Ш.Наранбат: Ганцхан жил хичээллээд ДАШТ-д түрүүлж, дээд амжилтыг нь шинэчилсэн

Хэдхэн хоногийн өмнө болсон ой тогтоолтын УАШТ-ээс есөн медаль хүртэхдээ дэлхийн гурван дээд амжилт шинэчилсэн Ширбазарын Наранбатыг “Шинэ танил” онцоллоо. 12 настай, зургадугаар ангид сурдаг тэрбээр эл спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа ч ДАШТ-ээс нэг алт, зургаан мөнгө, Азийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртээд амжив.

-Бэлтгэлийн үеэр даалгавраа хэдэн секундэд тогтоон, алдалгүй санаж байв. Тэмцээний үеэр түүнийгээ ахиулсан уу, эсвэл хараахан хүрч чадсангүй юү?

-Би энэ жил УАШТ-д арван төрөлд оролцон, таван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Хурдны хөзөр төрөлд амжилт гаргаагүй. Багц (52 ширхэг) хөзрийг хамгийн богино хугацаанд цээжлэн, алдалгүй санасан тамирчин түрүүлдэг төрөл л дөө. 

Бэлтгэлийн үеэр УАШТ-д оюунаа сорьсон бүх төрлийнхөө дэлхийн дээд амжилтыг шинэчлэх хэмжээнд гүйцэтгэсэн. Түүнийгээ давтсан бол гурав бус, 10 төрөлд ахиулах байлаа. Заримыг нь ахиулж, цөөнгүйд нь хүрээгүй. Амжилтад орчин, сэтгэл зүй их нөлөөлдөг. Тэмцээний үеэр ялимгүй сандарчихлаа. Ер нь ийм амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Өнгөрсөн жил УАШТ-ээс долоон медаль авсан. Түүнийгээ энэ удаа ахиуллаа.

-Аль төрлийнх нь дэлхийн дээд амжилтыг хэдэн секундээр шинэчлэв?

-Хоёртын тоолол төрөлд оролцохдоо таван минутад 804 цифр цээжлэн, өмнөх амжилтыг нь 135-аар, түүхэн үйл явдалд өрсөлдөхдөө нэгээр шинэчилж 71, тооны марафонд оюунаа сорихдоо 10 минутад 706 цифр тогтоон, 266-гаар ахиулсан.

-Өмнө нь дэлхийн дээд амжилт шинэчилж байсан бил үү?

-Хоёр жилийн өмнө Азийн АШТ-д анх удаа өрсөлдөхдөө нэг багц хөзрийг 26 секундэд цээжлэн, алдалгүй санаснаар дэлхийн дээд амжилтын эзэн болсон. Тэр амжилтыг монгол тамирчин шинэчлэн, эзэмшиж байгаа. Нээрэн, 2017 онд Азийн АШТ-д өрсөлдөхдөө ёстой хөгтэй. Алтан медалиа хятад тамирчинтай санаандгүй сольчихсон. Одоо надад түүний мөнгөн медаль бий.

-Таны анхны медаль, тэгээд бүр Азийн аваргынх болохоор эрхэм байх. Солиог нь гаргах бодол бий юү?

-Тэгж боддоггүй ээ. Азийн АШТ-ийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг болохоор түүнээс хойш оролцоогүй.

-Бага эгч тань ой тогтоолтоор хичээллэдэг байсан нь Ш.Наранбатыг эл спортод хөл тавихад хэр нөлөөлөв?

-Их нөлөөлсөн. Би эхээс гурвуулаа. Бага эгч минь их мундаг, өндөр амжилт гаргахаар байсан ч оюутан болсныхоо дараа спортоо орхичихсон. Хичээл ихтэй болохоор бэлтгэл хийж амжихаа больсон л доо. Би багаасаа ой тогтоолтын спортыг сонирхон, Х.Хатанбаатар багшийн хичээл, ярилцлагыг зурагтаар үзэх дуртай байлаа. 

Тэгж явсаар 2016 оны арваннэгдүгээр сард Б.Баасандорж багшаар заалган, эл спорттой амьдралаа холбосон. Одоо ч бэлтгэлээ багшийнхаа удирдлагад хийдэг. Анхандаа хичээл, спортоо хослуулах амар байгаагүй. Тэмцээнд оролцохын тулд хичээлээсээ олон хоногийн чөлөө авна, дараа нь нөхнө. Одоо хэцүү санагдахаа больсон, бүр дасчихсан. 

Бэлтгэл хийгээд удаагүй байхдаа УАШТ-д өрсөлдөхдөө амжилт гаргаагүй ч их туршлага хуримтлуулсан. Анх удаа тэмцээнд оролцсон минь тэр. Дараа нь Азийн АШТ-д оюунаа сорихдоо алт, мөнгөн медаль авч, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн.

-УАШТ-ээс өөр тэмцээнд оролцоогүй байхдаа тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдсөн юм уу?

-Тийм ээ. Олон улсын тэмцээнд анх удаа оролцсон болохоор Азийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилнэ гэж ёстой төсөөлөөгүй. Төрийн дуулал эгшиглэхэд гоё санагдсан, их урамшсан. Амжилтын салхиа хагалж, медаль хүртэхэд сэтгэл их хөдөлдөг юм билээ. 

Тэмцээний дараа гэр бүлийнхэнтэйгээ холбогдоход ээж “Хүүгээрээ бахархаж байна. Мундаг шүү” гэсэн. Тэр жилээ ДАШТ-д анх удаа өрсөлдөхдөө дэлхийн аварга болж, нэг алт, зургаан мөнгөн медаль авсан.

