Ш.РАДНААСЭД: Энэ компаниуд санхүүжилтэд заавал багтана шүү

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл зарим УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээрээ далайлган ЖДҮ-ийг дэмжих санхүүжилтийг өөрийн нэр заасан компанидаа авч өгсөн талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ.

Хуулиар биш юм гэхэд ёс суртахууны шийтгэл хүлээх хэмжээний энэ таагүй үйлдлийн дүнд өнөөдөр Монгол Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжил ямархуу хэмжээнд байгааг та бид харж буй.

Ганцхан жишээ дурдахад, дэлхийг хямрааж байгаа аймшигт тахал болох шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэх амны хаалт хангалттай үйлдвэрлэх боломж манайд алга. Энэ бол ЖДҮ-ийг дэмжих төрийн дэмжлэгийг замаас нь шомбодсон түшээдийн гай. Энэ удаад бид УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлтэй хэрхэн холбогддогийг та бүхэнд хүргэе.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга”, “Гэрд сараа”, “Дэлгэрбаян говь”, “Сэлши үүр”, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг санхүүжилтэд багтаахаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Энэ талаар сайд асан Б.Батзориг “Компаниудынх нь нэрийг санахгүй байна. Яаманд, ЖДҮХС-д хандаж байсан байх” гэдэг аж. Харин “хөшигний ард” байдал өөрөөр өрнөжээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Сэлши үүр”, “Гэрд сараа”, “Дэлгэрбаян говь” ХХК-ийн нэрийг өгч, “Энэ компаниудыг онцгой анхаараарай” хэмээн сануулж байж.

Тийм учраас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг 2018 оны хаврын сонгон шалгаруулалтын А-88 дугаар тушаал гарахаас өмнө Төрийн ордонд ажлаар явж байхдаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн өрөөнд орж уулзжээ. Тэрбээр сайдынхаа нэрийг нь өгсөн гурван компанийн талаар эрхэм гишүүнээс тодруулахаар орсон байна. Тэгэхэд нь Ш.Раднаасэд гишүүн “Та яахаараа манай өрөөнд шууд орж ирж байгаа юм бэ. Танай сангийнхан болохгүй байгаа шүү” гэж загнажээ. Улмаар эрхэм гишүүний “зүтгүүлж” буй нэг компани болох “Дэлгэрбаян говь” ХХК-ийн нэр ЖДҮХС-гийн бүртгэлд буруу орж “Баяндэлгэр говь” гэж бүртгэгдсэн талаар С.Төгсбилэг хэлэхэд “Та нар санаатайгаар худлаа бүртгэсэн шүү. Наад компани чинь “Дэлгэрбаян говь” гэдэг нэртэй юм” гэсэн байна. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гэх гурван компани 2018 оны хаврын сонгон шалгаруулалтаар орж, төсөл нь шалгараад ЖДҮХС-гаас тус бүр 1.6 тэрбум төгрөг авав. ЖДҮХС-гийн Төрийн банк дахь данснаас 2018 оны зургадугаар сарын 21-нд “Гэрд сараа”-д 1.6 тэрбум, 29-нд “Сэлши үүр”-т 1.6 тэрбум, “Дэлгэрбаян говь” ХХК-д нь 1.6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намрын сонгон шалгаруулалтаар дахиад хоёр компанийг ЖДҮХС-гийн санхүүжилтэд багтаасан байдаг. Тодруулбал, ЖДҮХС-гийнхан 2018 оны намрын буюу наймдугаар сарын 24-д гарсан ХХААХҮ-ийн сайдын А-141 дүгээр тушаалд багтах компани, иргэдийн төслийн материалыг долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 3-ны хооронд авчээ. Тэр үед ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарыг өрөөндөө дуудаж, компаниудын нэр, түүнийг “гуйсан” УИХ-ын гишүүдийн нэрийг бичүүлсэн байна. Тэгэхэд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд” гэж бичүүлээд “Төгсбилэг ээ, чи Раднаасэд гишүүнтэй холбогдоод компанийнх нь нэрийг аваарай” гэжээ. Тиймээс ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг цаасан дээр “Раднаасэд-холбогдох” гээд анхаарлын тэмдэгтэйгээр тэмдэглэж авсан байна.

Тэрбээр удалгүй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гар утас руу нь залгаж ярьсан аж. Тэгэхэд нь Ш.Раднаасэд гишүүн “Ирээд уулзаадах” гээд Төрийн ордны зүүн талын “Пума империал” төвийн нэгдүгээр давхрын кофе шопт болзсон байна. ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг эрхэм гишүүний дуудсан ёсоор нь тэр даруйд хүрч очжээ. Тэгэхэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга”, “Алиман төгс буян” ХХК, бас нэг компанийн нэрийг өгсөн байна. Гэхдээ тэрбээр “Гэга”, “Алиман төгс буян” ХХК санхүүжилтэд заавал багтана шүү. Харин үлдсэн нэг компанийг нь боломжийг харж байгаад санхүүжилтэд багтаачихмаар байна” гэж анхааруулжээ.

ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг буцаж очоод Б.Батзориг сайддаа энэ тухай хэлэхэд “Зайлшгүй гээд байгаа хоёр компанийг нь санхүүжилтэд оруул” гэв. Ингээд удалгүй сонгон шалгаруулалт явагдахад нөгөөх “нэг” компани нь шаардлага хангаагүй тул үлдсэн байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн “Заавал шалгаруулаарай” гэсэн “Гэга”, “Алиман төгс буян” ХХК-ийг “тэнцүүлсэн” байгаа юм.

Ингээд 2018 оны аравдугаар сарын 9-нд “Гэга” ХХК руу ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 500 сая төгрөг шилжүүлжээ. Харин “Алиман төгс буян” ХХК руу хэдэн төгрөгийн санхүүжилт шилжүүлсэн нь тодорхойгүй. Ийн ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн “цээж”-ний хэдэн хүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болж байна. Тэрбээр таван компани “яриад”, тавууланг нь ЖДҮХС-гаас санхүүжилт олгуулах ХХААХҮ-ийн сайдын хоёр ч удаагийн тушаалд багтааж чадсан байгаа юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)