Ш.ГОМБОДОРЖ: Одоо уралдана, УАЗ-аа ч бэлдсэн

Ш.Гомбодорж авто спортын шилдэг тамирчдын нэг. “Д.Болдбаатар тэр хоёрын өрсөлдөөнгүй тэмцээн сонирхолгүй” гэх яриа авто спорт сонирхогчдын дунд байдаг нь оргүй ч юм биш. Аавыгаа дагаж тээврийн жолооч болсон түүнийг ах Ш.Гансүх нь ятгасаар байгаад тамирчин болгосон гэдэг. Түүний аав Гавьяат тээвэрчин У.Шархүү гуай. Найман хүүхэдтэй өнөр өтгөн айлаас өдгөө гурав нь ОУХМ, хоёр нь спортын мастер цолтон болжээ. Аваргын эгч нь Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа. Харин эмэгтэй дүү Ш.Пагмадулам нь самбо бөхийн дэлхийн аварга, дүү нь боксын тамирчин, спортын мастер Ш.Ганзориг. Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг авто ралли, “Мастер кросс”-т 68 дугаартай хурд сорин 28 удаа түрүүлж, “босоо” хэмээн алдаршсан аварга маань авто ертөнцдөө эргэн ирж, уралдахаар зэхэж байна. Спорт сонирхогчдыг уран уралдаан, явалтын техникээрээ гайхшируулдаг, “Автохим”, “Алтай констракшн”, “Speed еnergy Mongolia” XXK, “Аваргууд” клубийн тамирчин түүнийг “Таван цагариг”-ийн зочноороо урилаа.

-Авто спортын ертөнц адал явдлаар дүүрэн. Үзэгчдийг ихээхэн татдаг энэ спорт өдгөө таны хобби болжээ.

-Авто спортод хөл тавьсан миний түүх их сонин. Энэ спортод олонх тамирчин сонирхолдоо хөтлөгдөж орсон байдаг юм билээ. Би эхэндээ уралдаан огт сонирхдоггүй байлаа. 2004 оны хавар нэг өдөр Гансүх ах Дарханд авто спорт сонирхогчдын “Чингис мастер кросс” болно, чи оролц, ах нь чамд УАЗ-аа өгье” гэхэд нь “Өө, би уралдаж чадахгүй. Тэгээд ч барьж сураагүй” гээд цааргалсан. Тэгсэн ах машиндаа бараг хүчээр суулган авч яваад уралдууллаа. Ингэж анх удаа уралдаанд хурд сорьж, тоосоо өргөсөн нь тэр. Түрүүлж явтал машинд саатал гарч, тэмцээнийг орхисон. Тэр үед миний уралдахыг ОУХМ Ж.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэбилэг, С.Эрдэнэчулуун, Х.Ганхүү нарын туршлагатай тамирчин хараад ахад “Чи дүүгээ хойшид уралдуул. Амжилттай уралдахаар харагдаж байна” гэж хэлсэн гэдэг. Тэмцээний дараа ах “Миний дүү уралдаарай” гэж урам хайрлаад УАЗ-аа бэлэглэж байв. Тамирчид уралдах автомашиндаа их мөнгө зарцуулдаг бол би нэг ч төгрөг гаргалгүй, ахынхаа машинаар уралдаж, тамирчин болох гараагаа эхэлсэн.

-Таны ах Ш.Гансүх хүү Бат-Эрдэнийнхээ хамт уралддаг. Ах, дүүс, гэр бүлээрээ уралдахын давуу тал тэмцээнээс харагддаг уу?

-Ах бид хоёрын уралдахыг харсаар байгаад Бат-Эрдэнэ энэ спортод дурласан. “Мастер кросс”-т түрүүлээгүй ч чамлахааргүй амжилт гаргаж яваа. Мөнгө, хүрэл медаль хүртэж, айргийн тавд багтдаг тамирчдын нэг болсон.

-Таны хүчтэй өрсөлдөгч ОУХМ Д.Болдбаатар. Аваргууд уралдааны замд өрсөлдөгч ч амьдрал дээр сайхан нөхөрлөдөг гэж дуулсан юм байна.

