​Ш.Гүрбазар: Ц.Балдорж бид хоёрыг жүжгийн зохиолч гэдгээр нь дурсаасай


Ярилцлага эхлэхийн өмнө Ш.Гүрбазар гуай бид хоёр нэг зүйлийг тохиролцлоо. Тэрээр 16 настайдаа эхнэр авсан талаараа болон “Говийн ганц айл” нэвтрүүлгээ олон удаа ярьсан тул үүнийг л битгий асуугаарай гэж аминчлан гуйсан юм. Энэ талаар асуухгүй бол илэн далангүй ярилцах болно гэдгээ ч амласан. Энэ утгаараа түүний огт ярьж байгаагүй түүхийг сөхөж ярилцахыг зорилоо. Тэрээр энэ удаад хайртай манаач аавынхаа тухай, мэргэжил нэгт анд Ц.Балдоржийн талаар, мөн номын багш Д.Намдаг гуайгаа дурсан, сэтгэлээ уудалсан юм. Та бүхэндээ жүжгийн зохиолч, яруу найрагч, хөтлөгч Ш.Гүрбазар гуайтай хийсэн ярилцлагаа хүргэж байна.


“Ааваасаа сайн аав байж чадаагүй”

-Таныг монголын сэтгүүл зүй болон утга зохиолын хөгжилд их зүйлийг хийсэн хүн гэдгийг манай уншигчид мэднэ. Харин хоёр охиныхоо хувьд хэр сайн аав болох, энэ их ажлын хажуугаар эцэг хүний үүргээ хэрхэн биелүүлдэг талаараа хуваалцаж болох уу?

-Гэр бүлийн нарийн ширийн асуудлыг эхнэр л зохицуулдаг юм. Ерөнхий чигийг нь л заана уу гэхээс тэр бүр амьдралд нь оролцоод байсан нь юу л бол. Манай том охин Германд, бага охин Италид төгссөн. Охин хүүхдүүд аавдаа сайн байдаг. Би хүүхдүүдийнхээ дэргэд хүнтэй хэрэлдэж үзээгүй. Тиймдээ ч миний үгийг сонсдог юм шиг байгаа юм. Ямартай ч хэлсэн үг минь гэртэй ч гэргийдээ ч үнэтэй, үр хүүхдэдээ ч жинтэй хүрдэг гэдгийг мэддэг. Гэхдээ ааваасаа сайн аав байж чадсан нь юу л бол.

-Танаас сайн аав байсан гэхээр дурсах зүйлтэй хүн байсан болов уу. Та аавынхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний аав манаач хүн байсан. Би түүнийг гайхалтай аав байсан гэдгийг хоёрхон зүйлээр мэддэг. Тэр намайг хэн болох вэ гэдгийг 1 дүгээр ангид байхад минь л олж харсан юм. Хүүхдийнхээ ирээдүйг харж чаддаг аав бол хамгийн мундаг аав байдаг болов уу гэж би боддог. Одоогоор хүүхдүүдийнхээ юу хүсэж байгааг аав шигээ сайн мэдрээгүй л байна. Намайг сургуулиа төгсөөд, хотод амьдарна гээд ирэхэд аав минь дагаад л ирсэн. Хотод орон байргүй хүн чинь ядарна даа. Гэхдээ миний хүүгийн зорьсон газар байвал би хаана ч байсан яах вэ гэж байсан юм даа.

-Аав тань танаар бахархаж байв уу?

-1977 онд би “Хүний амь” гээд кинонд тоглож байсан. Оюутан байсан үе юм даа. Кино маань аймгийн театрт гарахаар болж аав минь хоёр удаа үзэх гэж очоод чадалгүй буцсан гэдэг. Энэ кинонд миний хүү тоглож байгаа шүү дээ гэхэд нь “Манаач худлаа яриад” гэж даапаалсан байгаа юм.

