Эдийн засаг 8.6 хувиар өсжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нэгдүгээр улирлын болон оны эхний дөрвөн сарын тайланг Үндэсний статистикийн хороо өчигдөр танилцууллаа. Энэ үеэр дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс 8.6 хувиар өссөнийг дурдав. Уг өсөлтөд нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20, алтных 35 хувиаар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн зэсийн олборлолт, зэс дэх алтны агууламж өссөн нь дэм болсон байна. Ийнхүү ашигт малтмалын олборлолт, экспортын хэмжээ нэмэгдсэнээр ачаа тээвэр, холбоо, үйлчилгээ, жижиглэн борлуулалын салбарт ч эерэг нөлөө үзүүлсэн аж. Үүний зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний орлого 2018 оны мөн үетэй харьцуулахад 10.9 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийн нэг нөхцөл болсныг Үндэсний статистикийн хорооны статистикч Ю.Батзоригт тэмдэглэв.

Инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сарынхаас нэг, оны эцсээс 2.8, өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар нэмэгджээ. Үүнд мах, махан бүтээгдэхүүний үнэ 20.4, эм, хийн болон бусад түлшний үнэ 9.6, эмнэлгийн үйлчилгээний хөлс 9.5 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлжээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэг жилийн дотор 1.6 тэрбум төгрөгөөр өсөн, банкны салбар дахь нийт зээлийн 5.6 хувьд хүрчээ. Чанаргүй зээлийн хэмжээ ч өссөн ба дөрөвдүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 4.3, өнгөрсөн оны мөн үеэс 61.2 хувиар нэмэгдсэн дүн аж. Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн 20 хувийг иргэд, 80-ыг нь аж ахуйн нэгж бүрдүүлж буй бол чанаргүй зээлд эзлэх иргэдийн хувь 15, аж ахуйн нэгжийнх 85 байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)