Ш.БУЛГАН: Нэг жилийн хугацаанд жирэмслэхгүй бол эмчид хандах хэрэгтэй

“Бундан зүрх” эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Ш.Булгантай ярилцлаа. Охид, эмэгтэйчүүдийн эмчээр 20 орчим жил ажилласан тэрбээр сүүлийн үед үргүйдлийн эмчилгээгээр дагнаж буй юм.

-Танайд эмчлүүлэхээр ирдэг бүсгүйчүүд ямар өвчний зовиур, шаналгаатай байдаг вэ. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол хэр байна?

-Одоогоос 10 жилийн өмнөхтэй харьцуулахад охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон эрүүл мэндийн боловсрол дээшилсэн гэж хэлнэ. Бүсгүйчүүд маань албан, албан бус үзлэг шинжилгээнд хамрагддаг болж, өөртөө анхаарал тавих нь нэмэгджээ. Манай эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь энгийн үрэвслийн шалтгаантай. Үлдсэн нь жирэмсний үзлэг, оношилгоо хийлгүүлэхээр ханддаг.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдож буй нийтлэг бэрхшээл, өвчлөл бий юү?

-Тухайн хүнээсээ л шалтгаална. Нийтлэг бэрхшээл гэх зүйл байхгүй. Жирэмсэн үед хүний дархлааны системд өөрчлөлт орж, ужиг өвчин сэдрэх нь бий. Архаг хуучтай, өмнө нь хүнд өвдөж байсан хүмүүст бэрхшээл тулгарч, янз бүрийн зовиур нэмэгддэг. Мөн бэлгийн замын халдвараар өвчилж байсан бол асуудал үүснэ. Тиймээс эмэгтэйчүүд эрүүл аж төрж, ээж болох бэлтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг.

-Та сүүлийн жилүүдэд үргүйдлийн эмчилгээгээр дагнан, хүүхэдтэй болж чадахгүй байгаа бүсгүйчүүд, гэр бүлүүдтэй хамтран ажиллаж буй гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүн ямар нэгэн зовиургүй, гаднаас нь хараад мэдэгдэхгүй, “дүлий” өвчнөөр шаналж байдаг. Хүүхэд олж чадахгүй байх нь эмэгтэй хүнийг зовоож, сэтгэлийг нь тавгүйтүүлж, эргэн тойрныхноосоо өөрийгөө тусгаарлах, хамт олон, хамаатан садны хүмүүсээсээ зай барих хандлага үүсгэдэг. Энэ утгаараа биеийн төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд асуудалд ордог тул эмч нар сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэх нь бий.

-Үргүйдлийн шалтгаан нь яг юу байдаг бол?

-Эмнэл зүйд үргүйдлийн шалтгааныг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч гэдэгт огт жирэмсэн болж байгаагүй бүсгүйчүүдийг хамруулдаг. Энэ нь тухайн хүний дааврын өөрчлөлтөөс шалтгаалдаг бөгөөд гэр бүлийн хосын цусны бүлэг таарахгүйгээс жирэмслэхгүй байх нь бий. Хоёрдогч гэдэг нь анхны жирэмслэлтээ механик аргаар тасалсан буюу үр хөндүүлсэн, зулбуулсан зэргээс үүдсэн үргүйдэл юм. Мөн мэс засал, ямар нэгэн халдварт өвчний улмаас үрийн суваг нь битүүрсэн байдаг. Ер нь үр тогтохгүй байхыг эмэгтэйгээс 45, эр хүнээс 55 хувийн хамааралтай гэж тооцдог.

-Үргүйдэлтэй байж болзошгүй гэдгээ хэрхэн мэдэх вэ?

-Гэр бүл болоод жирэмслэлтээс хамгаалах ямар нэг арга хэрэглэхгүйгээр нэг жил болоход хүүхэдтэй болоогүй бол үргүйдэлтэй байх магадлалтай. Тиймээс жилийн хугацаа өнгөрмөгц цаг алдалгүй эмчид хандах нь зүйтэй. Зарим хос гурав, бүр таван жилээс дээш хугацаа өнгөрсний дараа эмнэлэгт хандах нь бий. Ингэснээр цаг алдан, эмчлүүлэхэд хугацаа их шаарддаг юм.

-Эмчид аль болох эрт хандах тусмаа үр дүн өндөр байх нь. Үргүйдлийг төгс эмчлэх боломжтой юу?