Амралтаараа намайг гэртээ очиход аав “Миний хүү орой болтол аавтайгаа хамт байгаарай” гэж шивнэж байсан. Тэгсэн гол нь намайг хүмүүст харуулах гээд байсан юм билээ. Тухайн үед би аавынхаа бахархал болсон гэдгээ мэдэрч, зөв замаар яваа гэдэгтээ итгэсэн.


-Эцэг хүн хүүхдийнхээ нарийн ширийн зүйлд оролцоод байдаггүй ч алсыг нь харж шийдвэр гаргадаг байх шүү. Таныг сайн бичгийн хүн болно гэдгийг их эрт харсан бололтой.

-Аав минь намайг нутагтаа ир гэж дуудсан бол би нэг сургуулийн багш л болох байсан. Хүний амьдралын зүг чигийг аав нь тэгээд хань нь л заадаг юм. Аав бол хүүгийнхээ холыг хардаг. Эцэг эх хүн үрийнхээ зорилгын төлөө л амьдрах ёстой. Өөрийнхөө төлөө үрээ зарж болохгүй. Би ядарч байна, чи намайг асрах ёстой гэж шаардаж хэзээ ч болохгүй. Гагцхүү миний хүүхэд хаана зөв байна, тэндээ сайн байгаасай гэж залбирч амьдардаг гэдгийг би ааваасаа ойлгосон. Миний хүүхдийн зорилго зөв байвал миний буян тэр байх. Хэвтэрт байгаа хөгшин хүртэл “Миний хүү Монголд сурахгүй юм бол Москвад сурдаа” гэж явуулж байсан гэдэг.


Хэвлэл мэдээллийн бай болж байх үед Ц. Балдорж л надад тусалж байлаа

-Магадгүй та бидний урилгыг уриалгахан хүлээж авсан нь манай сонины эрхлэгч агсан Ц.Балдорж гуайтай нөхөрлөж явсных байх. Та хуучны сайхан цагийг эргэн дурсахгүй юу?

-Ний нуугүй хэлэхэд Ц.Балдорж агсны талаар бага дуугарч байна. Би түүнийг “Үнэн” сонинд сурвалжлагч байхаас нь л найзууд юм. Н.Шүр, Бал хоёрыгоо танилцаж байх үеийг ч мэднэ.

"25 дугаар суваг" телеивизийн З.Алтай бид хэд найзууд байлаа. Сүртэй тэврэлдээд, нялуурч яваагүй ч гэсэн хүнийхээ хувьд их ойрхон байсан юм. Ёстой эр хүн шүү. “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг Ц.Балдорж бичиж, "Говийн ганц айл"-ыг Ш.Гүрбазар бичиж, "Цаг үе залуучууд"-ыг З.Алтай дуугарсан энэ гурван сэтгүүлчийн буянаар монголын ардчилал нэг алхам урагшилсан гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Тиймээс ч бид гурвыг монголын ард түмэн ардын их хурлын депутатаар 100 хувь дэмжин, гаргаж ирсэн. Бидэнд юмаа яриад суудаг байсан сайхан дурсамж бий.

-Эргээд дурсахад юу сайхан байдаг вэ?

-Би 1994 онд кино хийгээд шатаж байлаа. Ёстой амтай бүхэн муулж, хөлтэй бүхэн дэвсэлж байсан үе. Гэхдээ хийсэн кино маань Японд бол хэдийнэ алдартай болсон. Одоо эргээд алдарших ч байх. Тухайн үед би 25 000 доллар зээлж хийгээд шатсан. Тэр үед Ц.Балдорж намайг дуудаад “Миний найз уран бүтээл хийгээд ядарч яваа юм байна. Найз нь чамд яаж туслах уу?” гэж асууж байсан юм даа. Тэгээд надад 500 000 төгрөг өгч байсан юм. Намайг өрөнд орлоо гэхэд бүх сонин хэвлэл намайг элдвээр бичиж байхад ганцхан Ц.Балдорж л эр хүн шиг зан гаргасан даа. Тухайн үед найзын минь өгсөн 500 мянга одоо надад 50 сая төгрөгтэй дүйцэхүйц санагдаж байна.

