Эдийн засгаа “хамгаалах” актив удирдлага

Актив удирдлагын тухай хууль батлуулахаар Монголбанкнаас 2015 оноос хойш төсөл боловсруулж байна. Хэд хэдэн ажлын хэсэг солигдож, дөрвөн жил хэлэлцэн боловсруулж буй хуулийн төслийг хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн мэдүүлэх нь. Уг хуулийг баталснаар актив удирдлагын компани байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Актив удирдлагын компани ямар онцлогтой үйл ажиллагаа явуулах вэ.

Актив гэдэг нь хөрөнгө гэсэн үг. Хөрөнгийн удирдлага гэж орчуулж болох юм. Тэгэхээр ийм компани хөрөнгө оруулалтын сан шиг тодорхой мөнгө удирдаж ажиллана гэвэл эндүүрэл болно. Энэ компанийн үйл ажиллагаа арилжааны банкуудаас хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийг нь худалдаж авах, цаашлаад хариуцагчаар нь зээлийг төлүүлэхэд чиглэнэ. Мэдээж өрийг барьцаатай нь худалдаж авах юм.

Банкууд зээлээ төлөөгүй харилцагчийн барьцаа хөрөнгийг дур мэдэн худалдах эрхгүй. Энэ бол зөвхөн шүүхээс зөвшөөрсөн тохиолдолд хийж болох үйлдэл. Иймээс банк, харилцагч хоёр цаад тал нь гурван жил үргэлжлэх маргаан шүүхээр өрнүүлдэг. Актив удирдлагын компани байгуулснаар банкууд чанаргүй зээлээ үүнд худалдаад, харилцагчтай маргалдах шаардлагагүй болно. Харин хамаг эрсдэлийг актив удирдлагын компани үүрнэ гэсэн үг. Энгийнээр зүйрлэвэл, өр барагдуулах алба шиг ажиллах учиртай.

Актив удирлагын тухай хуулийн төсөл боловсруулах 2017 онд байгуулсан ажлын хэсгийнхэн төлүүлж чадахгүй байгаа авлагыг нь банкнаас актив удирдлагын компани 26 хувиар хямдруулж худалдаж авна гэсэн заалт тусгасан байв. Банк зээлсэн 100 сая төгрөгөө төлүүлж чадахгүй байвал актив удирдлагын компани 84 саяыг төлөөд худалдаж авах боломж бүрдүүлнэ гэсэн үг. Компани харилцагчаар 100 саяын зээлийг нь нэг төгрөг ч дутаахгүйгээр төлүүлэх учиртай. Ингэж актив удирдлагын компани 26 хувийн ашиг олох юм. Гэхдээ хуулийн төсөл боловсруулахаар саяхан шинээр байгуулсан ажлын хэсэг банкны авлагыг худалдаж авах “хямдрал”-ыг хэдэн хувиар тогтоосон нь одоогоор тодорхойгүй байна. Эцэслэн тогтоод, өргөн мэдүүлээгүй хуулийн төслийг нийтэд зарлахаас тэд татгалзлаа.

Актив удирдлагын тухай хуулийн төслийг анх боловсруулж эхлэхэд компани нь төрийн мэдлийнх байх саналыг Төвбанкнаас гаргасан юм. Гэвч банкууд бүх муу зээлээ төрд шахах гэж байна гэсэн хардлага дагуулсан. Тиймээс хуулийн төсөлд актив удирдлагын компани хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт давамгайлсан, төрийн өмчийн оролцоотой байна гэж тусгажээ. Багагүй хэмжээний мөнгө төвлөрүүлж чадсан хөрөнгө оруулагч актив удирдлагын компани байгуулах боломжтой байгаа биз. Ийм компани зөвхөн санхүүгийн харилцаанд оролцоно. Тэгэхээр санхүүгийн чадамж, чадварлаг мэргэжилтэн байх гэх мэт тусгай нөхцөлийг хангах шаардлага ч үүсэж мэдэх юм.

