Э.БАТ-ҮҮЛ: Энэ зургаагийн хэнийг ч дэмжихгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхгүй

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэн хэрнээ өрсөлдөөнөөс гарсан тухайгаа тайлбарлах нь хэмээн таамаглаж байтал тэрбээр “Гэр хороололд ойрын үед хэрэгжүүлэх гэж буй луйврыг илчилнэ” гэж мэдээллээ эхлүүлэв.

Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон гэх хүмүүс өчигдөр АН-ын байрны гадна жагссан. Тэдний дунд төрийн албан хаагчид, нэн ялангуяа дахин төлөвлөлтийг хариуцах ёстой хүмүүс явж байна билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулж намайг гүтгэж буйн цаана бидний эхлүүлсэн ажлыг мушгин гуйвуулж, харлуулаад, өнөөгийн эрх баригчид өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалт нэрээр луйвар хийх гэж байгаа юм. Түүнийг нь мэдэж байгаа учраас бидэн рүү дайрч буй хэрэг. 2016 онд би ажлаа өгөхөөсөө өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн дуусаагүй барилгуудыг дуусгахын тулд 76.5 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж, үүнийхээ 40 тэрбумыг бэлэн болгосон байсан. Нийслэлийн төсөвт 20 тэрбум төгрөг суулгаж, арилжааны банкууд 20 тэрбумыг гарган, дахин төлөвлөлтийн талбайд баригдсан 10 хувиас дээш гүйцэтгэлтэй 25 барилгыг дуусгахаар шийдсэн. Ингэснээр энэ намар гэхэд 3291 иргэн, тэр дундаа газраа чөлөөлсөн 1200 хүн байрандаа орох ёстой байв. Гэтэл МАН сонгуульд ялж, Су.Батболд нийслэлийн Засаг дарга болоод төсвийн тодотголоос энэ мөнгийг хассан. Өөрөөр хэлбэл, 10-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг гүйцээх ажлыг зогсоосон. Өнгөрсөн дөрвөн жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил маш эрчимжсэн. Барилгын компани бүр энэ ажилд оролцъё гэдэг болсон. Гэтэл эрх баригчид энэ ажлыг зогсоогоод, гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хямд үнээр авч, гадаадаас хөрөнгө оруулан, борлуулалтыг нь гартаа авч, бизнес хийхээр шийдсэн. Үүнийгээ хаацайлахын тулд намайг гүтгэх кампанит ажлаа эрчимжүүлж байгаа юм” гэв.

Түүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэрээсээ яагаад буцсаныг нь асуухад “Би Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотолъё гэсэн уриалгыг намын гишүүд, удирдлагууддаа хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар санал худалдаж авах, сонгууль луйвардах, өөрөөр хэлбэл, хууль бусаар төрийн эрх мэдэл авах бэлтгэл хангагдчихаад байна. Манай намын дарга С.Эрдэнэ гишүүдтэйгээ уулзахдаа “Өнгөрсөн жил 50 мянган төгрөгөөр саналыг чинь худалдаж авсан. Энэ жил энэ тоо нэмэгдэх байх. Мөнгийг нь аваад, саналаа өөрийнхөө итгэл үнэмшлээр өгөөрэй” гэж яриад яваа. Судалгаагаар орлого багатай иргэдийн 70 хувь нь мөнгөөр саналаа өгнө гэсэн байна билээ. Энэ удаа санал худалдаж авах явдал урьд, хожид байгаагүйгээр гарна. Хууль бусаар эрх мэдэл авах гэж буйг мэдсээр байж энэ сонгуульд оролцсоноор АН бусармаг үйлдлийн хамтрагч болно. Тиймээс улс төрийн бусад нам, иргэнтэй нэгдэж, бүх нийтийн бойкот хийх ёстой” гэв. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, бойкотлох ёстой гэж үзэж буй тул АН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан хүнээс хэнийг нь ч дэмжихгүй, сонгуульд ч саналаа өгөхгүй гэж шийджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)