-Ахмад сэтгүүлчдээсээ сонсоход “Адилхан сэтгүүлчээ ядарч явахад нь өр ширэнд орлоо гэж битгий нэмж бичээрэй” гэж Ц.Балдорж эрхлэгч захисан юм билээ.

-Намайг хулгай хийгээгүй уран бүтээл хийсэн гэдгийг ойлгосонд нь баярлаж явдаг юм. Түүнийг хүмүүс нийтлэгч, төр нийгмийн зүтгэлтэн байснаар нь л мэдээд байна. Найзынхаа талаар дурсахад Ц.Балдорж их сайн жүжгийн зохиолч шүү дээ. Үгүй гэвэл “Хэрээ” гээд зохиолыг нь уншаарай. Их сайн бичсэн.

Жүжиг биччихээд над руу хааяа залгана. Жүжгийн түүврээ гаргаач гэж би захидаг байсан даа. Түүний “Хэрээ” жүжиг Монголыг цочроож байсан. Бид хоёр нийлж жүжгийн түүвэр гаргана гэж ярьдаг байсан юм. Бал намайг “Чи удахгүй гавьяат авна” гэж тас тас хөхрөөд хэлсэн удаатай. Их гоё инээдэг шүү дээ. Даанч залуугаараа бурхан болсон. Одоо амьд байсан бол надаас хэдхэн л ах байх байсан. Хүний зовлон хэцүү шүү дээ. Балыгаа бодохоор самсаа шархирдаг юм. Тэглээ гээд энд ирээд уйлаад байлтай биш. Тэр нэг жил Ц.Балдоржид маань хөшөө босгоход Д.Нямаа гуай өмнө нь суугаад уйлж байсныг тод санадаг. Би дотроо аргагүй дээ ойлгож байнаа гэж бодож байсан. Тэр хүн юу бодож уйлж байсныг таашгүй. Агуу их Долгорын Нямаа энэ хүний араас уйлж байсан гээд бодохоор л энэ хүний нөлөөг ойлгож болох байх.

-Хэвлэл, мэдээллийн салбар дахь түүний орон зайг та хэрхэн дурсах вэ?

-Монголд сонины бодлогыг барьж өгсөн, сонин яаж бий болох, хэвлэл яаж бизнес болохыг заасан загалмайлсан эцэг бол Ц.Балдорж байсан. Түүнд хувийн ТҮЦ ч байхгүй. Гэхдээ оюуны өмчийг яаж борлуулах болох вэ гэдгийг тэр харуулсан. “Дэлхийд 100 хувь чөлөөт телевиз гэж байдаггүй юм” гэж тэр хэлдэг байсан. Гэхдээ ард түмэнд арай илүүтэй үйлчлэх ёстойгоо ч бас мэддэг байсан.

Хүмүүс аливаа асуудалд баримжаа авахдаа “Өнөөдөр” сониныг барьж үздэг, гарсан нийтлэлд нь итгэдэг юм. Түүнтэй холбоотой олон сайхан дурсамж надад бий. Зах зухаас нь хуваалцъя.

А.Авирмэд, Л.Жаргалсайхан, З.Алтай нийлээд чөлөөт телевиз байгуулсан юм. Би бас зохиогчийн телевиз байгуулаад хэдэн тийшээ гарсан. З.Алтай уурлах болов уу яадаг бол. 25 дугаар телевизээ байгуулахын тулд зах дээр төмөр зарахаас авахуулаад их юм хийсэн дээ. Тухайн үед “Эд нар нэг л учраа олохгүй байна даа” гэж Бал маань тусалсан гэдэг. Бид нар өөрсдийн хүчээр гарч ирсэн гэж З.Алтай хэлэхгүй байх. Тийм тэнэг хүн биш. Бал маань сугандаа хавчуулаад явсан тулдаа өдий зэрэгтэй болсон гэдгийг хэзээ ч хэлнэ. Хэлэхгүй гэвэл би хэлж өгнө.


