Э.Болормаа: Дуучин болоогүй бол Хандармаа болох байсан

Дэлхийн язгуур урлагийн их наадамд “Домог” чуулга түрүүлж, монголчууд баярлаж байсан нь саяхан. Тэгвэл энэ чуулгын бүрэлдэхүүнд багтаж, уртын сайхан дуугаараа олон орны үзэгчдийг баярлуулсан хүн бол Э.Болормаа. Тэрбээр ШШГЕГ-ын соёл, урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ амжилттай туурвиж яваа билээ.

Саяхан Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Олон улсын уртын дуучдын уралдаан болж, мэргэжлийн болон сонирхогч 200 гаруй хүн авъяас сорьсон. Э.Болормаа мэргэжлийн дуучдаа манлайлан нэгдүгээр байрын шагнал хүртсэн юм. Залуу дуучин, гэхдээ мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, өөрийн онцлогоороо бусдаас ялгарч яваа уран бүтээлчийн яриаг хүргэе.

-Төрийн соёрхолт Д.Сосорбарамын зохион байгуулсан арга хэмжээ, тоглолтод оролцдог Э.Болормаа гэдэг дуучинг нэлээд эртнээс анзаарч байлаа. Маш сайхан дуулдаг болохоор тань хэзээ нэг өдөр ярилцлага авна гэж бодож байсан юм.

-Баярлалаа. Со ахтай 2012 оноос хамтарч ажиллаж байгаа. Уртын дуучин болоод зургаан жил болж байна. Хөгжим бүжгийн коллежийг Д.Түвшинжаргал багшийн удирдлагад төгссөн. Сургууль төгсөөд нөхрийнхөө нутагт нэг жил ажиллаад хотдоо ирсэн дээ. Манай хүн бас дуучин. ЦДБЭЧ-д ажилладаг, Ардын жүжигчин Д.Жаргалсайханы шавь.

Тухайн үед би хотод амралтаараа ирээд “Морьтон ардын түмний эх” уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байрын шагнал хүртсэн юм. Тэгээд л хотдоо ирэхээр шийдэж, ШШГЕГ-ын соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ахмад цолтой ажиллаж байна.

-Залуу дуучны хувьд уралдаанд оролцож өөрийгөө сорих дуртай юу?

-Тийм ээ. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн нэрэмжит Ардын хошин шог дууны уралдаанд 2013 онд оролцож, хоёрдугаар байр эзэлж байсан. Энэ жил олон улсын уртын дуучдын уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна. Н.Норовбанзад гуайн нэрэмжит эл уралдааны зорилго нь нутаг нутгийн дуулагдаагүй дууг сэргээж, сургалтад оруулах байсан юм билээ. Би Архангай аймгийн Хангай сумынхаа “Тунамал өнгө дулаан” гэдэг дууг дуулсан. Манай өвөөг Балжинням гэдэг. 90 нас дөхөж яваа хүн бий. Найр, найдамд ая дуугаа өргөдөг хүн л дээ. Энэ дууг өвөө маань дуулдаг. Би дуулж сурахдаа Вандандондов гэдэг хүний дуулсан хувилбарыг сонсдог байсан. Хоёрдугаар шатандаа долоон дуунаас сугалж дуулахад “Уяхан замбуу тивийн наран” таарсан.

-Танай гэр бүлийнхэн дунд өөр дуучин хүн бий юү?

-Аавын талынхан маань их сайхан дуулдаг хүмүүс байсан гэсэн. Гэхдээ бага байхдаа уртын дуу гэж мэддэг байсан биш дээ. Цэцэрлэгт байхдаа “Мандухай” гэдэг дууг дуулаад л явж байсан. ХБК-д орж байж л уртын дууг ойлгож, дурлаж, сурсан даа. Дунд сургуульд байхдаа бол урлагийн үзлэгт л ордог, биеийн тамирын хичээлд бараг суудаггүй охин байлаа.

-Уртын дуучид тайзан дээр дуулж байхдаа нүдээрээ алсыг ширтэн, өөрөө энд биш өөр газар байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Юу боддог юм бол?

-Сургуулиа төгсөөд удаагүй болоод ч тэр үү саяхныг хүртэл би дуулж байхдаа тийм айхтар нарийн бодож, төсөөлдөггүй байсан юм шиг ээ. Харин энэ уралдааны үеэр нутгийнхаа дууг дуулсан болоод ч тэр үү үгийн утгыг нь нарийн бодож дуулсан. Нутгийн өвгөчүүлийн дуулдаг дуу болохоор ч тэр үү ихийг бодогдуулсан. Бас ч гэж нас нэмэгдээд ухаан суусан юм болов уу.