Актив удирдлагын компанийн үйл ажиллагаа явуулах хүрээ хугацаа хэтэрсэн, чанаргүй өр авлагаар хязгаарлагдана. Тэгэхээр актив удирдлагын компаниуд хэдий хэмжээний зах зээлд ажиллах боломж байгааг сонирхъё. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, банкуудын хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 926.8 тэрбум төгрөг болов. Энэ нь өмнөх сарынхаас 92.2 тэрбум буюу 11, өмнөх оны мөн үеийнхээс 66.2 тэрбум төгрөг буюу 6.7 хувиар буурсан үзүүлэлт. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 5.4 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 56.4 тэрбум буюу 3.2, өмнөх оны мөн үеийнхээс 578.2 тэрбум төгрөг буюу 45.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзлэв.

Статистик мэдээллээс тооцоход, банкуудын зээлсэн 2.7 их наяд төгрөг асуудалд оржээ. Энэ бол чамгүй ашиг олж болох зах зээл. Банкуудын авлагыг худалдаж авах “хямдрал”-ыг 26 хувиар баталлаа гэж бодъё. Актив удирдлагын компани банкуудын нийт муу зээлийг 2.2 их наяд төгрөгөөр худалдаж авах боломжтой. Ингээд эргүүлэн төлүүлсний дараа 500 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах нь ээ.

Хэдэн төгрөгийн ашиг хүртээхийн тулд тусгай хууль батлуулан актив удирдлагын компани байгуулах нь манай санхүүгийн салбарынхны гол зорилго биш. Эдийн засгаа тогтвортой байлгахын тулд ийм хууль батлах гэж буй. Ингэхийн тулд санхүүгийн системээ доголдолгүй байлгах шаардлагатай. Банкуудын чанаргүй зээл нэмэгдэх нь санхүүгийн систем, цаашлаад эдийн засагтаа эрсдэлтэй. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх нь эдийн засгийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

Банкны зээл олгох эх үүсвэрийг бууруулна. Аж ахуйн нэгж, иргэд банкнаас мөнгө зээлэхэд учрах хүндрэл нь хэрэглээ хумигдах, хөрөнгө оруулалтыг багасгаж, эдийн засгийн хямралаас гарах хугацааг удаашруулдаг. Мөн экспортлогчдод санхүүжилт авахад хүндээр тусах нь гадаад худалдаанд сөргөөр нөлөөлдөг байна. Түүнчлэн банкийг хямрааж болзошгүй. Чанаргүй зээл нэмэгдсэнээр банкны санхүүгийн тайлан муудаж, алдагдал хүлээхэд хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж эхэлдэг.

Тэгвэл актив удирдлагын компани байгуулан банкуудын чанаргүй зээлийг худалдан авснаар эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?

Зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэлтэд дэмжлэг болно. Мөнгө бол эдийн засгийн цус. Бодит эдийн засагт хэдий чинээ их санхүүжилт орно, төдий чинээ өсөлт гарна. Түүнчлэн санхүүгийн систем дэх зээлийн эргэн төлөлтийн явц хурдсахаас гадна банкны зохистой харьцааны үзүүлэлтүүд муудаж, төлбөрийн чадварын хүндрэлд орохоос сэргийлэх юм. Актив удирдлагын компани байгуулснаар улсын төсөвт ирээдүйд учирч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулна. Чанаргүй зээл нэмэгдэж банк хямарвал улсын төсөвт ачаа болдог. “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банк дампуурахад Засгийн газар бонд гаргаж, сайн активыг хамгаалж үлдсэн бэлэн жишээ бий.

Дахин дурдахад, Монгол Улсын эдийн засаг санхүүгийн зах зээлээс хамаарч байгаа. Тиймээс банкны системээ хямралгүй, тогтвортой байлгах нь эдийн засгаа хамгаалах нэгэн том алхам юм. Ийм учраас Актив удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа хэрэг. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш санхүүгийн зах зээлийн тогтолцоо улам боловсронгуй болж, хөгжсөөр байна. Бас нэгэн дэвшил нь актив удирдлагын компани байгуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)