Бас нэг хөгжилтэй түүх бий. Нэг удаа Бал маань “Би чиний сэрээ барьчихсан сууж байгаа нэг зургийг сониндоо хийчихсэн шүү. Шударга ард түмний хүүхэд Ардын их хурлынхныг сэрээддэг юм" гэж билээ. “Өнөөдөр” сонин өрөнд орсныг минь бичээгүй мөртлөө сэрээ барьсан зургийг минь харин хийчихсэн байсан шүү. (инээв)

Мартсанаас Ц.Балдоржийн гэргий Н.Шүр бид хэд 30-аад жилийн өмнө хамт Намын дээд сургуульд суралцаж байсан найзууд. Нэг удаа бид ярилцлага авах болсон чинь Орос хэл мэддэг нь ганцхан Н.Шүрээ л байсан. Тэгээд бүгд Шүрээ хийх ёстой, бид нар хуулах ёстой гэсэн ойлголттой болчихсон. Тэгсэн манай ангийн н.Ойдов гуай бүр албатай юм шиг “Шүрээ миний хүү хурдлаарай. Би яарч байна шүү” гээд сууж байдаг байсан. (Инээв)

Ингээд бодоход Ц.Балдоржийг магтъя гэж магтаагүй манайхан дандаа ярьдаг юм. Өрөвдье гэж өрөвдөөгүй, өөрөө бодогдоод болдоггүй юм. Би хувьдаа Ц.Балдоржийн нэг түүвэр байх ёстой гэж боддог. Ц.Балдоржийн нэрэмжит жүжгийн зохиолчийн уралдаан таван жилд нэг удаа зарлавал сайн сан. Хэрэв Ц.Балдорж одоо амьд байсан жүжгээрээ төрийн шагнал авах байсан. Одоо ч жүжгүүдийг нь эмхэтгээд гаргачихад гэмгүй дээ. Миний хувьд ч гэсэн сэтгүүлч, хөтлөгч гэхээсээ илүү жүжгийн зохиолчийн статусдаа хайртай юм шүү. Ер нь Ц.Балдорж бид хоёрыг жүжгийн зохиолч гэдгээр нь ч бас дурсаасай гэж боддог.


-Та хоёр хоёулаа утга зохиолын суурьтай сэтгүүлчид. Баримт дээр утга уянгыг нэмж чадсан болохоор хүний сэтгэлд хүрж чаддаг байсан юм болов уу?

- Бид хоёроос гадна манай З.Алтай ч бас их драматик сэтгэнэ дээ. Ер нь “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийг жүжгийн зохиолч хүн л бичиж чадна. 1980-аад онд ингэж дуугарна гэдэг баргийн хүний зүрхэлж хийх ажил биш дээ. “Ардын эрх”-д ажилладаг байхад Л.Түдэв гуай Ц.Балдоржийг магтдаг байсан юм. Хүмүүс ер нь амархан мартдаг тул “Өнөөдөр” сонин сануулах ажлыг нь хийгээсэй гэж хүсэж байна.


Сайн багшийн мундаг шавь Ш.Гүрбазар

-Та аав болон найзынхаа талаар дурслаа. Харин одоо багшийнхаа талаар ярихгүй өнгөрвөл тоогүй байх. Таныг зохиолч Д.Намдаг гуайн шавь байсан гэж дуулсан юм байна.

