Ш.ЭНХТӨР: Хүүхдийн төрөлжсөн тусламжийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулна

Монгол Улсад хүүхдийн эмнэлэг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Өнгөрсөн хугацаанд ЭХЭМҮТ-ийнхөн 4.1 сая эх, хүүхдэд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж, 1.3 саяыг нь хэвтүүлэн эмчилжээ.1956 оноос хүүхдэд мэс засал хийдэг болсноос хойш 344 мянган хагалгаа хийж, 1988 оноос эх барихын тусламж үзүүлэн, 227 мянган эхийг эсэн мэнд амаржуулсан байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, эмчилгээний үр дүн, хүрсэн түвшин зэргээрээ Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн дэлхийн есөн орны нэг нь Монгол болсон. Гэсэн ч манай улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй, шийдэх асуудал олон. ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Гавьяат эмч, доктор, профессор Ш.Энхтөртэй энэ талаар ярилцсанаа хүргэе.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуультай болно гэж бид олон жил ярилаа. Хуулийн төсөл боловсруулах ажил ямар шатанд явна вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарыг 2020-2024 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа эмнэлгүүд хүргүүлж байгаа. Үүний дагуу бид эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг өргөтгөн, хөгжүүлэх, тасралтгүй сайжруулах чиглэлээр шийдэх боломжтой дөрвөн үндсэн төлөвлөгөө боловсруулсан. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон нийтийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхийн тулд Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуультай болох нь нэн чухал. Эл асуудлыг 2016 оноос хойш хангалттай ярьж, хэлэлцсэн. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ-ны дэргэд дөрвөн удаа ажлын хэсэг байгуулжээ. Ингэх бүрт үзэл баримтлалын талаар бүгдийг эхнээс нь ярих шаардлагатай болдог.

Дэлхийн улс орнуудын олонх нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуультай. Ялангуяа төрөлтийг дэмжих замаар хүн амаа өсгөх бодлоготой улс ийм хуулиа чанд мөрдөж, хэрэгжүүлдэг. Илүү үйл явцын шинж чанартай байдаг учраас улс төрийн намуудын амлалт, мөрийн хөтөлбөрүүдийг аль ч Засгийн газар нь дэмжиж, хэрэгжүүлдгээрээ онцлогтой. Жишээлбэл, дөрвөн хүүхэдтэй эхийг богиносгосон буюу өдөрт зургаан цагаар ажиллуулдаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэй, эхийн эрүүл мэндийг хохироовол яах ёстойг хүртэл хуульд заадаг юм билээ. Хүүхдийг нь хоёр нас хүртэл цалинг нь бүтнээр олгодог. Гэхдээ хүүхдээ ямар нэг байдлаар хүчирхийлэх, эрхийг нь зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг. Тодруулбал, эцэг, эхийн хайхрамжгүйгээс хүүхэд нь бэртэж, улмаар нас барах, сургуулийн орчинд багш нь гэмтээх, зам, тээврийн осолд өртөх зэрэгт хуулийн хариуцлагатай.

Манайд зам, тээврийн ослоор гэхэд хүүхэд олноор гэмтэж, амиа алдаж байна. Энэ нь сэргийлж болох нас баралтын гуравдугаарт бичигддэг. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцогсдын хариуцлагыг нэг талаар чангатгах, нөгөө талаас эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад хүн бүр ямар үүрэгтэй оролцох ёстойг эл хуулиар л зохицуулах ёстой.

-Батлуулчихвал эх, хүүхдэд ээлгүй гэгддэг манай улсын хувьд их л хэрэгтэй санагдлаа. Монгол Улсын бас нэг тулгамдсан асуудал нь хүүхдийн хавдар болчихоод байгаа. Одоогоос 20 гаруй жилийн өмнө хүүхдийн 1-2 төрлийн л хорт хавдар бүртгэгддэг байсан бол эдүгээ энэ тоо 10 дахин нэмэгджээ. Тэгэхээр хүүхдийн хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэх, цаашлаад уг өвчинтэй тэмцэх чиглэлээр хөтөлбөр боловсруулах шаардлагатайг та өмнө нь ярьж байсан.

