Эгчийн нөмөр

Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй.

Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газар энхийг сахиулж буй ахлагч офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ.

2017.04.18-ны мягмар гариг. Манай сурвалжилгын гол баатар буюу Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн гэр бүлийнхэн аавыгаа Афганистаныг зорьсноос хойших энэ 11 хоногт ямархуу сонин хачинтай байгаа бол... Энэ хооронд дунд охин М.Номин-Эрдэнэ нь эмнэлэгт дахин хэвтэж, ээж нь сахих шаардлагатай болжээ.

Тиймээс М.Анхцэцэг том эгчийн хувиар хоёр дүүгээ харж хандах, хичээл сургуульд нь зөөх, мөн эмнэлэг рүү цай хоол дөхүүлэхийн зэрэгцээ бэлтгэл сургуулилалтаа хийх гээд нөр их ажилд дарагдаад байгаа аж.

Тайландын Бангкок хотноо саяхан болж өнгөрсөн өсвөрийн ДАШТ-д тэрбээр Ц.Хосбаяр багшийнхаа хамт явж, олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн билээ. Сүүлийн сар гаруй хугацаанд хагас дутуу нойртой явсан тэрбээр өөрийгөө “Зомби шиг болоод байгаа” хэмээн хошигноод авсан.

М.Анхцэцэг бол Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд цоо шинэ зам мөр гарган, тив, дэлхий, олимпын дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж буй хүчирхэг туйванч учраас энэ зэргийн “ачааг” хүнд гэж халшрахгүй нь мэдээж.

19.20 цагт түүнийг Спортын төв ордноос дүү нараа аваад Нисэх рүү харихад нь бид хамт явлаа. Эгчийгээ дуурайж хоёр эмэгтэй дүү нь, мөн авга эгчийнх нь охин хүртэл төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуульд орж, хүндийг өргөлтөөр хичээллэн чамгүй амжилттай яваа юм билээ.

М.Номин-Эрдэнэ, М.Оюу-Эрдэнэ, О.Төгс-Эрдэнэ нар үдээс өмнө бэлтгэлээ хийгээд, орой хичээл нь тарах үеэр Анхаагийн сургуулилалт ч дуусдаг тул бүгдээрээ гэр рүүгээ явцгаадаг маршруттай аж. Харин ойрд бага дүү М.Эрдэнэбатыгаа эмээгийнхээсээ очиж авах гэсэн нэг чиглэл нэмэгдээд буй.

ХҮЛЭЭХИЙН “ЗОВЛОНТОЙ” ХҮҮХЭД, ХӨГШИН ХОЁР

Улаанбаатарын замын түгжрэл дунд гэлдэрсээр Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд бид бүрэнхийгээр очлоо. Хаалгаа цэлийтэл дэлгэсэн хашааны үүдээр машин оронгуут цонхон дээр хэн нэгэн гүйж ирснээ нааш цааш дэвхцэн харайх нь М.Эрдэнэбат аж. “Аниа, тэр дууны нэрийг юу гэдэг билээ”, “Аниа, утас, чихэвчээ өгч байгаач” хэмээн ар араас нь угсруулан аниа нартаа эрхлэх есөн настай жаал тэднийгээ ирэхийг хүлээн, тэвчээр алдсан нь илт.

-Өнөөдөр юу хийж өнжив?

-Хичээлээ хийгээд л...

-Өдөржингөө хичээл хийгээд суух хүн чи мөн бил үү?

-Мөн ш дээ.

-Хэний гэрийн даалгавраас болж “Өөртэй нь адилхан бичиж өгсөнгүй” гэж аавд бид загнуулдаг байлаа?

-Хэ хэ...

Анхаа дүүтэйгээ ийн тоглоом наргиа хийн ярилцах зуураа “Манай хүн гэрийн даалгавраа өөрөө хийсэн биз” гэхэд авга эгч Ч.Отгончимэг нь тэндээс сандарсан байдалтай “Өөрөө хийсэн, өөрөө хийсэн. Зарим нэг мэдэхгүй юмаа л ээж рүүгээ утасдаж асуусан” хэмээн тайлбарлав. Хүүгийн хичээл өнөөдөр 12 цаг өнгөрөөж тарсан гэнэ.

Эмээгийндээ ирээд хичээлээ хийж, гадаа тоглон, зурагт үзээд ч цаг явж өгөхгүй байсан тул дугуйгаа авахаар дунд нь гэртээ хүртэл очжээ. Ч.Мөнхжанцан дэд хурандаагийнх энэ өвөл ээжийнхээсээ тийм ч холгүй байр түрээсэлж амьдарч байгаа юм.

Хүн хүлээхэд байтугай, энгийн үед ч барагдаж өгдөггүй хаврын урт шар өдрүүдийг туулах гэж хэрэндээ яарч буй ач хүү, эмээ хоёр... М.Эрдэнэбатаас “Аавыгаа санаж байна уу” гэхэд “Гайгүй ээ. Аав л намайг зүүдэлсэн гэсэн” хэмээн хэвлүүхэн хариулах.

Өвөрт нь эрхэлж өссөн болохоор эмээгийн үнэр шиг дотно зүйл ховор

Харин Д.Долгорсүрэн гуай “Энэ дөрөвдүгээр сар чинь бүр явахаа байчихлаа шүү. Мөнхөөг байхад өдөр хоног хурдан өнгөрөөд байсан юм. Ямар сайндаа миний нүд хуанлигаа буруу зөрүү хараад байгаа юм болов уу гээд заримдаа хүүхдүүдээс лавлаж асуух юм” хэмээсээр биднийг угтсан. Афганистанд энхийг сахиулж буй хүүтэйгээ энэ хугацаанд ганцхан удаа холбоо барьсандаа тэрбээр чамлангуй байгаа бололтой. Үрээ хүлээсэн эхийн сэтгэлд 11 хоног ч 11 жил мэт урт санагддаг байх нь...

