыг бүрэн хангахгүйгээр 2012-2017 онд нийт 2.254.7 тэрбум төгрөг, 30 тэрбум иен, 1.502.2 сая ам.доллар, 33 сая еврог тус тус татан төвлөрүүлсэн бөгөөд 2012 онд мөнгөн хөрөнгийн удирдлага хангалтгүйгээс төсөл санхүүжүүлэх, орлого олох боломжийг алдсан байна.

“Самурай” бондын 30 тэрбум иений хөрөнгийг санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр бусад валютад шилжүүлснээс 2014-2017 онд 102.1 тэрбум төгрөгийн ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээсэн. Монголбанкны бодлогын хүүгийн түвшнээс бага хүүтэй байршуулсан, мөнгөн хадгаламжийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татсан зэргээс их хэмжээний орлого олох боломжийг алджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад валютын албан нөөц огцом буурч, төлбөрийн тэнцлийн алдагдалтай байх үед Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан улсын төсвөөс гадуур их хэмжээний санхүүжилт олгож, төсвийн иж бүрэн байх зарчмыг алдагдуулж байжээ.

Тус банкнаас 2012-2016 онд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 348 төсөлд 1.456.5 тэрбум төгрөгийн зээл олгосноос 39.1 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларын зээл Хөгжлийн банкны зорилго, зорилттой нийцэхгүй, 36 төсөл хугацаандаа хэрэгжээгүйгээс үр дүн гараагүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэсэн байна гэж дүгнэжээ. Арилжааны банкаар дамжуулан 11 хөтөлбөр, 1625 төсөлд 1.165.1 тэрбум төгрөгийн зээл олгосноос МУХБ-ны 2011 оны хуулиар тодорхойлогдсон зорилго, зорилтод бүрэн нийцээгүй 1.046.1 тэрбум төгрөгийн 1068 төслийг санхүүжүүлсэн байна.

Хөгжлийн банкны төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 75 төсөлд 2.544.6 тэрбум төгрөгийн зээл олгосноос 28 төслийн 569.7 тэрбум төгрөгийн зээл хугацаандаа төлөгдөөгүй, авсан зээлээ төлөхөөс зайлсхийх байдал нийтлэг ажиглагдаж байгаа нь зээлийн судалгаа, эрсдэлийн үнэлгээг хангалтгүй хийж, зээлийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2017 онд 7.6, 2018 оны жилийн эцсийн байдлаар 8.5 хувьд хүрсэн байна.

Засгийн газраас эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэх бодлогын шийдвэрүүд удаа дараа өөрчлөгдөж, тогтворгүй байсан нь Хөгжлийн банкны санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиг хангалтгүй байх, зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийг бий болгож, банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж. Зээлийн үйл ажиллагаанд мөрдөж буй журмуудын зохицуулалт хангалтгүй, арилжааны банкаар дамжуулан олгосон зарим зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэжээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, баяр сууриа илэрхийллээ.

Чанаргүй зээл өссөн асуудлаарх УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн асуултад Хөгжлийн банкны зүгээс “ТОСК бол өнөөгийн байдлаар Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч. Чанаргүй зээлийн дийлэнх хэсэг энэ компанид байдаг. “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” зэрэг дөрвөн том төслийн эргэн төлөлтийг улсын төсвөөс хийхээр Засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл эдгээр төслийн зээлийн эргэн төлөлт хүндэрсэн. “Буянт-Ухаа 2” төслийг эхлүүлээд, нэмэлт санхүүжилт хийж чадахгүй гацсан байхад нь Хөгжлийн банк чанаргүй зээлдээ суутгаж аваад, санхүүжүүлж, дуусгасан. Энэ оны хоёрдугаар улиралд эдийн засгийн эргэлтэд оруулна” гэсэн хариу өгөв.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Хөгжлийн банкны захирал томилогдсоноос хойших гурван жилийн хугацаанд боломжийн хэмжээнд ажилласан нь гүйцэтгэлийн тайлангаас харагдаж байна. 2012-2017 онд хийсэн аудитын олон удаагийн шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг арилгах талаар хийсэн ажлаа танилцуулаач” хэмээхэд Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр “Хөгжлийн банканд Үндэсний аудитын газрын шалгалтаас гадна Монголбанк сар бүр шалгалт хийдэг. Төвбанкны тавьсан шаардлагыг хангаад ажиллаж байгаа. Жил бүр санхүүгийн тайлангаа олон улсын хөндлөнгийн аудитаар шалгуулдаг. Үүгээр санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргаж байна, зөрчилгүй гэсэн дүгнэлт гардаг. 2016 онд Засгийн газраас хийсэн шалгалтаар Хөгжлийн банканд 98 төрлийн зөрчил байна гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг 2019 оны гуравдугаар сард 84 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн. Засгийн газар, Монголбанк, Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийг бид цаг тухайд нь бүрэн биелүүлэхийг хичээж ажилладаг” гэж хариулав.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг ялгаж ойлгох ёстой. Энд яригдаж буй зээл, бондтой холбоотой асуудал бол 2016 оноос өмнөх зүйл. Тэр үед нэлээд зөрчил, алдаа гарсан, өр шир үүссэн. Намайг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад Хөгжлийн банкны өрийг яаж дарах вэ гэж их ярьдаг байлаа. Тэр үетэй харьцуулбал ажил нь сайн явж байгаа. Цаашид Хөгжлийн банкны тухай ярихдаа 2016 оноос өмнөх болон хойших гэж ялгаж салгах хэрэгтэй юм байна” гэсэн санал хэлэв.

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)