Ш.Раднаасэд: Тэтгэврийн доод хэмжээг 420 мянгад хүргэх боломж бий

Яг одоо УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь 300 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг. Тэднийг ядаж 420 мянган төгрөгт хүргэх боломж бий гэж хараад байна. Гурван өрх тутмын нэгт нь тэтгэврийн насныхан байна. Уг нь тэтгэврийн зээлийг бууруулахаас илүү хэмжээг нь нэмчихвэл асуудал шийдэгдэх гээд байгаа юм. Иймд тэтгэврийн хувьсгал хийх боломж бий.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Ирэх онд Монголын ирээдүйн дүр зураг хэрхэн эргэх вэ гэдэг чухал асуудлыг хэлэлцэж байна. 2020 оны төсөв бол бодитой бүтээн байгуулалтын болон Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгах хариуцлагатай төсөв байх ёстой. Тийм учраас 2-3 зүйлийг хэлье. Нэгдүгээрт, ард иргэдийн амьдрал ахуй, ядуурлын түвшинд дүгнэлт хийх шаардлагатай тулгарлаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 7.3, нэгдүгээр улирлын байдлаар 8.7 хувьтай гарсан. Ийм үед цалин тэтгэмжийг 8 хувиар хязгаарлаж боломгүй санагдаж байна. Үүнийг нэмэгдүүлэх ямар боломж байна, тэр бүрийг эрэлхийлж, төсвийг эцэслэн батлах нь зүйтэй.

Хоёрдугаарт, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн 78.9 хувийг зөвхөн нийслэлээс төвлөрүүлэхээр оруулж ирсэн байна. Ч.Хүрэлбаатар сайдыг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нийслэлийн улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг 0 болгож байсан туршлагатай хүн гэж бодож байна. Тийм учраас өнөөдөр Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Засгийн газар уян хатан хандахыг хүсэж байна.

УИХ-ын гишүүн С.Батболд: 2019 оны төсвийн хувьд Үндэсний аудитын газраас орлогыг бүрэн дайчилсан төсөв боловч төсвийн орлого тасрах эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийсэн. Үүнтэй Сангийн яам санал нийлж байгаа юу гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт, ирэх оны төсөвт орлого талын гол эрсдэлийг юу гэж харж байгаа вэ?

2020 оны тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 21 хувиар нэмэгдсэн. Үүний эх үүсвэр нь болоод ирэх онд төлөгдөх бондуудын өр хэр байгаа вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2019 оны төсвийн орлогыг ярьж байхад Аудит эрсдэлтэй, хэт өөдрөгөөр тооцсон гэсэн дүгнэлт өгсөн. Олон ч хүн орлогыг бүрдүүлж чадахгүй байх гэлцэж байсан. Албан ёсоор хэлье. 2019 оны орлого биелнэ. Ингэхдээ 300 орчим тэрбум төгрөгөөр давж биелэх байх гэсэн урьдчилсан тооцоо бий. 2020 онд орлогоо мөн л биелүүлнэ. 5-10 хувийн эрсдэл бол бий. Үүнд дэлхийн эдийн засгийн өсөлт буурах, АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн зэргээс шалтгаална. Харин дотооддоо бол бид зөвхөн “Саарал жагсаалт”-ыг нь эрсдэлд тооцож байгаа. “Саарал жагсаалт”-д орох эсэх нь маргааш 18.00 цагийн орчимд эцэслэн шийдэгдэнэ. Хэрвээ орвол богино хугацаанд гарах бүхий л ажлыг Засгийн газар хэрэгжүүлж ажиллана.

2020 оны төсвийн орлогыг 21 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолсон. Учир нь нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт ирэх онд үргэлжилнэ. Хоёрдугаарт, бүртгэлийн сайн систем бүрдүүлсэн. Үүгээр татварын бааз суурийг өргөтгөнө.

Өрийн хувьд, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш 7.7 их наяд төгрөгийн өр дарсан. Энэ жилд 900 сая орчим төгрөгийн зээлийн хүү төлсөн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Ирэх оны төсөв бол 2016 онд Монгол Улсын Засгийн газрыг хүлээж авснаас хойш өмнөх жилүүдийн алдааг засаж, “чамбайруулсаар” байгаад оруулж ирсэн төсөв юм. Үүнийг бүгд ойлгох хэрэгтэй. Тусдаа явж байсан таван төсвийг нэгтгээд, сахилга бат, хариуцлагыг нь бий болгож, концессоор царцсан байсан барилгуудыг үйл ажиллагаанд оруулж байгаа.

Төр данхайгаад байна гэдэг үгийг хэрэглэхээ болимоор байна. Төр үнэхээр данхгар байгаа юм бол төрийн үйлчилгээ яагаад иргэндээ хүрэхгүй байгаа юм бэ? Эрүүл мэнд, боловсролын салбарт бүтээн байгуулалтын орон тоо хэрэгтэй болчихоод байгаа юм бэ. Нэг салбараа шийдэх гээд нөгөөгөө муулахаа больцгооё. Тэрний оронд төрийн үйлчилгээг иргэддээ хэрхэн түргэн, шуурхай хүргэхээ ярилцмаар байна. 2017 оноос хойш төрийн албанд шинэчлэл хийж чадаагүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)