-Намайг уралдаж эхлэхэд тэрбээр олны танил тамирчин болчихсон, завсаргүй түрүүлдэг байлаа. 2006 онд Монголын авто мастеруудийн тэмцээн болоход би анх удаа түрүүлсэн юм. Түүнээс хойш бид олон айраг, түрүү булаалдаж, алт, мөнгөн медалийн төлөө өрсөлджээ. Тэмцээнд түрүү байрын төлөө урд, хойноо орж уралдахдаа нэгнийхээ машиныг сэвтээж ч үзээгүй. Би түүнийг, Д.Болдбаатар ч мөн адил намайг хүндэлдэг. Чадвартай, туршлагатай тамирчны өрсөлдөгч болж, уралдаж сурсандаа баярладаг юм. Тамирчин хүн сайн өрсөлдөгчтэй байхад өөрийгөө хөгжүүлж чаддаг. Бидэнд нэгнээсээ суралцах зүйл олон. Харин амьдрал дээр сайхан нөхөрлөдөг. Д.Дамдинхорлоо гуай манай аав хоёр нэг машинд суучихсан “Хэн нь ч түрүүлсэн яах вэ. Хоёр хүү саадгүй сайхан уралдаасай” гэж ерөөгөөд уралдаан үзэж байсан удаа олон. Д.Дамдинхорлоо гуай намайг үнсээд “Хүү минь сайн уралдаарай” гэж амжилт хүсээд уралдааны замд гаргасан удаа ч бий. Хүүгийнхээ өрсөлдөгч гэж бодохгүйгээр намайг хүндэлж тэмцээнд гаргадагт нь их баярладаг. Авто спортод авьяас, мэдрэмж, ур чадвар, сэтгэл зүй чухал. Хэдийгээр эр зоригийн спорт ч гэлээ авьяас байхгүй бол уралдахгүй шүү.

ДАГВАА АВАРГА ШИГ АВАРГА БОЛНО ГЭЖ 68 ДУГААРЫГ СОНГОСОН

-Үзэгчдийн нүдэн дээр шударга өрсөлддөг уралдаан бол “Мастер кросс”. Таныг олон удаа түрүүлэхэд фэнүүд тань баярлуулсан байж таарна. 68 дугаар олон түрүү авчирсан. Энэ тоо их учиртай байх аа?

-Авто спортын үзэгчдэд насны хязгаар байдаггүй юм. Найман настай хүүхдээс наян настай буурал хүртэл үзнэ. Надад спорт сонирхогчдоос урам хайрласан олон бэлэг ирдэг. Тэр дундаас нэг тэмцээн сэтгэлд мартагдахааргүй дурсамж болж үлджээ. 2013 онд болсон тэмцээнийг сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж үзэхээр ирсэн юм. Тэр тэмцээнд би түрүүлсэн. Аварга эхний гурван байрт шалгарсан тамирчдыг тус бүр 1000 ам.доллароор урамшуулсан. Миний хувьд монгол түмнийхээ хайрлаж, хүндэлдэг аваргаас тийм шагнал авсандаа одоо ч бэлгэшээдэг. Намайг анх энэ спортод орох үед тэрбээр Японд ид шуугиулж байлаа. Тэгээд л аварга шиг аварга болно гэж бодож 68 дугаарыг сонгосон.

-Таны гэр бүл спорттой салшгүй холбоотой. Нэг айлын хүүхдүүд спортод амжилт гаргана гэдэг ховор тохиол шүү.

-Тийм ээ, манай гэр бүл спортод дуртай. Ах, бид хоёр авто спортын тамирчин. Жүдо бөхийн ОУХМ, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа миний төрсөн эгч. Дүү Ш.Ганзориг минь боксын спортоор хичээллэдэг, спортын дэд мастер цолтой. Мөн дүү ОУХМ Ш.Пагмадулам самбо, жүдо бөхийн тамирчин. Залуудаа Т.Эрдэнэт-Од гавьяаттай ид өрсөлддөг тамирчин байв. Манайх наймуулаа өссөн. Нэг айлын хүүхдүүдээс тав нь спортын гурван төрөлд амжилт гаргасан байна. Бодоод байхад ингэж спортоор амьсгалсан гэр бүл ховор байх шүү.

-Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа шударга зантай. Эгчдээ хааяа магтуулж, шүүмжлүүлдэг үү?

-Миний уралдах тэмцээнийг эгч ирж үздэг. Дасгалжуулагч болохоор тамирчин хүнд ямар зөвлөгөө өгөхөө сайн мэднэ. Надад “Миний дүү гараанаас гарахдаа тайван байгаарай. Хүн өөрийгөө, тэр дундаа сэтгэл зүйгээ ялж байж сайн тамирчин болдог. Хэт их шатаж битгий уралд, чамайг олон тэмцээн хүлээж байгаа шүү” гэдэг юм. Энгийн үед ч гэсэн “Чи арай шуналтай давхих юм. Үүнийгээ л түрүүлж зас” гэнэ. Авто спортын анхны багш ах бол сэтгэл зүйн багш минь эгч. Автомашиныг маань уралдаанд бэлтгэж, явалтын техник зааж өгсөн хүний нэг нь ОУХМ Ц.Жаргалсайхан ах. Өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Намайг уралдаанаас анх олж харсан юм билээ. Алс байгаа хэрнээ уралдааны талаар байнга чих тавина. Түрүүлбэл “Шавь минь сайн уралдаж байна, баярлалаа” гээд ярьдаг юм. Сүүлийн үед “Чи уралдаанд яагаад цөөн оролцоод байна вэ” гэж их асуух болсон. Анхны түрүү минь миний амжилтын эхлэл болсон гэж боддог. Тэр тэмцээний дараа Ц.Жаргалсайхан ах “Д.Болдбаатарыг гүйцэх тамирчин бэлтгэмээр байна. Ах нь чиний машиныг янзалж өгье” гэв. Ингэж түүний шавь нь болж билээ.

