Эдийн засаг 6.4 хувиар өсжээ


Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг өчигдөр мэдээллээ. ДНБ оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна. 

Өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг долоо, бүтээгдэхүүний цэвэр татвар 22.9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.3, оны эхнээс 5.6, өнгөрсөн сарынхаас нэг хувиар нэмэгджээ. 

Өнгөрсөн оны мөн үе болон 2018 оны нэгдүгээр сартай харьцуулсан өсөлтийн дийлэнх хувийг согтууруулах ундаа, тамхи, мах, цахилгаан, ус, түлшний үнийн өсөлт бүрдүүлжээ. Мөн инфляцын түвшин өмнөх сарынхаас 1.2 орчим хувиар нэмэгдсэний 40 хувь нь шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн тайлант хугацаанд манай улсын экспорт 755.9 сая, импорт 1.4 тэрбум ам.доллароор буюу нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 2.1 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Экспортын өсөлтөд эрдэс баялаг нэг тэрбум, нэхмэл бүтээгдэхүүн 75 сая ам.доллароор нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)