-Тийм ээ. Хүүхдийн хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг нийгэм шаардаж байна. Гэхдээ энэ нь ганцхан манай улсын бус, дэлхийн тулгамдсан асуудал болсныг ДЭМБ 2015 онд анхааруулсан. Тодруулбал, тухайн оны тавдугаар сарын 18-26-нд болсон ДЭМБ-ын 68 дугаар чуулганаар хүүхдийн хавдрын асуудлыг анх удаа хөндсөн. Ингэхдээ улс орнуудыг хүүхдийн хавдрын эмчилгээний загвараа илүү боловсронгуй болгох, эмийн хүртээмжийг сайжруулах, эрт оношлох, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах гэсэн дөрвөн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. 2018 онд мөн тус байгууллагаас улс орнуудын Засгийн газарт хандан, хорт хавдрын тогтолцоог бэхжүүлэхэд удирдлагын болон техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулсан. Үүний тэргүүн зорилго нь 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээшлүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан юм. Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагийн 185 улсад хийсэн судалгаагаар хүүхдийн хавдар Австралид хамгийн их оношлогддог бол үүнээс шалтгаалсан нас баралтаар Ази тив нэгдүгээрт бичигджээ. Тиймээс манай улс нэн даруй хүүхдийн хавдартай тэмцэх хөтөлбөртэй болох шаардлагатай.

-Улсын хэмжээнд хүүхдийн хавдрын тархалтыг бүрэн тогтоогоогүйгээс бүртгэл, мэдээллийн тогтолцоо нь хангалттай хөгжөөгүй гэж сонссон.

-Манайх 2015 оноос эхлэн хавдартай хүүхдүүдээ ХСҮТ-өөс татаж, одоо ихэнх мэс засал болон химийн эмчилгээ, хяналтаа тавьж байгаа. Тухайн үед хавдартай хүүхдүүдийн тоо, баримт ч зөрүүтэй байсан. Хүүхдийн хавдрын бүртгэл, мэдээлэл насанд хүрэгчдийнхээс өөр. Асуумжаас авхуулаад шалтгаан нь хүртэл харилцан адилгүй. Жишээ нь, томчуудын хавдар хорт зуршил, амьдралын буруу дэглэм, хэрэглээнээс шалтгаалсан байхад хүүхдэд юуных нь тийм зүйл байх билээ. Хавдрын химийн эмчилгээнүүдийг одоогоор манайх хийж байгаа ч өвчлөл нэмэгдэх хэрээр ачааллаа даахгүйд хүрнэ. Ядахдаа хүүхдийн хавдрын энэ төрлийн эмчилгээг орон нутагт хөгжүүлэх хэрэгтэй. Уг өвчнийг эмчлэхийн тулд дунджаар 2-3 жил зарцуулдаг. Үнэндээ химийн эмчилгээ хийлгэхийн тулд Ховд аймгаас хотод ирдэггүй л болгомоор. Бид орон нутгийн эмч нарыг үе шаттай сургаж байна. Харин бусдыг нь төр, засаг шийдээд өгөөсэй. Хавдрын эрт илрүүлгийн тухайд манайх иммуногистохимийн шинжилгээ буюу хавдрыг эд, эсийн түвшинд оношилдог технологи нэвтрүүлсэн. Энэ нь эдийг шинжилж, хавдрыг эсийн түвшинд буюу архаг, цочмог явцтай, эсэх, хэрхэн тархсаныг нь хүртэл нарийн оношилдог. Барагтай л бол алддаггүй.

-Хавдраас гадна хүүхдийн нарийн төвөгтэй бүх мэс заслыг ЭХЭМҮТ-д хийдэг. Тэр хэрээр ачаалал, дараалал ихтэй. Үүнийг аймаг, дүүргийн хэмжээнд хэрхэн салбарлуулж, хөгжүүлбэл зохилтой вэ?

