Э.Амартүвшин Их театрын тайзнаа “Браво” шагнал авна

УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Э.Амартүвшингийн амжилтуудын тухай мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байна. Тэрбээр энэ сарын 23-нд Итали улсын Новара хотын “Coccia” дуурийн театрт Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набуккогийн дүрийг бүтээсэн. Суут хөгжмийн зохиолчийн гранд буюу агуу хэмээх тодотголтой уг дуурийг манай улс тайзнаа хараахан тавиагүй байгаа билээ.

Соёлын элч Э.Амартүвшин ирэх сарын 11- нд хойд хөршийн Их театрын тайзнаа бас нэгэн томоохон шагнал гардаж авахаар болов. Энэ нь ОХУ-ын Соёлын яам тэргүүтэй олон байгууллага хамтран санаачилж, “Роснефть” компани санхүүжүүлэн, Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдийг хамруулан олгож байхаар түрүү жилээс хэрэгжүүлж эхэлсэн “Браво” шагнал юм.

Нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр дүгнэн шагнаж байх уг шалгаруулалт уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлохоороо бусад шагналаас ялгаатай хэмээн үзэж буй юм байна.

Тухайлбал, тухайн уран бүтээлчийн цомгийн болон тоглосон жүжгийн тасалбарын борлуулалт зэрэг үзүүлэлт онцгой байр эзлэх гэнэ. “Браво” шагнал гардуулах ёслол хоёр үдэш дараалан болох юм байна. Эхнийх нь ирэх сарын 10-нд Кремлийн ордонд болох бөгөөд энэ нь нийтийн хөгжмийн шилдгүүдийн цугларалт, гала тоглолт байх бол ёслол дараагийн орой Их театрт үргэлжилж мэргэжлийн хөгжмийн шилдгүүд буюу хөгжим, дуурь, балетын урлагийн “аварга”-уудыг шагнана.

Оросын хэвлэлүүдэд бичиж буйгаар “Браво” шагналыг Орос орны зүрх болсон Москваг дэлхийн соёлын төв байлгах зорилгын хүрээнд бий болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)