Ш.БОЛДСАЙХАН: Уснаас хүнд металлыг ялгах бодис амьд организмд сөрөг нөлөөгүй

Өнгөрсөн онд нийслэлчүүд 50 гаруй жил хуримтлагдсан Төв цэвэрлэх байгууламжийн лагаас “салж” санаагаа амраасан. Засгийн газрын санаачилга, захиалгаар “Эко тайхи” ХХК Японы “Эко энержи системс” компанитай хамтран уг ажлыг гүйцэтгэсэн. Энэ удаад тэд Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлж буй уснаас үнэр үүсгэгч бодис, хүнд металлыг нь ялгахаар япончуудтай хамтран туршилтаа эхлүүлжээ. Өнгөрсөн удаад хийсэн ажлынх нь үр дүн болон шинээр эхлүүлж буй судалгааных нь талаар “Эко тайхи” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ш.Болдсайхантай ярилцлаа.

-Шинээр эхлэх судалгааныхаа талаар ярихаасаа өмнө өнгөрсөн зун хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулахгүй юу?

-“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, хоргүйжүүлэх, бордоо болгох” төслийг 2018-2019 онд хийж дуусгалаа. Манайх 900 мянган шоо метр лагийг бордоо болгосон. “Нөгөө айхтар хур лагаас өмхий үнэртэхээ больсон уу” гэж хүмүүс их асуудаг. Хур лаг одоо байхгүй болсон учир үнэр гарахгүй шүү дээ. Лагаар хучигдаад байсан 10 гаруй га талбай одоо хоосорсон. Энэ хугацаанд бордоо үйлдвэрлэхийн тулд Японоос 5000 гаруй шоо метр бактери авчирсан. Харин гол түүхий эд болох модны үртсийг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос зөөсөн. Бордоонд 280 мянган шоо метр үртэс хэрэглэлээ. Анх түүхий эдийн хүрэлцээнээс болж Сибир, Улаан-Үдээс импортлох төлөвлөгөөтэй байсан. Гэвч дотоодоосоо хэрэгцээгээ бүрэн хангаж чадсан. Бид Түнхэл тосгонд 30 гаруй хүний ажлын байр бий болгож, 560 вагон үртэс тээвэрлэлээ. Цаашдаа цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг үнэргүйжүүлж, бордоо хийхдээ гадаад орнуудаас импортолж болох юм. Гэхдээ бид өөр нэг арга олсон. Монголд ойн цэвэрлэгээ сайн хийдэггүй. Заримдаа ойн цэвэрлэгээ нэрээр мод бэлтгэх нь ч бий. Дотооддоо мөнгөө үлдээж, хөдөө орон нутагт ажлын байр бий болгоё гэвэл ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай. Ингэснээр бид үртэсний хангалттай нөөцтэй болно.

-Төв цэвэрлэх байгууламжийн 44 карт (лаг боловсруулах талбайн нэг хэсэг)-аас гадна хур лагийн талбайг хоосолсон. Гаргаж авсан бордоогоо юунд ашиглаж байна вэ?

-Бидний үйлдвэрлэсэн бордоо хүнд металлын агууламжтай тул газар тариалан, хүнсний ногоо ургуулахад ашиглаж болохгүй. Тиймдээ ч олон нийтийн эсэргүүцэлтэй багагүй нүүр тулаад буй. “Нөгөө лаган дээр чинь ногоо тариад бид нарт өгөх нь” гэж олон нийтийн сүлжээгээр цацах болсон. Гэхдээ бид гаргаж авсан бордоондоо хүнсний ногоо тарьсан нь учиртай. Дэлхийн олон оронд лагаас гаргаж авсан бордоонд тавих стандарт гэж байдаг. Харин манайд ийм стандарт алга. Хүнсний ногоо ургаж байгаа, мөн хүнд металл нь ургацад шингэхгүй бол сайн чанарын бордоо гэж үздэг. Тиймээс хүнсний 20 гаруй ногоонд туршилт хийсэн. Тэрнээс биш иргэдийг ногоо тарьж, хүнсэндээ хэрэглэ гэсэн үг огт биш. Манай бордоо туршилтаар хүнд металл нь хүнсний ногоонд шингэдэггүй болох нь тогтоогдсон. 18 хүлэмжид, модлог ургамал, зүлэг, хүнсний ногоо, жимсэнд туршилт хийлээ. Зүлэгт хүнд металл нь бага зэрэг шингэдэг, харин модонд шингэдэггүй нь туршилтаар тогтоогдсон. Тиймээс лагаас гаргаж авсан бордоог зүлэгжүүлэлтэд бус, мод тарихад ашиглаж болно. Гэхдээ дээр дурдсанчлан манай улсад лагаас гаргаж авсан бордооны стандарт байхгүй учир эрх зүйн орчин бүрдээгүй. Тиймээс хүнд металл байгаа учир хэрэглэхгүй гэсэн чиглэл Нийслэлийн удирдлага барьсан. Уг нь дэлхийн улс орнууд хүнд металлын хэмжээг нь харгалзан уул уурхай, газар тариалан, ногоон байгууламж гээд салбар бүрт өөр өөрөөр ашигладаг. Даанч манайд хэрэглэх тохирсон стандарт нь одоохондоо алга.