-Өнгөрсөн жил ДАШТ-д амжилтаа батлах, дэлхийн хошой аварга болох зорилготой өрсөлдсөн байх. Ганзага хоосон хоцроход хэцүү байсан уу?

-Уйлмаар санагдсан. Шар гозойгоод бусад тамирчинтай ганц ч зураг авхуулаагүй. Монголд ирснээсээ хойш бэлтгэлээ өмнөхөөсөө олон цагаар хийж байгаа. 2018 оны ДАШТ-д Хятад, БНАСАУ-ын тамирчид цахиур хагалсан. Тэд тамирчдаа хичээлээс нь чөлөөлж байгаад бэлтгэсэн гэнэ лээ. Хойд Солонгосын дасгалжуулагч л гэхэд туршлага судлахын тулд Монголд гурван удаа ирсэн гэж дуулсан.

-Улсаас тамирчдаа дөмөгхөн дэмжвэл амжилт нь огцом ахьдагийн жишээ тэр л дээ. Та бүхнийг улсаас хэр дэмждэг вэ?

-Уг нь оюуны спортын тамирчдаа дэмжинэ гэж албаны хүмүүс зурагтаар үргэлж шахам ярьдаг шүү дээ. Гэхдээ биднийг дэмждэггүй. Би гэлтгүй эл спортоор хичээллэж буй тамирчид тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлаа хувиасаа гаргадаг. Ивээн тэтгүүлж, харьяалагддаг байгууллага надад байхгүй. 

Сая УАШТ-ий үеэр ТЭСО корпорацын гүйцэтгэх захирал Наранбат ах намайг шагнасанд их баярласан. Түүнд болон Монголын оюун ухааны академийн хамт олон, Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан багш, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.

-Эл спортын аль төрөлд нь илүү дуртай вэ. Онцолж бэлтгэл хийдэг төрөл бий юү?

-Хоёртын тоолол миний сонирхлыг илүү татдаг. Монгол тамирчид эл төрөлд илүү амжилт гаргадаг. 2013 онд ДАШТ-ий эхний 13 байрыг монголчууд эзлэхдээ дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчилсэн.

-Ой тогтоолтын спортод сэтгэл зүй их чухал. Тэмцээний өмнө хэрхэн төвлөрдөг вэ?

-Аль болох юу ч бодохгүй байхыг хичээдэг. Сандрахаараа гүнзгий амьсгаа аван, нүдээ аниад л суучихдаг.

-Олон улсын зэрэг, цолны болзол хангахад хэр дөхөөд байгаа вэ?

-Оюун ухаан спортын оргил цол болох олон улсын их мастерын болзол хангахыг хүсдэг. Тэгэхийн тулд зөвхөн ДАШТ-д өндөр амжилт гаргах шаардлагатай юм билээ. Би ирэх жилээс өсвөр үеийн ангилалд оролцоно. Ер нь насанд хүрэгчдийн ангилалд ч жигд амжилт гарган, дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж чадах байх.

-Оюуны спортоор хичээллэснээр амьдралд тань гарсан хамгийн том өөрчлөлт юу бол?

-Хичээлдээ эрс сайжирч, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг болсон. Бас тэвчээртэй сууж сурсан. Ер нь бүх зүйлд хэрэг болдог. Хэрэгтэй зүйлээ хүссэн үедээ санана, утсан дээрээ бусдын дугаарыг ер хадгалдаггүй. Хэрвээ хэрэггүй гэж бодвол тэгээд л мартагдчихна. Хичээлээ нөхөхөд ямар ч бэрхшээл гардаггүй. 

Манай ангийнхан “Чам шиг супер тархитай болох юм сан” гэдэг ч эл спортоор тууштай хичээллэдэггүй. Ээж “Уулзсан хүнийхээ царайг мартчих гээд байх юм. Дараа нь тааралдахаараа танихгүй гомдоох вий. Хүний нэр, зүс царай цээжлэх төрлөө заагаад өг” гэсэн. Би тэгж байгаад ээждээ зааж өгнө өө. Хамгийн хэцүү төрлийн нэг нь л дээ. 

Тухайн хүний зурагны доор цээжлэхэд аль болох эвгүй, түгээмэл бус хоёр нэр бичдэг. Таван минутын хугацаанд 60 зурагтай, 120 нэр цээжлэн, алдалгүй санах ёстой. Нэрийг нь буруу бичвэл алдсанд тооцдог.

-Ирээдүйд ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?

-Би математик, түүхийн хичээлдээ илүү сонирхолтой. Ирээдүйд бизнесмэн болохыг хүсдэг. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох дуртай. Хичээл, бэлтгэл гэсээр тоглох зав бараг гардаггүй. Бэлтгэлээ өдөр бүр хийдэг. 

Өглөө хичээлдээ явж, 13.00 цагийн орчимд гэртээ ирж, цайгаа уудаг. Дараа нь клубтээ очиж, бэлтгэлээ хийгээд 21.00 цагийн үед ирдэг. Тэгээд л гэрийн даалгаврыг хийгээд унтана. Ер нь миний нэг өдөр иймэрхүү л өнгөрдөг.

-Азийн АШТ, ДАШТ-ээс өөр олон улсын тэмцээнд оролцдоггүй чинь сонирхол татаж байна. Яагаад тэгдэг юм бэ?

-Чансаатай цөөхөн тэмцээнд оролцох хэрэгтэй гэж багш захидаг. Тийм болохоор олон улсын тэмцээнд оюунаа сорьдоггүй юм. Энэ жил олон улсын нээлттэй тэмцээн Монголд болно. Улсынхаа дэвжээнд зохион байгуулагдах тэмцээнд өрсөлдөнө. Азийн АШТ, ДАШТ-д түрүүлж, өөр олон төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэх нь 2018 онд тавьсан зорилго маань.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)