-Хүүхдийн төрөлжсөн мэс засал, тэр дундаа ерөнхий, эрүү, нүүрний, чих, хамар, хоолойн, нүдний, төрөлхийн гажгуудыг засах хагалгаа болон зүрхний ангиографын оношилгоо, судсан дотуурх эмчилгээ гээд бүгдийг манайд хийдэг. Эдгээр мэс заслыг ядаж аймаг бүрт биш юм гэхэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв-(БОЭТ)-үүдэд, дүүргийн эмнэлгүүдэд хийдэг болгох хэрэгцээ бий. Өвөрхангайн БОЭТ гэхэд ойролцоо 3-4 аймгийнхаа хүүхдүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлчихдэг бол төвлөрөл аажимдаа саарч, хугацаа, хөрөнгө хэмнэх боломжтой.

-Хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах технологийн талаар ярихгүй өнгөрч болохгүй. Нэг бол танайх, эсвэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн уг эмчилгээг хийнэ гэдэг. Тэгэхээр эл технологийг хаана төвлөрүүлэх ёстой юм бол?

-Манай улсад хүүхдэд элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах боломж бүрдсэн. Манайх хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхээр 2011 оноос бэлтгэлээ хангасан. Хүний нөөцөө чадавхжуулсан, хагалгааны өрөө гэхэд л гурван өөр зэрэглэлийнхийг бэлдсэн. Агаарын зөв урсгалтай, халдвар хамгааллыг дээд зэргээр шийдсэн хагалгааны вакум өрөөгөө бид өнгөрсөн жил ашиглалтад орууллаа. Шаардлагатай өндөр түвшний тоног төхөөрөмжүүдээ ч зэхсэн. Өнгөрсөн онд манай эмч нар япончуудтай хамтраад хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар бэлтгэсэн ч цар тахлын улмаас хойшилсон. Гэхдээ эл асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саяхны хурлаар хэлэлцлээ. Дэлхийд ч хүүхдийн төв эмнэлэг нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаа хийдэг. Энэ нь хагалгааны дараах эмчилгээ, хяналт, гарч болох хүндрэлээс сэргийлэхэд тустай.

Өмнө нь УНТЭ-ийнхэнтэй хамтраад хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хэд хэдэн удаа хийсэн. Тэгэхдээ хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, мэдээгүйжүүлэгч, сувилагч гээд манай 20-30 хүн тус эмнэлэгт сар орчим ажилладаг. Өндөр технологийн эмчилгээ тул хагалгааны бэлтгэл, явц, дараах үе гээд хугацаа их ордог. Үүнээс гадна хүүхдийн амьсгалын, зүрх, судасны, унтуулгын аппаратуудыг хүртэл тийш зөөнө. Тиймээс хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, тариа гээд бүх зүйл нь нэг дор төвлөрсөн газар л уг эмчилгээг хийвэл үр дүнтэй. Бид одоохондоо хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг дангаараа хийх боломжгүй. УНТЭ, ХСҮТ-ийнхөнтэй хамтран ажиллана. Удахгүй нааштайгаар шийдэгдэх байх.

-Өнгөрсөн оны судалгаагаар зөвхөн танай эмнэлгийн хяналтад элэгний архаг өвчтэй 150 гаруй хүүхэд байсны 60 орчим хувь нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс өөр аргагүй болсон гэсэн. Энэ тоо өөрчлөгдсөн үү?

-Харамсалтай нь, эдгээр үзүүлэлт өөрчлөгдөөгүй. Жил ирэх тусам тоо нь нэмэгддэг. Түүнээс гадна ясны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай 10 орчим хүүхэд бий. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийхгүй, хийлгүүлэхгүй бол ойлгомжтой, нас барна гэсэн үг. Мөнгөтэй нь гадаад руу явж хүүхдээ эмчлүүлдэг ч олонход нь тийм боломж хомс. Тухайлбал, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг аль болох бага настайд нь хийвэл үр дүнтэй. Дэлхийн стандарт нь ч тийм. Эрт үед нь илрүүлээд, тэр даруйд нь эмчилгээ хийх заалттай. Гэтэл хүүхдэд ясны чөмөг шилжүүлэн суулгах технологи манайд хараахан хөгжөөгүйгээс хугацаа алддаг. Тиймээс төр, засгаас тодорхой дэмжлэг, бодлогын хэмжээний хэд хэдэн асуудлыг шийдчихвэл манайх Цусны эмгэг, хорт хавдрын эмнэлэгтээ ясны чөмөг шилжүүлэн суулгах тусгай өрөө, тоног төхөөрөмжүүдээ бэлдсэн.