Монголдоо амьдарч байгаа залуус маань уртын дууны утга, агуулгыг бараг л тоодоггүй. Тэгэхэд гадаадад олон жил амьдарсан хүмүүс нарийн ажиглачихсан байдаг. Түүнтэй ижил юм болов уу.

-Уртын дууг эдүгээ тайзны хэлбэрт оруулж богиносгон дуулж байгаа. Бүтнээрээ бол хэдэн цаг үргэлжилдэг юм бэ?

-Н.Норовбанзад гуай уртын дууг тайзны хэлбэрт тохируулж нэг бадгаар дуулж эхэлсэн байдаг. Нэг бадаг уртын дуу 3-4 минут үргэлжилдэг. Дуу бүтнээрээ 32 бадаг байдаг гэхээр их хугацаа шаардана. Яг л ахуй соёлтойгоо уялдаж, найр наадмын үеэр л тэгж дуулах боломжтой юм даа.

Саяхан би Дундговь аймгийн нэг айлын унага тамгалах найранд очоод ирсэн. Тайзан дээр бол техник, ур чадвар гаргах гэж хичээж дуулдаг бол тэнд яг өөрийнхөөрөө сайхан дуулж байгаа юм. Басхүү нутгийн олон хүний дэргэд нэг үгний алдаа гаргах вий гэж их айсан. Хүн болгон гурван уртын дуу дарааллаад дуулдаг юм байна.

-Бүгдээрээ гурван дуу түвэггүй дуулчихаж байна уу?

-Дуулсан. Би оюутан байхдаа Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд очиж дуулж байсан юм. Тэгэхэд “Уртын дуу сурч л байгаа хүүхэд юм байна. Сонсож бай, ингэж дуулдаг юм” гээд сонсгосон. Түүнээс хойш би Дундговийнхноос эмээгээд, алдаа гаргахгүй юм шүү гэж хичээдэг болсон.

-Дундговийн олон алдартай уртын дуучин бий. Тэдний дуулахыг сонсох дуртай л биз дээ.

-Юун түрүүнд Н.Норовбанзад гуайн дууг сонсох дуртай. Бичлэгийг нь сонсоод яг хажуугаас ганц удаа ч болсон харсан болоосой гэж боддог юм. Бас энэ цаг үед Ардын жүжигчин А.Нэргүй, Ш.Чимэдцэеэ нарын сайхан дуулдаг дуучныг сонсож, тэднээс сурч байгаадаа баяртай явдаг.

-Уртын дуучид нас ахих тусмаа илүү гоё дуулдаг байх аа?

-Уртын дуучдын ид дуулах насыг 40-50 гэдэг юм. Ч.Шархүүхэн, Ц.Дарьсүрэн гуайг ч гэсэн настай болсон ч сайхан дуулсаар явна.

-Амьсгааны нарийн техник эзэмшиж байж л уртын дуучин болдог гэдэг. Ямар ямар дасгал байнга хийдэг вэ?

-Багш маань бидэнд “Хүн өглөө босоод шүдээ угаадаг. Тэр үедээ 32 цагаан лонх заавал тоолж бай. Тэгж байж дадал болно” гэж хэлдэг байсан. Би одоо ч гэсэн өглөө бүр 32 цагаан лонх тоолдог. Оюутан байхдаа өвөөгийнхөөсөө “Таван буудал” орчмоос сургуульдаа явдаг байсан учраас нэг буудал амьсгаагаа түгжиж, эсвэл амьсгаа авахгүйгээр явж дасгал хийдэг байсан.

-Ямар ямар уртын дууг дуулахад илүү ур чадвар шаарддаг юм бэ?

-Бэсрэг уртын дуу хүнээс их ур чадвар шаарддаг болохоор би дуулах дуртай. Айзам дуунууд бол сунгаад уртаар дуулдаг. Миний хамгийн их дуртай дуу бол “Дөмөн” . Би байнга л дуулдаг юм.

-Нэг үеэ бодоход монголчууд уртын дуу, морин хуураа маш их дээдэлдэг болжээ. Найр, хуримд дуулуулах урилга их ирж байна уу?

-Монгол залуус маань дээлээ өмсдөг, найр хуримаа уртын дуу, морин хуураар эхлүүлж, өв уламжлалаа их дээдэлдэг болжээ. Дунд сургуулийн багш нар хүртэл сургалт явуулах хүсэлт ирүүлж байсан удаатай. Найр, хуримын урилга ирдэг ээ.