-Оролмаа жүжгийг сэргээн бичсэнийхээ дараа л би өөрийгөө Д.Намдаг гуайн шавь гэж итгэсэн юм. “Та л энэ жүжгийг хөдөлгөнө дөө” гээд УДЭТ-аас тус жүжгийг дахин бичих санал тавьсан. Намайг бичсэний дараа үр хүүхэд нь уурлаагүй, шавь нар нь ч үг хэлээгүй. Багш минь хэлэхдээ “Чи дэндүү олон юм руу үсчих юм даа. Уг нь чамайг жүжгийн зохиолч болно” гэж найддаг юм гэж хэлсэн удаатай. Би энэ хүнийг дагасны буянд жүжгийн зохиолч болсон. Миний Д.Нацагдоржийн талаар бичсэн жүжгийн зохиол Д.Намдаг багш бид хоёрын ярьдаг байсан зүйл. Хүмүүс намайг хөтлөгч гээд байдаг. Үнэндээ би жүжгийн зохиолч хүн шүү дээ. Сүүлд би “Бодь гөрөөсний зүүд” гэж шүлэглэсэн роман бичсэн. “Монголд драмын яруу найраг хэрэгтэй. Намайг дуурайж битгий яруу найраг бичээрэй” гэж Б.Явуухулан гуай хэлж байсан гэдэг. Миний бичсэн роман бол бараг жүжиг. Шүлэглэсэн жүжиг юм.Би оюутан байхдаа багшийнхаа гэрт очоод байхуу цай уугаад л суудаг байсан сан. Хүн орж ирээд “Ямар даварсан оюутан бэ чи” гээд загнадаг байсан юм. Би олон сайхан багштай хүн. Тиймдээ ч өдий зэрэгтэй явж байгаа гэж өөрийгөө боддог. Арван жилд маань Р.Батжаргал гээд мундаг багш байлаа. Долдугаар ангид байхдаа л шөнийн гурван цаг хүртэл гэрт нь зохиол ярьж суудаг. Дунд сургуулийн жаахан хүүхдийг шөнө хүртэл тэгж суулгадаг багш гэж байх уу? Одоо СУИС-ийн оюутнууд надтай ярих гэхээр нь миний залхуу хүрээд байдаг юм. Харин миний багш ямар азаар намайг тээршаадаггүй байгаа вэ. Тиймээс би багшийгаа боломж гарвал ярих дуртай.

-Жүжгийн зохиолч байхын онцлог юу вэ?

-Зохиолчид дотор хамгийн атаман нь жүжгийн зохиолчид байдаг юм. Арай том юм бодож сэтгэдэг болоод тэр. Яруу найрагчид бол өөрийнхөө хувь заяаг л бичдэг. Жүжгийн зохиолчид хүний хувь заяаг бичдэг. Тиймээс Эсхил, Уильям Шекспир дэлхийд алдартай байдаг юм. Жүжгийн зохиолч хүн төрөлхтөний хувь заяаг, яруу найрагч дотоод онгодоо бичдэг гэдгээрээ ялгаатай. Бүх эмч нар дотроос хамгийн пээдгэр нь мэс заслын эмч байдагтай адилхан. Жижиг сажиг ажил төрөл цэгцрээд одоо л би жүжиг бичиж, үндсэн ажил руугаа орж байна даа. Би өөрийн бичсэн шүлэг, яруу найраг юухнаа ч сайн болсон гэж ам бардам хэлж үзээгүй. Гэхдээ сүүлд гаргасан номоороо бол жаахан онгирч болох юм байна гэж бодоод байгаа. Яруу найрагч, жүжгийн зохиолч, сэтгүүлчийн бүх туршлага багтсан юм. Б.Явуухулан гуай хэлэхдээ “Би Тэхийн зогсоолыг бичсэн юм шүү дээ” гэж байсан шиг бичсэн номоороо бахархмаар санагдлаа.


