Ш.Батхүү нарын хэрэгт Хадгаламж банкны нэхэмжлэлийг нэгтгэн хэлэлцэх боломжгүй гэв

Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, мөнгө угаасан, бусдыг залилан мэхэлсэн, нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, устгасан гэх “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп”-ийн ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарын хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Дээрх нэр бүхий хүмүүсээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нар шүүгдэж буй. Тэд бүлэглэн, Засгийн газрын мэдэл дэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаанд тавьж, 109 сая ам.долларын онц их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон. Энэхүү залилангийн хэрэг нь Лондоны Арбитрын шүүхэд дуудагдталаа өндрөө авсан юм. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц сангаас хөрөнгө гарган дээрх өрийг барагдуулсан. Тиймээс Төрийн банкныхан энэхүү шүүх хуралд хохирогчоор оролцож буй. Уг хэргийг хэлэлцэхэд нэмж гэрч оролцуулна хэмээн Ш.Батхүүгийн өмгөөлөгч хүсэлт гаргажээ. Мөн Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авна гэсэн байна. Харин хохирогчоор оролцож буй Төрийн банкныхны өмгөөлөгч хэргийн материалтай нухацтай танилцахыг хүсжээ. Эдгээр шалтгааны улмаас хэргийг энэ сарын 24-нд хэлэлцэхээр шүүх хурлыг хойшлууллаа. Түүнчлэн татан буугдсан Хадгаламж банкны эрх хүлээн авагчид уг эрүүгийн хэргийн шүүх хуралд иргэний нэхэмжлэгчээр оролцох нэхэмжлэл гаргасан юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн уг нэхэмжлэлийг нэгтгэн хэлэлцэхээс татгалзлаа. Үүнээс гадна өчигдөр тус шүүхэд “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж эхэллээ. Гэр бүлийн гишүүд бүлэглэн “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэнэ. Тиймээс Ш.Баярсайхан хуулийн байгууллагад хандаж, дээрх мөнгийг долоон удаагийн гүйлгээгээр Б.Эрдэнэбат руу шилжүүлсэн хэмээн мэдүүлжээ. Хэргийн шүүх хурал 20.10 цагт завсарлаж, өнөөдөр үргэлжлүүлэхээр боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)