ЭЕШ авах анги, танхимын 56.7 хувьд нь камер суурилуулаагүй байна

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) зохион байгуулах бэлтгэл ажлыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дагуу хийж буй, эсэхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгажээ. Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны ЭЕШ-ыг 43 байршилд зохион байгуулж, 11 101 шалгуулагч хамрагдах юм. Эхний ээлжид 34 байршлыг шалгасан бөгөөд сурагчид 55 хаалгаар орж, 49-өөр нь гарах аж. Хэрэв коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөө 57-г бэлтгэжээ. Дээрх байршлаас дөрөвт нь зураглал хийж байршуулаагүй, тавд нь санамж, зөвлөмжийг зохих газруудад байрлуулаагүй, хоёрт нь гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, 13-т нь гар халдваргүйжүүлэх уусмал бэлдээгүй байжээ. Мөн ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор хоёр байрыг хангаагүй байсан гэнэ. Нийт 805 анги, танхимд шалгалт авахаас 457 буюу 56.7 хувьд нь хяналтын камер суурилуулаагүй аж.