-Нээрэн л бид Д.Нацагдорж агуу зохиолч гэж ярьдаг мөртлөө амьдралыг нь жүжиг болгоно гэдэг санаж яваагүй юм билээ. Ер нь олон зохиолчдын туулсан амьдралаас харахад уран бүтээлч хүний амьдрал таны зохиолын нэр шиг “жаргаагүй”,жаргадаггүй нар шиг байх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Д.Нацагдоржийн талаар судлаачид маш олон баримт цуглуулсан байдаг. Би бүгдийг нь уншсан. Алтан дунджийг нь баримталж бичихийг хичээсэн. Нацагдорж судлаачид миний эсрэг юм бичээгүйд баярладаг. Хүн хүсэл мөрөөдөл нь дуусахаар төгсдөг гэдэг үг байдаг. Энэ үг бол энэ жүжгийн философи юм. Д.Нацагдоржийг 30 гаруйхан настай хайран залуу зохиолч гэдэг. Үнэндээ түүний хүсэл мөрөөдөл дуусчихсан юм. Д.Нацагдоржид юу ч үлдээгүй. Хүнд нэг л юм байвал амьдардаг байхгүй юу. Ижий, эхнэр, хүүхэд ч байхгүй. Хувьсгалаас илүү түүнийг цөхрөөсөн зүйл бол энэ. Хазгар ч гэсэн хүн амьдардаг биз дээ. Тэр хувьсгалд уурлаад үхсэн гэж би хардаггүй. Нийгэм эдийн засгийн байдлаас болоод хүн үхдэггүй. Бага тархи нь сөнөвөл үхдэг юм. Хэрэв мөрөөдөл нь дуусаагүй бол 80 настай ч үхэхгүй. Үүнд хэлмэгдэлт бол хоёрдугаар зэргийн асуудал. Шоронд орно гэдгээ тэр угаасаа мэдэж байсан. Нина Чистякова, Д.Пагмадулам хоёрт гомдоод хайр сэтгэл нь дуусахтай зэрэгцэн тэр бөхсөн.

-Танд ойрын ирээдүйд хийе гэж бодож, зорьж байгаа зүйл байна уу?

-Н.Сувд гуайд би жүжиг бичиж байгаа. Долигонож байгаа юм биш шүү. Чадалтай жүжигчинд зориулж бид хөдлөх ёстой. Би драмын театртай яриад Н.Сувд гуайг тоглуулаарай гэж хэлсэн. Ёсоор болгох байх. Мөн Н.Жанцанноров гуайтай хамтраад дуурь бас хиймээр байна.

-Бидэнд захиж хэлэх зүйл танд олон байгаа байх. Хуваалцахгүй юу?

-Би Монголын урлагт 40 гаруй жил зүтгэжээ. Ингээд харахад нийгмийн сэтгэлгээ л уначихаад байгаад харамсаж байна. Эдийн засаг унаж болдог. Гэхдээ сэргэчихдэг. Харин монголчууд сэтгэлгээгээрээ унана гэдэг байж болохгүй зүйл. Би аль ч намын гишүүн биш. Манайхан хэтэрхий улс төрийн тоглоом руу улайрч, хялбархнаар тоглох гэснээс асуудал үүснэ шүү. Ард түмний найдвар бүрэн унтрахаас нь өмнө гээд наймхан жил хичээчихэд энэ улс орон чинь босоод ирнэ. Би сэтгүүлч хүн. Одоо бол хоёр хөрш аль аль нь бидний асуудалд оролцохгүй байгаа. Оролцохгүй байж байгаад унах нь уу, сэхэх нь үү гэдгийг нь харах гэж тэгж байгаа юм. Юунд нь ч оролцохгүй байгааг харж байгаа биз. Жаахан ухаантай байгаасай. Үүнд би зохиолоороо л нөлөөлөх гэж хичээнэ. Ямар жагсаал цуглаан хийгээд, сонгуульд нэр дэвшээд явалтай биш. Энэ бүхний төгсгөлд хэлэхэд “Өнөөдөр” гэдэг бол маргаашийг бодох бодомж юм байна. Өчигдөрт тавигдах үнэлгээ юм. Өнөөдөр зөв байвал маргааш тунгалаг байна. Танай сонинд сайн сайхан бүхнийг хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()