Авга эгч нь өтгөн шаргал цай чанаж, хуушуур хайрчихаад тэднийг хүлээж байсан юм. М.Анхцэцэг маргааш өглөө нь 06.00 цагт цугларалттай тул “Эртхэн харьж, жаахан юм угаачихаад унтах хэрэгтэй байна. Эндээ хоол унд сайн идэж, уугаарай” хэмээсэн том эгчийн үгийг дүү нар ёсчлон биелүүлээд, гарахад бэлэн болов.

Энэ үед эмээ нь “Маргааш өглөө ээж, дүү хоёрт нь эндээс хоол, цай дөхүүлж өгөх байх шүү” гэхэд Анхаа маргаашийн хоол, цайг нь өөр хүн аваачиж өгөхөөр хэдийнэ зохицуулснаа дуулгасан.

М.АНХЦЭЦЭГИЙН ГАРНЫ БЭРТЭЛ БҮРЭН ЭДГЭРЧЭЭ

22.10 цагт бид байрных нь гадаа ирсэн боловч машины зогсоол олдохгүй нэлээд удаж орхилоо. Сүүлдээ манай зурагчин хүртэл тус нэмэр оруулж байж бүгдээрээ лут ажил бүтээв. М.Эрдэнэбат гэртээ оруут буйдан дээрээ тухлан, “Хүчирхэг Ренжэрүүд” киногоо ухраан үзэж, М.Оюу-Эрдэнэ авга эгчийнхээ охинтой хамт гэрийн даалгавраа хийж эхэллээ.

Харин том эгч хэлсэн ёсоороо юм угаахаар зэхэж “Ээгий, чиний хичээлийн хувцаснууд цэвэрхэн биз”, “Оюука, бэлтгэлийн хувцас чинь хаана байна вэ” гэхчилэн шкаф, шүүгээ онгичих зуур нь түүнтэй цөөн хором хөөрөлдөж амжив.

Дөрөвдүгээр сарын 7-ны өглөө Тайландад тэмцээнд тамирчнаа оруулах гээд хүлээж байсан эгзэгтэй мөчид ээж нь түүнтэй холбогдож “Аав нь одоо явах гэж байна” гэсэн мэдээ дуулгажээ. “Тэр үед танхимаас шууд гараад, аав руугаа холбогдтол онгоцондоо суучихсан байсан.

Аавыгаа нэг өдөр явна гэдгийг нь мэдэж байсан ч яг тэр үед би тэсэлгүй уйлчихсан” хэмээн тэрбээр аавыгаа үдэж өгсөн тухай сэтгэгдлээ ярив. Мөн аав, ээж нь хоёулаа цэргийн хүн учраас багаасаа дүү нартайгаа гэртээ “хаягдаж” сурсан тул харьцангуй эрт биеэ даасан тухайгаа ч хуучиллаа.

Өнөөдөр М.Анхцэцэгийн хувьд тун баяртай нэгэн үйл явдал тохиожээ. Өнгөрсөн намар Оюутны ДАШТ-д оролцох үеэр бэртсэн гар нь бүрэн эдгэрсэн гэдэг сайхан мэдээг “Мөнгөн гүүр” эмнэлгийнхнээс тэрбээр сонссон аж. Зардал мөнгөгүйн улмаас тэмцээнд дасгалжуулагчгүй ганцаараа оролцсон ч хоёр дахь захиалгаараа л дэлхийн аварга болох болзлоо хангасан түүнийг сүүлчийн оролдлого дээр гараа гэмтээснийг манай уншигчид санаж буй биз ээ.

Риогийн олимпод шагналт VIII байрт шалгарсан тамирчин бүсгүйг тус эмнэлгийнхэн 2020 оны Токиогийн зуны олимп хүртэл үнэгүй эмчилгээ, оношилгоо хийлгэх эрхээр шагнажээ. Тамирчин хүнийг бэртэл гэмтэл байнга отож байдаг учраас үүн шиг томоохон дэмжлэг ховор биз. Тиймээс өнгөрсөн зургаан сарын хугацаанд шаардлагатай эмчилгээ, оношилгоо хийж, бүрэн эдгэрэхэд нь тус дэм болсон “Мөнгөн гүүр” эмнэлгийнхэнд баярласнаа тэрбээр онцолсон.

Ирэх зургадугаар сараас М.Анхцэцэг тэмцээн уралдаандаа хэвийн оролцож эхэлнэ гэдэг мэдээг хилийн чанадад суугаа аавд нь болон нийт монголчууддаа сонсгоход таатай байна.

Хүндийг өргөлт гэдэг спортын амаргүй төрлөөр монгол бүсгүй Риогийн олимпод эх орныхоо нэрийг дуурсгасны хариуд ирсэн хоёр шагналын нэг нь энэ бол нөгөөг нь “River club”- ийн хамт олон өгчээ. Тэд Анхааг багштай нь, гэр бүлийнхэнтэй нь хамт фитнесс, бассейн, саун, бүжиг, йогоор хичээллэх дөрвөн жилийн эрх бэлэглэсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)