-Манай улс ургийг молекул биологийн түвшинд оношилж, удам зүйн болон хромосомын шинжилгээ хийдэг болсон. Цаашид ургийн гажгийг эхийн хэвлийд нь эмчилнэ гэж дуулсан.

-Тэгэлгүй яах вэ. Жишээлбэл, ургийн зүрхний цоорхойг эхийн хэвлийд нь дурангаар нөхнө гэсэн үг. Түүнээс гадна ихэр ургийн цус юүлэгдэх хам шинжийг эмчлэх технологийг нэн тэргүүнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, ихэр хүүхдийн аль нэг рүү нь цус арай илүү “очиж”, нөгөө нь цусан хангамжийн дутагдлаар энддэг. Жилд эл шалтгаанаар 10 орчим ураг амьгүй болж буй.

Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж, насанд хүрэгчдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулдаг. Үүний адилаар хүүхдийн өвчнийг эрт илрүүлэх үзлэг, оношилгооны санхүүжилтийг ч даатгалаас гаргах хэрэгтэй. Манайх 2016-2020 онд гадаадынхны хандив, зээл, тусламжаар нярайн дөрвөн төрлийн өвчнийг эрт илрүүлэх технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлсэн. Үүнд түнхний мултрал, нярайн нүд сохрох, сонсгол буурах, бодисын солилцооны эмгэг орно. Төрснийх нь дараа хүүхэд бүрийг энэ дөрвөн өвчнийг илрүүлэх үзлэгт заавал хамруулах шаардлагатай ч хараахан 100 хувьд хүрэхгүй. Энэ нь оношилгооны чадамжтай холбоотой. Хуучин тоног төхөөрөмжүүд муудаж, элэгдсэн, шинээр авах гэхээр улс төсөвгүй. Тиймээс нярайн эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээг тасалдуулахгүй, урсгал зардлыг даатгалаас, эсвэл улсын төсөвт жил бүр суулгах нь ирээдүйд хэрэгтэй.

Ер нь хүүхдийн эрүүл мэндийн цогц үзлэгийг 18, 36 сартайд хийх заалттай. Насанд хүрэгчдийг тодруулбал, 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг гурван жил тутам умайн хүзүүний хавдар, хөхний өмөнг илрүүлэх үзлэгт хамруулдаг шүү дээ. Хүүхдийг дээрх насанд нь биеийн ерөнхий үзлэг хийж, тухайн насандаа тохирсон өсөлт, хөгжилтэй байна уу гэдгийг шалгадаг олон улсын аргачлал бий. Учир нь өмнө нь анзаараагүй өвчнүүдийг үүгээр “барьж авах” боломжтой. Гэтэл манайхан сургуульд ороход нь л харааг нь дөнгөж шалгуулдаг. Өмнө нь түнхний мултралыг нярайд нь оношилдоггүй байхад 2-3 настайд нь л мэддэг байлаа. Хүүхэд нь хөлд орохгүй, эсвэл доголохоор нь л анзаарах жишээтэй. Ийм насандаа оношлуулж, 2-3 хагалгаа хийлгүүлсэн ч хөгжлийн бэрхшээлтэй хоцрох нь элбэг. Уг нь түнхний мултралыг төрсөн даруйд нь ЭХО-д “харж”, нэг сар сойлт хийгээд л эдгээчихдэг өвчин.

-Дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд нярай хүүхдийг эмчилдэггүй. Гэтэл Эрүүл мэндийн тухай хуульд II шатлалын эмнэлгүүд хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд гэхчлэн долоогоос доошгүй тусламж, үйлчилгээ үзүүлэхийг заасан. Үүнийг ажил хэрэг болгохын тулд лавлагаа төвийн хувьд танайх юу хийж чадах вэ?