БХБЯ-тай хийсэн гэрээнд тусгасан өөр нэгэн ажил нь лагаас гаргаж авсан бордооны шинж чанарт тулгуурлан юунд ашиглах боломжтойг нь тодорхойлж, зөвлөмж боловсруулах байсан юм. Тиймээс Японы компаниудтай хамтран хоёр жил гаруй хугацаанд уйгагүй судалгаа, шинжилгээ хийсний дүнд хатуу хог хаягдлыг хучих (ландфилл) ажилд хэрэглэх боломжтой гэж үзсэн. Цагаан даваа, Улаанчулуут зэрэг хог хаягдлын хүнд металл нэгэнт шингэчихсэн хөрсийг сэргээхэд ашиглах юм. Өдий хүртэл ландфиллийг монголчууд хэрхэн хийж байсан бэ гэвэл эрүүл хөрстэй газраас, эсвэл уулаа ухаж шороог нь хогийн цэгт асгадаг байлаа. Манай бордоо эрүүл хөрсийг бодвол ялзмаг үүсгэх чадвар өндөртэй. Тиймээс хогийн цэгт зүлэгжүүлэлт хийхэд хамгийн тохиромжтой.

-50 жил хуримтлагдсан лаг алга болсон гэлээ. Цаашид цэвэрлэх байгууламжаас гарах лагийг яах вэ?

-Манай компанийн ажил дууссан. Бид нэгэнт лагийг үнэргүйжүүлэн бордоо болгоод улсын комисст хүлээлгээд өгчихсөн учир Төв цэвэрлэх байгууламжийн ажилд оролцохгүй. Хоёр жилийн хугацаанд Ус сувгийн удирдах газар, БХБЯ-ны зүгээс Төв цэвэрлэх байгууламжийн лагийн асуудалд санаа тавьж их ажил хийсний нэг нь ашиглалтад оруулсан усгүйжүүлэх төхөөрөмж. Уг нь картандаа хотоос ирж буй шингэн лагийг хүлээн авч 3-4 жил хатаагаад, дараа нь хур лагийн талбай болох эрүүл хөрстэй газарт хураадаг байсан юм. Гэвч одоо нөхцөл байдал өөр болсон. 3-4 жил хүлээхгүй тодорхой хэмжээнд усыг нь шүүж аваад л лагийн карт руу шууд гаргадаг. Одоо картад цуглуулж байгаа усгүйжүүлсэн лагаа яах вэ гэдэг асуудлаа шийдэх хэрэгтэй. Дээр дурдсанаар үртэсний асуудлаа шийдчихвэл дор бүр нь үнэргүйжүүлэн бордоо болгох боломжтой.

Шүүж, тунгаан авч буй усаа Туул гол руу шууд нийлүүлдэг. Өдөрт дунджаар 160-170, ачаалал ихтэй үед 200 мянган шоо метр булингартай ус Туул гол руу цутгадаг гэсэн үг. Тиймээс их хэмжээний усыг үнэргүйжүүлэх, тунгааж цэвэрлэх, түүнд агуулагдаж буй хүнд металлыг ялгаж авах шинэ технологи цэвэрлэх байгууламжид дутаад байна. Бид энэ удаа усыг үнэргүйжүүлэх, цэвэршүүлэх шинэ технологи боловсруулж Туул голд нийлүүлж буй усыг үнэргүй, булингаргүй болгох зорилго тавиад байгаа. Эхний туршилтууд амжилттай болсон. Одоо Японы компаниудтайгаа хамтран, илүү боловсронгуй болгох л үлдээд байна.

-Уг технологийнхоо талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?

-Усыг үнэргүй, тунадасгүй болгож цэвэршүүлэх үндсэн хоёр арга туршиж байна. Эхний арга нь байгаль орчинд хор нөлөөгүй, шинэ маягийн тунгаагч бодис ашиглах, нөгөөх нь маш нарийн шүүлтүүрээр бохир ус шүүх тусгай технологи турших юм. Мэдээж хэрэг бүх бохирдлыг нь арилгаж чадахгүй байх. Судалгааны ажлаа одоо ч хийсээр байгаа. Япончууд маш сайн шүүлтүүр хийдэг. Хэрэв уснаас хүнд металлыг ялгах бодис, шүүлтүүр хоёрыг нийлүүлчихвэл илүү сайн технологи болно. Шүүлтүүрийн ийм компанитай хамтран ажиллахаар санал солилцоод, дээжээ өгчихсөн. Бодисын найрлагаа өөрчилнө, шүүлтүүр тавина гэхээр илүү боловсронгуй болно. Бидний гаргаж авсан бодисыг усанд хийснээс нэг цагийн дараа үнэргүй болж, хүнд металлууд нь тунаж байгаа. Ингэж ялгарсан үед нь механик аргаар уснаас ялгаж авч болно.

