Ш.Өлзийбаяр: Би тавдугаар концертоо “Баруун Монгол” гэж нэрлэсэн

Морин хуурын чуулгын шинэ бүтээлийн “Novel melody” тоглолтоор хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ш.Өлзийбаярын морин хуурт зориулсан V концертыг тус чуулгын гоцлол хөгжимчин, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр тоглосон юм.

Залуу удирдаач Н.Жигжиддорж энэ үдшийн тоглолтыг бүхэлд нь удирдсан бөгөөд морин хуурын энэхүү концертоор өндөрлүүлсэн. Үзэгчид алга нижигнүүлэн ташиж уран бүтээлчдэд баяр хүргэж байлаа.

Тоглолтын дараа танихгүй үзэгчид ч гэсэн хөгжмийн зохиолчийг зориуд олж очин “Та их гоё хөгжим бичдэг хүн юм аа, баяр хүргэе” гэж байв. Хөгжмийн зохиолч энэ бүтээлээ түрүү жилийн сүүлчээр өмнөд хөршид анхлан тоглуулсан юм. Шинэ бүтээл ийнхүү дөрөв дэхээ эгшиглэв.

-Морин хуурт зориулсан V концертоо бүтээсэн түүхээс сонирхуулаач, та?

-Энэ бол ширэн цартай хуурт зориулсан концерт юм. Өөрийнхөө хуурын хөгийг квинт болгон тоглож бичсэн.

-Таны хуур ямар хөгтэй вэ?

-Монголд тоглож буй модон цартай бүх хуурын адил кварт хөгтэй. Морин хуурч Р.Амарбаяр ширэн цартай хуурыг хэрэглээнд оруулах талд маш идэвхтэй ажилладаг. Хуурын чуулгын морин хуурчийн тоогоор ширэн цартай хуур урлуулж “Жингийн цуваа” тоглолт санаачилсан хүн.

Тэр тоглолтыг үзэж суухдаа “Хэрвээ би ийм хуурт зориулж концерт бичвэл Амарбаяраар тоглуулах юм шүү” гэж бодож байсан юм. Тэгтэл Хөх хот дахь Өвөр Монголын Үндэсний урлагийн их сургуулиас ийм концерт бичиж өгөхийг хүссэн захиалга ирээд. Цацрангуй гэдэг морин хуурч анх тоглоход нь очиж үзсэн. Амжилттай болсон ч, зарим талаар миний санаснаас арай өөрөөр дуугарч байлаа.

Бүтээлээ эхлээд Өвөр Монголд, дараа нь Монгол Улсад тоглуулж болно гэсэн гэрээ хийсэн юм. Эх орондоо тоглуулах гэж яарлаа. Шинэ он дөнгөж гармагц хуурч Амарбаярт гардуулж өглөө. Манай хүн тэр үед тун завгүй байсан ч, хэдэн өдөр сууж бэлдээд нэгдүгээр сарын 12-нд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийн концертод тоглосон юм.

Сүүлд нь өөрөө “Найз нь концертыг нь сайн тоглож чадсангүй. Өөрийн болгож байгаад маш гоё тоглоно оо” гэж байлаа. Сургуулилалт хийх цаг дэндүү бага байсныг би ойлгож байсан болохоор юу хэлэх вэ. Харин ч Монголынхоо тайзан дээр эгшиглүүлж чадсандаа баярлаж байлаа. Өнөөдөр сонсоход гоё байна. Би хуурч Р.Амарбаяр ингэж л тоглоно доо гэж төсөөлж бичиж байсан болохоор сэтгэл их сайхан байна.

-Ширэн цартай хуур боломж өргөнтэй, ямар ч бүтээл тоглож болох зэмсэг үү?

-Ширэн цартай хуурт давуу ч, сул ч тал байна. Үндэстний онцлог туссан, тууль хайлах ийм л байдаг даа гэхээр монгол тембртэй, гоё нуугьж дуугардаг. Гэтэл тайзны шаардлага хангахаар тааруу. Ойлт, цуурай гэх зэрэг юм байхгүй. Тийм болохоор дуу өсгөгчийг маш сайн тохируулж өгөх хэрэгтэй.

