“Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, зээлийн хүүг бууруулна”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа нар оролцсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Б.Баттөмөр гишүүн “Банкууд хоорондоо хадгаламжийн хүүгээрээ өрсөлддөг болсон. Хадгаламжийн хүү хэт өндөр байгаа нь зээлийн хүү өсөх шалтгаан болдог. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ” гэж асуусан бол Ц.Гарамжав гишүүн “Эрх баригч нам солигдоход Монголбанкны удирдлага өөрчлөгддөг нь буруу. Ингэлээ гээд ямар ахиц гардаг юм бэ. Цаашид ямар бодлого баримтлах вэ” гэдгийг холбогдох албан тушаалтнаас тодруулав.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Зээлийн хүү өндөр байгаа гол шалтгаан нь хуримтлалын төвлөрөл, хадгаламжийн хүүгийн хэт өсөлтөөс хамааралтай. Банкууд өөрийн үйл ажиллагаанд нь учирч болзошгүй эрсдэлийг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээр тооцдог. Өнгөрсөн долдугаар сард уг шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлээд мөрдөж байгаа. Мөн арилжааны банкуудын санхүүгийн эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалт тавьж эхэлсэн. Ингэснээр төвлөрөл саарч, зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ онд эдийн засгийн өсөлтийг бууруулахгүйгээр зээлийн хүүг багасгаж, мөнгөний бодлогыг тогтворжуулахын тулд ажиллаж байгаа. Цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжиж, зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллана” гэв.

Дараа нь Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч төсөл санаачлагч гишүүн нь гадаадад албан томилолттой яваа учраас хойшлуулж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийнхөнд улсын байцаагчийн эрх олговол хуулийн хэрэгжилт нь сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх боломж бүрдэнэ гэдгийг Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдлаа.

Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц ажиллагаа юм. Гэтэл хот суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг хангалттай сайн цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, орчныг бохирдуулан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй гэнэ. Тухайлбал, улсын хэмжээнд бохир ус цэвэрлэх 130 гаруй байгууламж байгаагаас хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажилладаггүй нь 47 байна. Цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй шоо метр бохир ус байгальд шууд хаягдаж буй аж. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид хуримтлагддаг бохир усны багагүй хэсгийнх нь төлбөр тооцоог хариуцах эзэн байхгүй нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулдгийг төсөл санаачлагч онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)