Э.Алтанбагана: “Номин”, “И март” дэлгүүрүүд бүтээгдэхүүний үнийг 20 хувиар илүү тогтоож байна

“Номин”, “И март” сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчдийг дарамтлах замаар ард иргэдэд өндөр үнэтэй бүтээгдэхүүн тулгаж байгаа талаар “Оргил” худалдааны төвөөс мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар "Оргил" худалдааны төв үндэсний үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний үнэ дээр 10 хувийг нэмж борлуулдаг бол “Номин”, “И март” сүлжээ дэлгүүрүүд дор хаяж 15-20 хувь нэмэн борлуулдаг аж. Иймд хэвлэлийн хурлын өмнө ШӨХТГ-т албан ёсны өргөдөл гаргачихаад ирсэн байна. Учир нь “Номин”, “И март”-ийнхан үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн дээр дахиад таван хувь нэмж зарахыг шахаж, хэрэв татгалзвал бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зогсоохыг шаарджээ. Жишээлбэл, "М-Си-Эс кока кола" ХХК нь "Оргил" сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлэхээ зогсоож буйгаа энэ сарын 23-нд албан бичгээр мэдэгджээ.

Энэ талаар "Оргил" худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана хэлэхдээ "Урьд нь хямд үнээр зарж болдог байхад одоо яагаад ийм шахалт үзүүлээд байгааг ойлгохгүй юм. Үндэсний үйлдвэрлэгчдэд маш их дарамт шахалт ирж байна. Хэрэв манайхыг үнээ нэмэхгүй бол "М-Си-Эс кока кола" ХХК ч биш бусад ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд манайд бараагаа нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгдсэн. Бид одоогийн байдлаар 300-400 орчим үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллаж байна. Хэрэв энэ байдал үргэлжилвэл бид ямар ч бараа, бүтээгдэхүүнгүй хоцрох магадлалтай байна" хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)