Ш.Батхүүд найман жилийн ял оноож, бусдыг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 дахь өдрөө хэлэлцэж дөнгөж сая шийдвэрээ гаргав.  Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ш.Батхүүд найман жилийн ял оноож, Ч.Ганзориг, Г. Амарбат, Б.Мөнхжаргал нарыг гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Г.Алтан, Э.Сүрэнг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн үзэж,  цагаатгалаа. Уг хэргийг эргэн сануулбал, шүүгдэгч “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нартай үгсэн хуйвалдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн тодорхой хувийг барьцаанд тавьж, их хэмжээний мөнгөн дүнтэй хэлцлийг гадаадын банкны төлөөлөлтэй хийсэн байдаг. Уг нь  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрэмд зааснаар 10 сая ам.доллараас дээш үнийн дүнтэй их хэмжээний мөнгөн дүнтэй хэлцэл хийхийн тулд  Ч.Ганзориг өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцөх ёстой байжээ.  

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Ш.Батхүүд найман жилийн ял оноож, Ч.Ганзориг, Г. Амарбат, Б.Мөнхжаргал нарыг гэм буруутайд тооцсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Г.Алтан, Э.Сүрэнг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн үзэж, цагаатгалаа.

Гэвч тэд хууль, дүрмээ зөрчин “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банк (Standart Bank PLC)-тэй байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд дур мэдэн гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал бүртгэлд бүртгэн албажуулсан байна. Үүнээс гадна “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “Миллфорд” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Стандарт” банк дахь дансанд төвлөрүүлж байхыг хүссэн албан захидалд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нь гэрээг мөн л хууль бусаар бүртгэсэн байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, ерөнхий захирал Ч.Ганзориг нар зээлийн санхүүжилт олгох хуурамч бичиг баримтуудад гарын үсэг зуржээ. Энэ маягаар “Жаст групп” ХХК нь “Стандарт” банкнаас 2009-2011 онд  нийт 160 100 000 00 ам доллар буюу 220 276 450 000 (хоёр зуун хорин тэр бум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн зээл авсан гэдэг. 

Ш.Батхүү зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас “Стандарт” банкныхан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан 2016 онд  Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар олон улсын шүүхийн 2017 оны  шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 215 388 407 342 54 (хоёр зуун арван таван тэр бум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр) төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Ийнхүү хэрэг маргаан ил болох үед Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр уг өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдэлийн сангийн хөрөнгөнөөс төлсөн юм. Улмаар Төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, Ш.Батхүү нарыг “Стандарт” банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтууд, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон. 

Мөн энэ хэргийг шалгах явцад Ш.Батхүү “Хадгаламж банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай үгсэн тохиролцож, Монголбанкны ерөнхийлөгчийн 2000 оны есдүгээр сарын 20-ны 452 дугаар тушаалаар баталсан “Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам”-ыг зөрчин иргэн Э.Сүрэнгээс нийт 23,684,552.62 ам доллар буюу 34 138 035 750 31, түүний ээж Г.Алтангаас 39 621 288 410 85 төгрөг зээлэх нэмэлт гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Улмаар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Жаст групп” ХХК-тай банкны баталгааны гэрээг хуурамчаар үйлдсэн гэх. Дараа нь Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөн дүнг 56 500 000 000 төгрөгөөр тооцож “Олон овоот гоулд” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Г.Алтанд шилжүүлсэн гэнэ.  Ингээд Хадгаламж банкийг татан буулгасны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан тус банкны актив, пассив хөрөнгө шилжсэн Төрийн банкнаас төлбөр гаргуулах зорилгоор Э.Сүрэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “Жаст групп ХХК-иас 32 855 296 74 ам доллар буюу 51 596 943 659 3 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэн аж. Ш.Батхүү бас “Шунхлай групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга аж. Мөн л албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шунхлай групп” ХХК-ийн охин компани болох “Голденчейнс” ХХК-даа Хадгаламж банкнаас барьцаа хөрөнгөгүйгээр 2 000 000 америк долларын зээлийг олгуулжээ. Ш.Батхүү энэ мэтээр гадаадын банк, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэнэ. 

Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргээс гадна иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх талуудаас гаргасан эд хөрөнгийн маргаантай холбоотой нэхэмжлэлүүдийг хүлээн авч шийджээ. Тодруулбал, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны магадлалаар “Жаст групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 29 үл хөдлөх эд хөрөнгө, 24 газрыг Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк “Жаст групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банканд зээлийн төлбөрт өгөхөөр “Жаст групп” ХХК  эвлэрч шийдвэрлэсэн аж. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шийдвэрээр “Жаст Ойл” ХХК-ийн өмчлөлийн шатахуун түгээх зургаан станц, 21 газар, “Жаст Ойл” ХХК-ийн 60 хувийн хувьцааг “Жаст Ойл” ХХК болон “Голомт банк” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Голомт банк” ХХК-д олгохоор болсон юм.  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат маргааш хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)