Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллалаа.

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцахдаа иргэдэд зориулсан талбайгаа нэмэгдүүлж, шүүхээр тав тухтай үйлчлүүлэх боломжоор хангахыг захилаа. Мөн шүүх хуралдааны бүх танхимд зэрэг хуралдаан болж байсан ч иргэд бүгдийг нь үзэх боломжоор хангахыг сануулсан юм. Харин шүүхийн хоёрдугаар давхарт байгаа иргэдэд үйлчлэх танхимыг бусад шүүхэд жишиг болохуйц болсныг онцоллоо.

Тус шүүх ОХУ-ын мэдлийн байрыг түрээсэлдэг. Энэ онд гэхэд 21 шахам сая төгрөгийн түрээс төлжээ. Уг байрыг түрээслэж эхэлснээс хойш 140 гаруй сая төгрөгийн засвар хийгээд байгаа аж. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллага гадны улсын обьект түрээслэж байгаа нь дэлхийн хаана ч байхгүй. Шүүх эрх мэдэл айлын хаяа бараадаж, бусад байгууллагын акталсан байрыг засаад орсон тохиолдол цөөнгүй. Тэр тусмаа гадны улсын байр түрээслэж байгаа нь харамсахад ч багадна гэдгийг багагүй хугацаанд ярьсан. Гэвч өнөөг хүртэл шийдэгдээгүй гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид "Блансаас блансад шилжүүлэх байр байгаа эсэхийг судал” гэх төдий хариу өгөөд удаж байгаа. Тиймээс Дархан-Уул аймгийн шүүхийнхэн судалж Нийгмийн даатгалын газрын акталсан байрыг судалж байгаагаа ярьсан юм.

  Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 223 хэрэг хүлээн авчээ. Энэ тоог шүүгчдэд харьцуулахад нэг шүүгчид 44.6 хэрэг ноогдож байгаа аж. Ирэх онд хоёр шүүгч өндөр насны тэтгэвэрт гарна. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль хэрэгжихээр ачаалал одоогийнхоосоо өснө. Тиймээс шүүгчийн сонгон шалгаруулалтыг хоёр шүүгчийг тэтгэвэрт гарахаас өмнө зарлахыг Ерөнхий шүүгч Я.Туул хүслээ. Мөн орон сууцны дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа шалтгаанаар шүүхийн төсөв илт багассан. Шүүгч 800 мянган төгрөгийн цалинтай байхад шүүх 60-аад тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Харин энэ жил 46 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй ч шүүгчийн цалин гурав дахин нэмэгдсэн. Шүүгчийнхээ цалинг хэвээр нь үлдээхийн тулд танаж болох бүх зардлаа хассан, ирэх жил бүсээ чангалахаас аргагүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга учирлалаа.

  Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч энэ сарын 14-ныг хүртэл 839 хэрэг хүлээн авч 790-ийг нь шийдвэрлэжээ. Ингэснээр шүүгчийн ачааллыг 32.3 хувиар бууруулж байгаа аж. Цаашид эвлэрүүлэн зуучлагчийн орон тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилж байлаа.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 210 хэрэг хүлээн авснаас 190-ийг нь шийдвэрлэжээ. Ачаалал ийм байхад дөрвөн шүүгчийн дунд нэг туслах байгаа нь хүндрэлтэй байгааг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нарангэрэл учирласан юм.

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаараач гэдэг саналыг шүүхийнхэн тавьж байсан юм. ХБНГУ-ын Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран шүүхийн захиргааны коллеж байгуулахаар бэлтгэж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга дуулгалаа. Шүүхийн захиргаанд тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой хүмүүсийг тэнд сургана гэдгийг мөн хэлсэн юм.

Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг гадаад руу сургалтад явуулахад анхаарал хандуулахыг тус шүүхийнхэн хүсч байлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шүүхийн шинэтгэл амжилттай хэрэгжиж байгаа нь шүүх, шүүхийн захиргааны ажилтнуудын хичээл зүтгэл гэдгийг онцлоод энэ шинэтгэлээ олон нийтэд хүргэхэд анхаарахыг захиж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)