Эверестийн хойд баазыг түр хаалаа

Хятад улс Эверестийн хойд баазыг жуулчдад тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ. Харин авирах зөвшөөрөл авсан уулчдад далайн түвшнээс дээш 5150 метрийн өндөрт, Төвөдийн нутаг дэвсгэрт орших уг бааз нээлттэй аж. Тус баазын ойролцоо их хэмжээний хог хуримтлагдсаныг зайлуулах шаардлагын улмаас Хятадын эрх баригчид ийм арга хэмжээ авсан байна.

Үүнээс хойш жуулчид уг баазын доор, 4980 метрийн өндөрт орших Ронгбук хийд хүртэл авирч болох гэнэ. Ер нь бол Эверестийг харахыг хүсдэг жуулчдын олонх нь Балбын нутаг дэвсгэрт орших өмнөд баазад очдог аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд эл хайрхныг хойд талаас нь харах хүсэлтэй жуулчдын тоо үлэмж нэмэгджээ. Жил ирэх тусам жуулчид, авирагчдын тоо нэмэгдэхийн хэрээр хуримтлагдсан хогны асуудал ч улам хурцадсан байна. Харин Балбын Аялал жуулчлал, иргэний нисэхийн яам 2014 онд тогтоол гаргасны дагуу Эверестэд авирсан уулчин бүр уулын энгэрийн хогийг авч буудаг болжээ. Хятадын ууланд авиралтын холбооны мэдээлснээр 2015 онд хойд баазад 40 мянга орчим хүн гарсан байна. Тэгвэл Балбын талаас 2016-2017 онд өмнөд баазад хамгийн олон буюу 45 мянган хүн гарсан аж.

Нийгмийн сүлжээнүүдэд дээрх баазыг жуулчдад бүрмөсөн хаасан хэмээн бичсэн нь худал болохыг “Xinhua” агентлаг тодруулжээ. Гэхдээ тус бааз жуулчдад хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Эверестэд авирах зөвшөөрлийг жилд 300-гаас хэтрүүлэхгүй гэдгээ өнгөрсөн сард Хятадын эрх баригчид мэдээлсэн. Өнгөрсөн онд уг хайрхны оргилд 800 гаруй хүн гарсны 563 нь Балба, 240 нь Хятадын талаас авирчээ.

Төвөдийн өөртөө засах орны засаг захиргааны цахим хуудсанд мэдээлснээр өнгөрсөн оны хавар Эверестээс бараг есөн тонн хог буулгасны 5.2 тонн нь ахуйн хаягдал, хүний ялгадас 2.3 тонн, уулчдын хаяж, эсвэл гээсэн нэг тонн хэрэглэл байсан гэнэ.

Энэ онд хүчилтөрөгч хүрэлцдэггүй үхлийн бүс гэдэг, 8000 метрээс дээш амиа алдсан уулчдын цогцсыг буулгахаар төлөвлөж байна. Агаар сийрэг, хүчтэй салхитай, их хүйтэн байдаг тэр өндрөөс уулчид амь эрсэдсэнийхээ цогцсыг буулгах боломжгүй. Тиймээс үхлийн бүсэд амиа алдсан хүмүүсийн цогцос тэндээ хэдэн арван жил ч байж л байдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)