-Манайд хандаж буй бүсгүйчүүдийн олонх нь хоёрдогч үргүйдэлтэй. Ийм шалтгаантай хүмүүсийн 70-80 хувь нь бүрэн эмчлүүлээд, ээж болсон. Үлдсэн нь шантраад эмчилгээний дундаас алга болсон тул хэрхсэнийг нь мэдэхгүй. Хамгийн гол нь хосууд эрт оношлуулж, урт хугацаанд тасралтгүй эмчлүүлэх хэрэгтэй. Хэрэв эмчлүүлж байгаад завсарлачихвал эмчилгээг эхнээс нь хийх шаардлага үүсдэг тул цаг хугацаа алддаг. Мөн үргүйдэл нь хосуудын хэн нэгэнд нь хамаатай биш тул хоёулаа байж, эмчтэйгээ нэг баг болон ажилласнаар үр дүнд хүрнэ.

-Анхдагч үргүйдэлтэй буюу огт жирэмсэлж байгаагүй бүсгүйчүүд үр хүүхэдтэй болох магадлал хэр байдаг бол. Нас залуу байхдаа мэдээгүй явсан байж болно. Нас нь ахичихсан, огт жирэмсэн болж байгаагүй бол асуудалтай гэсэн үг үү?

-15-49 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн насных гэж тооцдог буюу сарын тэмдэг ирж буй хэн ч жирэмслэх боломжтой. Монголчуудын жирэмсэлдэг дундаж нас 25-35 байдаг. 40-өөс дээш насныхны төрөлтийг хожуу гэж ойлгодог. Эмэгтэй хүнд жирэмсэн болдог буюу өндгөн эс боловсордог хугацаа сард 48-72 цаг л байдаг. Энэ өдрийг онож хүүхэд олохгүй байх нь үргүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс өндгөн эсээ хэзээ боловсрох сорил тавиулж болно. Ийм сорилыг удаа дараа хийлгэн, үр тогтоохыг эрмэлзэх хэрэгтэй. Хүний нас ахихын хэрээр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй нөхөн үржихүйн чадавх нь багасан, үр тогтоох чадамж нь буурдаг тул дээр хэлсэнчлэн гэр бүл зохиогоод нэг жилийн дотор жирэмсэн болоогүй бол цаг алдалгүй эмчид хандах шаардлагатай. Анхдагч, хоёрдогч аль ч үргүйдлийг эмчлэх боломжтой.

-Залуу бүсгүйчүүд цэвэршиж байна гэж ярих болж. Эрт цэвэршилтэд юу нөлөөлдөг юм бэ?

-Эмэгтэй хүний өндгөн эс тоо хэмжээтэй байдаг. 14 наснаас эхлэн боловсорч, идэвхтэй ажиллаж байсан эсүүд 50 гарахад үйл ажиллагаа нь удааширч, улмаар дуусдаг гэсэн үг. Энэ бол байгалийн үйл явц тул шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ дааврын өөрчлөлт зохицуулах эм бэлдмэл хэрэглэснээр цэвэршилтийг удаашруулж, өндгөн эс боловсролтыг идэвхжүүлээд байж болно. Үүний тулд мэргэжлийн эмчид хандан, урт хугацаанд эм уух хэрэгтэй.

Сүүлийн үед гадаад орчны нөлөө, амьдралын буруу хэвшил, эрүүл мэнддээ төдийлөн анхаараагүйгээс цэвэршилт эрт эхлэх нь ажиглагдаж буй. 30-40 насны бүсгүйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэг илэрч байгаа нь үүнтэй холбоотой. Хэрэв сарын тэмдгийн мөчлөг хэт алдагдан, хэмжээ нь багасвал эмчид үзүүлэх шаардлагатай. Мөн хөлрөх, уур уцаартай болох, шалтгаангүйгээр хэт таргалах, турах шинж тэмдэг илэрвэл анзаарахгүй орхиж болохгүй. Цэвэршилт 10 орчим жил үргэлжилдэг. Нэг өдөр, нэг сарын дотор цэвэршдэггүй тул бүсгүйчүүд өөртөө анхааралтай байх хэрэгтэй. Мөн бэлгийн тогтмол харьцаа, гэр бүлийн тогтвортой байдал нь эрт цэвэршихээс сэргийлэх нэг нөхцөл.

-Эмэгтэй хүн эрүүл, гоо үзэсгэлэнтэй, нөхөн үржихүйн чадамжтай байх нь наснаас нь шалтгаалдаг. Цэвэршилтийг зохицуулж болохгүй гэсэн үг үү?