-Хэрэв үр дүн сайн байвал хэдий хугацаанд хэрэгжих боломжтой вэ?

-Эхний судалгаа гэхэд санаанд оромгүй үр дүнтэй байсан. Цаашид илүү боловсронгуй болгох нь цаг их авахгүй. Бидний тооцоолсноор ирэх зургадугаар сараас ашиглахад болохгүй гэх зүйлгүй.

Холбогдох яамд, нийслэлийн удирдлагаас гадна Дэлхийн болон Азийн хөгжлийн банк зэрэг гаднын байгууллагатай ч манай компани хамтран ажиллах боломжийг хайх болно. Энэ бол манай улсад зайлшгүй шаардлагатай ажил.

-Дан ганц цэвэрлэх байгууламжаас ялгарч Туул голд цутгаж буй усыг цэвэршүүлэхээс гадна гол, нуурын бохирдлыг бууруулахад ашиглаж болох уу?

-Болно. Эхний ээлжид Туул гол. Харин дараа нь бохирдоод буй бүх нуур, гол, горхийг цэвэршүүлэх боломжтой гэж бодож байгаа. Нэг л гол, нуурыг цэвэршүүлээд эхэлчихвэл бид зогсолтгүй урагшлах болно. Туршилтаар цайр, хлор, фосфор зэрэг нь эрс багассан дүн гарсан.

-Шинэ технологи буюу гаргаж авсан бодис нь гол, нуур, горхины экосистемд өөрчлөлт оруулах уу?

-Дотор нь амьдарч буй амьд организмд ямар ч сөрөг нөлөөгүй. Амьдрах орчин нь хэвийн байна. Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлж буй усны дээж дэх фосфор, манган, ванадий, ураны агууламж стандартаас давсан үзүүлэлттэй байсан нь тунгаагч бодисоор цэвэрлэсний дараа эрс багассан. Мөн дээрх бодисуудаас гадна бариум, зэс, хромцайр, кадмий, хүнцэлийн агууламж нь 40-99 хувь хүртэл буурсан. Амьд органзимд ямар ч хор нөлөөгүйг Японы эрдэмтэд баталж, өөрсдөө ууж үзүүлсэн шүү.

-Танайх Японы компаниудтай хамтран олон жил ажиллалаа. Тус улсын цэвэрлэх байгууламж усаа хэрхэн цэвэршүүлдэг вэ?

-Японыг манайхтай харьцуулшгүй. Тэдний цэвэрлэх байгууламжид ирж буй бохир ус нь манай цэвэрлээд гаргаж байгаагаас ч илүү тунгалаг юм билээ. Япончууд дор бүрнээ хариуцлагатай нь үүнээс харагддаг. Бүх аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны байрууд нь бохирдлыг шүүх шүүлтүүртэй. Түүгээр ч зогсохгүй цэвэрлэх байгууламж нь хүртэл гайхширал төрүүлэхээр. Бохироос усыг нь шүүгээд үлдсэн лагаас нь хийн түлш гаргаж авдаг. Өнөөхөөрөө шатаах зуухаа галлаж үлдэгдэл хаягдлыг нь шатааж үнсийг нь цементийн үйлдвэрт дүүргэх материал болгон нийлүүлнэ. Мөн шатаах зуухнаас ялгарч буй дулаанаар ойр хавийнхаа усан санг халаадаг. Цэвэрлээд гаргаж буй усыг далай руу цутгах уналтын хэсэгт нь жижиг оврын усан цахилгаан станц барьчихсан. Тэр чигтээ л ашигтай үйлдвэрлэл. Манайх энэ туршлагаас суралцах хэрэгтэй.

-Уснаас хүнд металл ялгах ажилд хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардах бол.

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч бодисоо илүү боловсронгуй болгосон хойно үүнийг тооцоолох боломжтой. Лагийг үнэргүйжүүлэн цэвэрлэх ажилд 18 тэрбум төгрөг зарцуулсан. Зарим нь хөрөнгө мөнгө үрсэн ажил гэж хардаг. АСЕМ-ын уулзалтад зориулж лагийн үнэрийг дарах түр зуурын арга хэмжээнд долоо хоногт 7-8 тэрбум төгрөг зарцуулсан удаатай. Үр дүн муутай богино хугацааны л шийдэл. Харин бид тэр их лагийг богино хугацаанд үнэргүйжүүлэн цэвэрлэж чадлаа. Шинээр эхэлж байгаа ажилд ямар хэмжээний хөрөнгө зарцуулахыг одоохондоо хэлж мэдэхгүй ч байгаль орчинд ээлтэй, урт хугацаанд үр дүнгээ өгөх маш сайн ажил байх болно гэдгийг баттай хэлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)