-Өмнө нь уртын дуу огт дуулж байгаагүй ч өөрөө хүсээд заалгавал нэг дууг бүрэн сурч, дэгийнх нь дагуу дуулах боломжтой юу?

-Тухайн хүний чин хүсэл эрмэлзлээс л хамаарна. Болохгүй зүйл гэж байхгүй.

-Байгууллага дээрээ сургалт явуулдаг уу?

-Нэг хэсэг сургалт явуулаад таван сурагчтай болсон. Одоо тэд маань өөр өөр алба хэлтсийн дарга болоод явчихсан. Гэхдээ таарах болгондоо “Багш аа, сайн байна уу” гэдэг юм. Тэднийхээ хэр сайн сурсныг харин хараахан шалгаж чадаагүй л байна.

-Уртын дууг ширэн цартай хууртай дуулах ялгаатай байдаг уу?

-Ширэн цар хүнгэнэсэн дуутай, дулаан мэдрэмж төрүүлдэг, ахуй талдаа илүү сайхан сонсогддог. Модон цартай хуур цэвэр, чанга дуугардаг болохоор бас л давуу талтай. -Нийтийн эсвэл сонгодог дуу дуулж үзэхсэн гэсэн хүсэл байдаг уу?

-Үндсэн мэргэжил маань уртын дуучин болохоор энэ чиглэлээ түлхүү барина. Гэхдээ уртын дуучин болохоосоо өмнө би мэргэжлийн дуучин болох гээд сурч байсан. Тиймээс тэр техник саяхныг хүртэл арилаагүй байсан. Нийтийн дуу дуулж үзэх хүсэл бий. 2015 оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадамд Цэн.Эрдэнэбатын аялгуу, Ш.Лхамноржмаагийн шүлэг “Уйдашгүй эх орон” дуугаар оролцож, тусгай байр эзэлсэн. Нэг хэсэг ангийн найз Дүгэрсүрэнтэйгээ “Ариухан сэтгэл” гээд зохиолын дуу дуулж байгаад түр завсарлачихаад байгаа.

-Нөхөртэйгээ хамт дуулбал бүр гоё юм уу?

-Санаа бий. Гэхдээ цаг нь арай болоогүй байна.

-Цаашдаа энэ байгууллагадаа ажиллаад дуулсан хэвээр байх уу, урлагийн орчиндоо ирэхийг хүсдэг үү?

-Нийгмийн хангамж, цалин талаасаа манай байгууллага их өгөөжтэй. Надад маш их зүйл өгсөн. Тийм болохоор хамт олонтойгоо байхыг хүсэж байна. Гэхдээ уран бүтээлч хүн л юм болохоор ҮДБЭЧ-д ажиллахсан гэж боддог.

-Танай охин хэдэн настай вэ. Уртын дуу дуулж байхад өсөж, торниж төрсөн хүүхэд ямар онцлогтой байдаг юм бэ?

-Их намуухан, намбагар талдаа. Багш нь “Их даруухан хүүхэд юм” гэдэг. Хүүхдийн гэнэн, саваагүй зан байдаг ч бусадтай харьцуулахад хөдөлгөөн багатай даруухан шүү.

Биднийг сургууль төгсөж байхад төгөлдөр хуурын ангийн нэг оюутан дипломын ажлаа хүүхдийнхээ зүрхний бичлэгээр хийж байсан. Өөрөө тухайн үед жирэмсэн байсан болохоор хүүхдэдээ рок, сонгодог хөгжим, уртын дуу сонсгож туршсан байсан. Рок дуу сонсоход зүрхний хэмнэл огцом нэмэгдэж тайван биш болсон бол уртын дуу болон сонгодог хөгжим сонсоод тайвширч, унтаж амарч байсан гэсэн.

-Та дуучин болоогүй бол ямар мэргэжил эзэмших байсан бэ?

-Хандармаа болох байсан байх.

-Тийм гэж үү?

-Тийм ээ. Эмээ минь маань хөгжөөж, аялгуулан дуулдаг байсан. Би бас багаасаа дуулсан болохоор намайг аав, ээж минь хандармаа болгох талаар ярилцаж байсан гэсэн. Гэхдээ хотод орж ирээд урлагийн үзлэг, уралдаан тэмцээнд оролцож яваад ХБК-д орох урилга авчихсан юм. Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай надад эрхийн бичиг гардуулахдаа “Пээ ямар жаахан юм бэ. Чи том болно биз дээ” гээд өгч билээ. Би тийм жижигхэн биетэй охин байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)