УРАЛДАХААР ЗОРЬСОН БОЛ ХЭН Ч БИШ БИТГИЙ БАЙ

-Шавь нараас тань цахиур хагалж эхэллээ. Та ч сайн зөвлөдөг бололтой.

-Би шавь нартаа машинаа бэлд гэхээсээ илүү явалтын техникээ сайжруул. Спортын ямар ч төрөл өрсөлдөөн дунд хөгждөг. Тиймээс өрсөлдөгч тамирчнаа сайн мэдэрч уралдах хэрэгтэй. Уралдааны бичлэг үзээд тэднээс суралцах зүйл байвал сайн хар. Тухайн тамирчныг ялахын тулд өөр тактик хэрэглэх хэрэгтэй” гэж зөвлөдөг. Намайг ингэж өөрчилж чадсан хүн бол Д.Болдбаатар аварга. Тамирчин хүн өрсөлдөгчөө маш сайн судалж байж амжилт гаргадаг. Зөвхөн шавь нар гэлтгүй уралддаг залууст “Та нар техникээ эхлээд бэлдэж, дараа нь зас. Сургуулилалтаас гадна бие, сэтгэл зүйн бэлтгэлээ сайтар базаа. Авто спортод эргэж буцахгүйгээр хөл тавьсан бол хэзээ нэгэн цагт медаль зүүж л таарна. Уралдахаар зорьсон бол хэн ч биш битгий бай” гэдэг юм.

-Өөрийнхөө уралдаж түрүүлсэн цомоос шавь нартаа бэлэглэдэг гэж сонссон. Үүнийг тань урам өгсөн сэтгэлийн бэлэг гэж ойлгож болох уу?

-Болно, 02 дугаартай Д.Батзориг, 29 дугаартай Д.Эрхэмбаатар, 33 дугаартай М.Энхболд, 66 дугаартай уралддаг Б.Дашдаваа нар миний шавь. Шавь нараас Д.Батзориг минь түрүүлэхэд нэг л алхам дутаад байлаа. Сар шинээр надтай золгохоор ирэхэд нь Дарханд болсон тэмцээнд түрүүлээд авч байсан цомоо бэлэглэсэн юм. “Миний дүүд уралдааны шагналын өнгө дутаж байна. Сайн хичээвэл чи амжилт гаргана” гэж хэлсэн. Мөн отгон шавь М.Энхболдод чамгүй хүч, хөдөлмөр гарган уралдаж байж авсан нэг цомоо бэлэглэсэн. Намайг хүндэлж шавь тань болъё гээд ирсэн залууст би сэтгэлээсээ хандаж, урам зориг өгөхийг боддог.

-28 удаа түрүүлсэн таны фэнүүдэд хүлээлт үүсээд байгаа. Авто спортын ертөнцөд эргэж ирэхээ хэзээ зарлах вэ?

-Авто спортод хөл тавиад 16 жилийн нүүр үзэж байна. Тамирчин хүний ид иртэй үе гэж бий. Одоо ч миний уралдах эрч хүч хэвээрээ. Гэхдээ надад амжуулах ажил их байсан тул спортоо түр хойш тавьсан. Одоо уралдана, УАЗ-аа ч бэлдсэн. Тиймээс тамирчид аа, 2020 онд болох анхны “Мастер кросс” уралдааны замд тоос өргөж уулзацгаая.

-Залуус энэ спортыг их сонирхдог. Авто спортын тамирчин ямар байх ёстой вэ?

-Уралдааны явцад тамирчид хоорондоо шүргэж, мөргөлдөх нь их. Тамирчин хүн өөрийгөө хүндлүүлэхийн тулд өрсөлдөгчөө хүндлэх хэрэгтэй. Уралдаан хэдий өрсөлдөөнтэй ч тамирчин хүнд баримтлах ёс зүй, зарчим, соёл гэж байх ёстой. Авто спортынхны дунд “Цэвэр уралд” гэдэг үг бий. Үзэгчид тамирчдын уралдаанаас гадна ёс зүйг нь давхар хардаг. Авто спортын тэмцээнд мөргөлдөөн бага байх тусмаа сонирхолтой байдаг. Өөрийгөө дайчилж, өрсөлдөгчийнхөө давуу талаас суралцсан хүн л жинхэнэ тамирчин болдог юм даа.

