Эверестийн мөс хайлан, олон цогцос ил болж байна

Эверест уулын бэлд сүүлийн жилүүдэд амиа алдсан уулчдын цогцос олноороо олдох болжээ. Энэ нь мөсөн бүрхүүл хайлж буйтай холбоотой аж. Оргилд нь гардаг болсноос хойших 10 жилд эл газарт 300 орчим уулчин амиа тавьсан юм. Тэдний гуравны хоёр нь цас, мөсөн доор дарагдсан байдаг. Үер, цасан уруйн улмаас өгсөж явсан 24 хүн амиа алдсан 2015 он хамгийн олон хүн амьсгал хураасан жил болжээ.

Жомолунгмагийн оргилд гарахаар 4000 гаруй хүн оролдсон аж. Эверестд орчимд, ер нь Хималайн нурууны мөсөн бүрхүүл түргэн хайлж буй тухай мэдээлэл ихэссэн. 2015 оны судалгаанаас үзвэл уулчид оргил руу өгсөхийн өмнө дайрдаг Кхумбу мөсөн голд үүссэн ангалуудын хэмжээ өргөсжээ.

2016 онд мөсөн голууд түргэн хайлан, ус нь эргээсээ хальсан учир Балбын цэргийнхэн Эверест уулын хормойн Имжа нуурыг ширгээсэн байна. Мөн Британийн судлаачид өнгөрсөн онд Кхумбу голын гадаргууд өрөмдлөгө хийхэд мөсний температур нь бодсоноос ч илүү өндөр байжээ. Авсан дээжийн температур 3.3 градус байсан нь энэ бүс нутгийн жилийн дунджаас хоёроор илүү үзүүлэлт юм.

“Дэлхийн дулаарлын улмаас мөсөн бүрхүүл түргэн хайлж, өнгөрсөн жилүүдэд мөсөн доор байсан цогцсууд ил болж байна. Урьд нь дөнгөж амьсгал хураасан уулчдын цогцос л буулгадаг байсан бол одоо олон жил болсон нь ил харагдах болжээ” гэж Балбын уулчдын холбооны ерөнхийлөгч асан, шерпа Анг Тенцинг ярив.

Мөс хайлах төдийгүй доош гулсах үйл явц идэвхтэй явагдаж байна. “Кхумбу голын мөс хөдөлснөөр цогцос ил гарч байна. Үүнд уулчдын олонх нь сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байдаг. Бартаа ихтэй газар авирагчдад цогцсууд баримжаа болдог” гэж Балбын уулын хөтчийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Тенцинг Пандей Бхоте ВВС-гийн сурвалжлагчид ярьжээ. Жишээлбэл, 1996 онд амиа алдсан энэтхэг Цеванг Палжорын цогцос 8500 метрийн өндөрт байдаг бөгөөд түүний өмссөн ногоон гутлаар тэр газрыг “Ногоон гутал” хэмээн нэрлэж баримжаалдаг аж. Хүрэхэд хэцүү газраас цогцос буулгахад бэрх учир дунджаар 40-80 мянган ам.долларын өртөгтэй гэнэ. Тиймээс төрөл төрөгсөд нь хүссэн, эсвэл уулчид авирахад саад болсон цогцсыг л буулгадаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)