-Дүүргийн эмнэлгүүдэд эхний ээлжид хүүхдийн мэдрэл, нярайн кабинет нээх хэрэгтэй. Аймгийн эмнэлгүүд нярайн наад захын өвчнүүдийг орон нутагтаа эмчилж байхад Улаанбаатар хотын Эрүүл мэндийн төвүүд ийм чадавхгүй байгааг шүүмжлэхээс өөр аргагүй. Мэс заслын кабинет ч бараг байхгүй. Хатиг, буглааг шахуулж, шаруулахын тулд ЭХЭМҮТ-д ирдэг. Түүнийгээ боолгож, цэвэрлүүлэх гэж дахиад ачаалал нэмнэ. Үүнээс нь болоод нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ёстой төв амбулаторийн үзлэг, дүүргийн эмнэлгийнхний эмчилгээнээс хэтрэхээ байсан. II шатлалынхан ийм тасаг байгуулдаггүй юм гэхэд ядаж нэг өрөө гаргаад өгвөл бид эмч нарыг нь сургаад, алсын зайнаас зөвлөгөө, мэдээлэл өгөх бүрэн боломжтой.

Улсын хэмжээнд манайхаас бусад бүх эмнэлэг нийлээд хүүхдийн өвчний 25 чиглэлээр л тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Аймаг, дүүрэг бүр нэг нэг буюу хоол боловсруулах, эсвэл мэдрэл, нүдний чиглэлээр хүүхдэд үйлчилдэг гэсэн үг. Тийм байхад манайх ачааллаа бууруулах тухай ярих эрт. Дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд хамгийн түгээмэл тохиолддог ядаж 5-6 өвчнийг эмчлэх зорилт тавих хэрэгтэй. Ханиад, томууны улирлаар бужигнаад, хавар, зуны цагт хоосон орнуудаа огт ашигладаггүй. Нөхөн сэргээх, физик, эрүүлжүүлэх эмчилгээнүүд орхигдсон.

-Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 16 эх энджээ. Засгийн газрын 78 дугаар тогтоолоор баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт эхийн эндэгдлийг 2020 онд 100 мянган төрөлт тутамд 25 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэтэл манайх эл үзүүлэлтэд хүрч чадаагүй байна. Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад төр, засаг юуг голлон анхаарах ёстой юм бол?

-1990 оноос хойш эх, хүүхдийн эндэгдэл тасралтгүй буурсан. Ялангуяа хүүхдийн эндэгдлийг бид түүхэнд байгаагүй доод түвшинд хүргэлээ. Эхчүүдэд жирэмсний явцад болон төрөх, төрсний дараа ноцтой хүндрэлүүд гарсаар байна. Үүний эсрэг бодитой арга хэмжээ, зоригтой шийдвэр гаргасан нь цөөн. Эхийн эндэгдэл зарим үед нэмэгддэг, барьцгүй гэж хэлж болно. Эндэгдлийн шалтгааныг эх барихын болон эх барихын бус гэж ангилдаг. Хүүхдээ эрүүл саруул тээж байсан эмэгтэй зам, тээврийн ослоор нас барахад үүнийг эхийн эндэгдэлд хамааруулдаг. Манайд тохиолдож буй эхийн эндэгдлийн тэргүүн шалтгаан нь ноцтой хүндрэл. Үүнийг л бууруулах ёстой. Энэ нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, гэр бүл төлөвлөж сургах замаар шийдэх асуудал.

Эрдэмтэн, судлаачид хүн амын өсөлтийн төлөвийг олон улсын аргачлалаар тооцсон. 2030 он гэхэд жилд дунджаар 200 орчим мянган (одоо 70-80 мянга) эх амаржих төлөвтэй байна. Үүнд улс төр, нийгэм, эдийн засгийн байдал нөлөөлөх ч тоо нь тийм ч хол зөрөхгүй болов уу. Энэ бүхнийг нарийн тооцсоны үндсэн дээр эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зөв зохион байгуулах, хүний нөөц, хангамжийн асуудлаа яаж шийдвэрлэхээ бодож, төлөвлөх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)