-Хуурч Р.Амарбаяр “Энэ V концертыг анх тайзан дээр тоглохдоо зохиолоо гүйцэд ойлгоогүй байлаа. Алтайн хөх уулсын дундаас нар мандаж байгааг дүрсэлж эхлүүлдэг тухай мэдээгүй байсан” гэж ярьж байна. Та зохиолчийн хувьд хэлж, ойлгуулах ёстой байсан юм биш үү?

-Тийм алдаатай юмнууд бий. Энэ концертыг урд хөршийнхний захиалгаар хийсэн, анхны тоглолт нь Хөх хотод болох байсан болохоор санаа сэтгэл тэнд, хилийн цаана байлаа.

Гэхдээ мэдээж дотор Монголд ингэж дуугарна даа гэсэн бодол байсан л даа. Үнэн үнэн, би Амарбаярт даатгаад, тоглож л байвал болоо гээд орхичихсон юм. Харин ч туршлагатай хөгжимчин ая, эвийг нь олоод дуугаргасан.

-Таныг ширэн цартай хуурт анх том хэмжээний зохиол бичсэн хөгжмийн зохиолч гэж ойлгож болох уу?

-Том хэмжээний бүтээлийн хувьд тийм байх. Энэ төрлийн хуураар ардын дуу хуур тоглож ирсэн уламжлалтай болохоос концертын хэрийн зохиол тоглож байгаагүй. Би морин хуурч болохоор үзээд алдая гээд зүтгэчихсэн. Манай Жанцанноров, Шарав, Хангал гэсэн аваргуудын концертууд байдаг.

Жишээ нь Б.Шарав гуай концертынхоо каденцыг квинт хөгтэй хуураар тоглохоор бичсэн байдаг нь сонирхолтой. Ер нь квинт хөгтэй хуурыг сургалтад оруулж, мэргэжлийн бүтээл хийх цаг үеийн шаардлага байсан болохоор энэ зохиолоо бичсэн юм.

Энэ V концертыг квинт хөгтэй модон цартай хуураар тоглож болно.

-Хийж байгаагаа яг өөрөө тоглож байгаа юм шигээр мэдэрч бичсэн гэвэл.

-Тийм.

-Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим хоёртой тогловол бүр гоё болно гэж хөгжимчин Амарбаяр түрүүн хэлж байна лээ.

-Тэгвэл бүр гоё дуугарна. Ирэх намар “Алтан намар” хөгжмийн наадмаар тоглуулна гэж болож байна. Шинэ бүтээл юм чинь. Манай Хөгжмийн зохиолчдын холбооны удирдлагууд тоглолтоо гоё зохион байгуулах байх аа гэж бодож байна.

-Танай СУИС-ийн вөрмонгол оюутнууд таныг их хүндэлдгийг мэдсэн. Яваад очиход яаж хүлээж авдаг вэ?

-Хүндэлж хүлээж авдаг. Миний санаа зовно оо. Морин хуурт зориулсан хэдэн концерт маань намайг хүмүүстэй эчнээ танил болгоод байдаг бололтой.

-Гэтэл Монголд бараг хүн танихгүй юу?

-Тийм (хөхрөв). Урлагийнхан бол мэднэ л дээ. Нэгэн бодлын амар. Ажлаа хийгээд, хааяа зохиол дээрээ суугаад явж л байя. Нээрэн, би концертдоо “Баруун Монгол” гэдэг нэр өгсөн. Анх удаа концертдоо нэр өгч үзлээ.

Хүмүүс намайг “Чи концертууддаа яагаад нэр өгдөггүй юм бэ. Номер тэд л гэх юм” гэж шүүмжлээд болдоггүй. Би ч юм боддоггүй байлаа. Хөгжим зохиомжийн орос дэг сургуулиар хүмүүжсэн болохоор сонгодог жаягаар концертуудаа нэг, хоёр, гурав гээд л яваад л байлаа.

Харин V концертоо ширэн цартай хуурын өлгий газар нутаг, тэндхийн уугуул түмний дуу хуур, ая эгшгийн шинж чанарт үндэслээд “Баруун Монгол” гэж нэрлэсэн.

-Сонсоход тийм шинж байна. Дараагийн концертоо “Зүүн Монгол” гэж нэрлэх болов уу?

-Магадгүй (инээв). Угсаатнуудын төрөлх шинж чанарыг агуулсан, харуулсан бүтээлүүд болог.