КЛУБЭЭСЭЭ ШИНЭ АВАРГА ТӨРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭ

-Хааяа өөртэйгөө ярилцах зав гаргадаг уу?

-Тамирчин хүн уралдааны замд өөрийнхөө бүх зүйлийг хянах ёстой. Би их боддог. Авто спортод гараа их чухал. Алдаа гаргаж гараанаас хоцорч хөдөлбөл өмнөх тамирчнаа гүйцэх хэцүү. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө сайн дарах хэрэгтэй. Шигшээд шалгарахад 15 тамирчин хамт уралдах гээд зогсож байдаг. Шилдгүүдтэй өрсөлдөх л хамгийн амаргүй даваа. Манай ахад нэг дутагдал бий. Би өөрт нь ч хэлдэг. Ах минь сандарч, их догдолдог. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, үүнээсээ болж заримдаа алдаа гаргана. Нэг удаа “Та өөртэйгөө ярьж сур. Өрсөлдөгчөө гүйцэхийн тулд тухайн тамирчны явалтаас заавал зөр. Өрсөлдөгч тань зүүн эргэх гэж байвал зүүн талаас нь ор. Шахаад ирвэл таны тактикт орж байна гэсэн үг. Түүнийг зүүн тийш шахуулж туг дээр хурд бага эргүүлж, өөрөө буцаж баруун гар тал руугаа алсын эргэлттэй яв. Дараагийн туг дээр та заавал хожно. Гүйцэх юм сан гэж улайрахаас илүү тактик боловсруулж уралд” гэж захидаг юм.

-Чамаас үүнийг л хүсэж байлаа гээд үздэг галзуу фэнүүдтэй байх нь нэг талаар хэцүү санагддаг уу?

-Монголын авто мастеруудын холбооны анхны кросс 2006 оны арванхоёрдугаар сард болж байлаа. Тэр тэмцээнд би уралдаж түрүүлсэн нь хүмүүсийг их баярлуулсан. Амжилтыг минь хуваалцаж олон хүн баяр хүргэсэн. Алтан медаль хүртэж, шагналын тавцанд зогсож байхдаа “Зорьсон зорилгодоо хүрлээ” гээд баярын нулимс унагасан. Үзэгчид ч шинэ хүн түрүүлэхийг хүлээж байсан юм билээ. Ш.Гомбодоржоос бид үүнийг л хүсэж байлаа гээд баярлацгаасныг сайн санаж байна. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн уралдаан байсан болохоор одоо ч дурсах дуртай. Тэр тэмцээнийг Дакарт уралддаг ОУХМ Н.Лхамаа ивээн тэтгэж байлаа.

-Аваргад зорилго байгаа л байлгүй, нууц биш бол сонирхуулаач?

-“Аваргууд” нэртэй клуб байгуулж, шинэ аварга төрүүлэхийн төлөө залуу тамирчдаа дэмжиж ажиллана. Ш.Гомбодоржийг түрүү авчихлаа гэвэл үзэгчид одоо нэг их гайхахгүй. Харин шинэ тамирчин цойлоод гарч ирвэл илүү сонирхож үзнэ. Авто спортын үзэгчид спортын бусад төрлийн хөгжөөн дэмжигчдээс арай өөр байдаг. Тэр дундаа шинэ хүн түрүүлбэл баярлаж хөөрдөг. Юутай ч энэ жил клубээсээ шинэ аварга төрүүлэхийн төлөө хичээнэ. Авто спортын тамирчдыг мөнгөтэй, баян хүмүүс гэж боддог буруу ойлголт олны дунд байдаг. Зарим нь уйдаагаа гаргах гэж машин мөргөлдүүлж тоглодог гэж ярьдаг гэнэ лээ. Яг үнэндээ тийм биш. Гэхдээ жил ирэх тусам үзэгчдийн хүрээ тэлж, ойлголт нь эерэг болж байгаа. Үзэгчид “Хаана авхаалж самбаа шалгасан уралдаан болж байна, үүнийг л үзэж, таашаал авдаг” гэж ярьдаг. Зүгээр л хар эрчээрээ давхиад ирсэн тамирчнаас эн тэнцүү өрсөлдөөд сүүлд орсон тамирчны уралдаан сонирхолтой болдог тал бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)