-Мэдээж 25-тай хүний биеийн байдал, эрүүл мэндийг 45 насныхтай харьцуулах нь өрөөсгөл. Хүмүүс нас ахихын хэрээр өвчлөмтгий болдог учраас 40-өөс дээш насанд ээж болоход илүү олон бэрхшээл тулгарах магадлалтай. Онцолж хэлэхэд, эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Спортоор хичээллэдэг, амьдралын зөв дадалтай, муу зуршилгүй бүсгүйчүүд нөхөн үржихүйн аль ч насандаа жирэмслэх боломжтой. Манай нэг үйлчлүүлэгч 49 насандаа анх жирэмслэн, ээж болсон. Дэлхий нийтэд, ялангуяа дундаж наслалт өндөртэй Японд бүсгүйчүүд нь 40 гараад анх төрөх нь элбэг. 35-45 насыг тэнд нөхөн үржихүйн чухал үе гэж тооцдог юм билээ. Гол нь тухайн хүн бие болон сэтгэл зүйн хувьд эрүүл байх шаардлагатай. Манай бүсгүйчүүд нас нэмэхийн хэрээр сэтгэл нь тогтворгүй болж, ээж болж чадахгүй нь гэх айдастай тулгардаг. Анагаах ухааны хөгжил дэвшлийн тусламжтайгаар өдгөө ээж болох нь 20-30 жилийн өмнөхөөс өөр болсон. Залуу байхдаа өндгөн эсээ авч хадгалуулснаар 70 гараад, тээгч эхийн тусламжтайгаар ээж болсон хүмүүс байна.

-Хүүхэдгүй байсан айл хүүхэд өргөж авсны дараа өөрийн үртэй болсон жишээ цөөнгүй байдаг.

-Биеийн өвчлөлийн тал хувь нь сэтгэлээс үүддэг гэдэг дээ. Хүүхэд өргөж авсны дараа хүүхэд олох нь тухайн ээжийн толгойд байсан айдас, дарамттай бодлууд сарниад, бие махбод нь хэвийн ажиллаж эхэлсний үр дүн гэж ойлгож болно. Эмэгтэй хүний төв мэдрэлийн систем өндгөвчөө удирддаг учраас сэтгэл тайван байх тусам энэ нь өндгөвчийг зөв ажиллах дохио өгдөг юм. Түүнчлэн шөнийн ээлжийн ажил хийдэг, хангалттай унтаж амрахгүй байх нь жирэмслэхгүй байхад нөлөөлдөг.

-Анхдагч буюу тодорхойгүй үргүйдлийн шалтгаан нь юу байдаг юм бэ?

-Хүүхэдтэй болж чадахгүй хүмүүсийн 10- 15 хувь нь анхдагч үргүйдэлтэй гэж болно. Шалтгаан нь гарт баригдаж, нүдэнд харагдахгүй, бид илрүүлж чадахгүй гэсэн үг. Дархлалын урвалын хамааралтайгаар үргүй байдаг, эсвэл дархлалын урвал нь ажиллаад гаднын биетийг устгаад, үр тогтоодоггүй онцлогтой хүн ч цөөнгүй. Ийм хосууд салаад, өөр хүнтэй гэр бүл зохиогоод үр хүүхэдтэй болсон нь бий.

-Үргүйдэлд хүргэдэг өөр нэг шалтгаан нь бэлгийн замын халдвар. Энэ төрлийн өвчнөө эмчлүүлэхгүй удаан явах нь ямар уршиг дагуулдаг вэ?

-Эмэгтэй хүний үтрээнд байдаг болон үтрээнээс цааш “явдаг” бактериуд бий. Үтрээнээс цаашилдаггүй бактерийн хор нөлөө бага бол бусад нянгийн уршиг маш их. Бэлгийн замын халдварт өвчнийг эмчлүүлэхгүй удах, дур мэдэн эмчилгээ хийснээс болж өндгөвч, умай үрэвсэнэ. Энэ нь цаашлаад савны гадуурх болон өсөлтгүй жирэмслэлт, зулбалт, жирэмсэн үеийн халдвар гэх мэт маш олон хүндрэл үүсэх нөхцөл болдог. Тухайлбал, гуурсан хоолой дотор маш нарийн талст суваг байдаг. Тэр нарийхан хэсэг трихомониазын халдварын улмаас бөглөрч, үрэвсэл үүсдэг. Ингэснээр салстуудыг хооронд нь наалдуулж үргүйдэл үүсэх шалтгаан болдог. Эцэст нь хэлэхэд, ямар ч өвчнийг эмчлүүлэхэд хувь хүний итгэл үнэмшил чухал. Мөн эмчтэйгээ, гэр бүлийн хүнтэйгээ ний нуугүй ярилцан, урт хугацаанд эмчлүүлэх сэтгэл зүйн бэлтгэлтэй, үр дүнг нь үзэх тэнхээтэй байвал зохино. Дээр хэлсэнчлэн эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэлтгүй бүх хүн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн, биеэ энхрийлж байгууштай. Түүнчлэн охид, бүсгүйчүүд жилд нэг удаа нарийн шинжилгээнд заавал хамрагдан, эмэгтэйчүүдийн эмчид хандах шаардлагатай. Урьдчилан сэргийлэх нь ямар ч өвчнийг ялан дийлэх, эрүүл байх үндэс.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)