-Тэгвэл морин хуурт зориулсан VI концерт буюу “Зүүн Монгол” гэдэг томоохон бүтээл удахгүй мэндлэх юм байна даа гэж бодоод хүлээж байя.

-Тэгж хүлээгээд, хүлээлгээд яах вэ. Бодож л явъя.

-Түрүүн Амарбаяртай ярьж байхад “Манай үзэгчдийн хөгжим сонсох чадвар сайжирсан байна. Тоглолтын хөтөлбөр боловсруулахдаа хуурын концерт оруулах болбол юм л бол богинохноор нь З.Хангалын концертыг сонгодог байлаа. Гэтэл одоо хэний ч ямар ч хэмжээтэй концерт тоглоход сайн сонсдог болжээ” гэж хэлж байсан. Үзэгчдийн боловсрол, соёл өндөрсөх нь хөгжмийн зохиолчид та бүхний бүтээх, туурвих хүсэлд нөлөөтэй биз?

-Нөлөөтэй. Зохиосон хөгжмийг маань хүмүүс сонсож байгаасай гэж хүснэ. Оркеструуд, гоцлол хөгжимчид тоглодог, сонгодог байгаасай гэж хүснэ. Эргэлтэд ороосой гэж бодно шүү дээ. Төрүүлсэн хүүхдээс ялгаагүй. Хүн хүүхдээ сайн сайхан байгаасай, олон түмний дунд аятай, эвтэй яваасай, өөрсдөө хүн хүндэлж, бас бусдаар хүндлүүлж, хайрлуулж яваасай гэж боддог. Хүн оюунаараа төрүүлсэн бүтээлийнхээ тухай үргэлж ийм бодолтой явдаг.

-Таны концертуудын алийг нь хэн гоцолж тоглов оо?

-I концертыг морин хуурч Д.Шинэцог, II концертыг Н.Жигжиддорж тоглосон. III-ыг бас Д.Шинэцог “Хөхөө Намжил” уралдаанд тогломоор байна гэж бичүүлсэн. IV концерт гэж бичсэн. Д.Шинэцог Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит олон улсын хөгжимчдийн уралдаанд тоглоё гэж бичүүлсэн ч өөрөө ороогүй.

“Домог” хамтлагийнх нь 10 жилийн ой давхцаад ажил ихтэй байсан гэсэн. Энэ бүтээлийг одоо болтол хэн ч тоглоогүй, Магадгүй Д.Шинэцог тоглохоор бэлтгэж байж болох юм. Хамгийн сүүлийн V концертыг хуурч Р.Амарбаяр тоглолоо.

-Тэр дараастай байгаа концерт ямар онцлогтой бүтээл вэ. Хуурын чуулгатай тоглох уу, эсвэл симфони оркестртой юу?

-Ганцхан морин хуураар тоглох бүтээл юм.

-Төгөлдөр хуур ч үгүй юү?

-Тийм. Зөвхөн морин хуураар тоглоно. Хоёрхон чавхдасаар юу сонсгож болох вэ, тэр бүхнийг багтаасан.

-Их өвөрмөц зохиол юм байна даа. Удахгүй сонсоно гэж найдаж байна.

-Би ч бас тэгж найдаж байна.

-Сайн хөгжимчид хөгжмийн зохиолчдыг зүгээр суулгахгүй сонирхолтой цаг үе юм аа, тийм ээ.

-Харин тийм ээ. Харж явдаг хөгжимчин хүрч ирээд “Нэг тиймэрхүү хөгжим бичиж өгөөч” гэхэд нь харилцан ярилцаж, санаа оноо солилцоод сууж эхлэх урамтай байдаг. Морин хуурын II концертоо хуурч Н.Жигжиддоржид хаяглаж бичсэн юм. Хоёулаа их ажилласан л даа.

Жийгээ нэлээд сонгодог талдаа хөгжимчин. Би хуурч юм болохоор, өөртөө таалагддаг татлага зэргийг хөгжүүлээд оруулчихъя гээд “Ингэвэл яаж байна” гэж асуухад “Яах юм бэ, хэрэггүй” гэсээр байгаад яг л сонгодог гэмээр цэмцийсэн юм болгуулаад авсан. Сайн хөгжимчид зүгээр суулгахгүй гэж үнэн.

-Тантай ярилцах сонирхолтой байлаа. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)