Эдийн засаг 7.3 хувиар өсжээ

эдийн засгийн өсөлт

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 8.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 590.5 тэрбум төгрөгөөр буюу 7.3 хувиар өсжээ. Уг өсөлтөд уул уурхайн олборлолтын салбарын нэмүү өртөг 13, аж үйлдвэр, барилгын салбарынх 9.3, үйлчилгээний салбарынх 7.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. 

Мөн оны эхний долоон сард гадаад худалдааны бараа эргэлт 8.1 тэрбум ам.долларт хүрснээс экспортод 4.6, импортод 3.5 тэрбум нь ногдсон байна. Энэ нь нэг жилийн хугацаанд экспорт 454.8 сая “ногоон” буюу 11, импорт 241.6 сая буюу 7.4 хувиар нэмэгдсэн дүн гэнэ. Ингэснээр тайлант хугацаанд гадаад худалдааны тэнцэл 19.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Түүнчлэн төлбөрийн тэнцэл өмнөх оны мөн үеийнхээс 627.9 сая ам.доллароор өссөнөөс ашгийнх нь хэмжээ 456 сая “ногоон”-нд хүрсэн дүн болжээ. 

Харин инфляц долдугаар сард өмнөх сарынхаас нэг хувиар буурсан ч энэ оны эхнээс 4.8, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7.4 хувиар өссөн аж. 7.4 хувийн инфляцад мах, махан бүтээгдэхүүний үнэ 29.2, хувцас, бөс бараа, гутлынх 9.7, бүх төрлийн түлшний үнэ 9.1 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлжээ. Үүнээс гадна долдугаар сарын эцсийн байдлаар хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 32.9 мянгад хүрсэн байна. Эдгээрийн 22.4 мянга нь бүртгэлтэй, ажилгүй иргэн бол 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж буйгаа илэрхийлжээ. Энэ нь нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэг жилийн хугацаанд 106, нэг сарын дотор 631 хүнээр буурсан дүн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)