Шүүхийг гадуурхсан улсын төсөв

Иргэд шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй. Харин шүүхэд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээний төсөв, нөөцийг улсын төсвөөс хуваарилаагүй тохиолдолд иргэдийн шүүхэд хандах, боломжит хугацаанд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрх баталгаагүй болж, хохирч байдаг. Шүүхийн онцлогт нийцсэн, хангалттай хэмжээний хөрөнгө, санхүүгийн нөөцийн хуваарилалтыг бодитой, тогтвортой байлгах нь чухал. Гэтэл Монгол Улсын 2021 оны Төсвийн төсөлд шинээр шүүхийн барилга барих ямар ч хөрөнгө тусгасангүй. Зөвхөн барилгын засварт хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн нь шүүх эрх мэдэл төсвийн хөрөнгө оруулалтын хувьд гадуурхагдсан гэж үзэж болно. 2021 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын хэмжээгээр шүүх байгууллагыг бусад салбартай харьцуулахад сүүл мушгиж байгаа юм.

Шүүхийн өнөөгийн бодит байдлын тухайд анхан, давж заалдах шатны 116 шүүх 126 хурлын танхимтай үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн байрны зай, талбай хүрэлцэхгүй, барилга нь хуучны, стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдгаас иргэдэд үзүүлэх үйлчилгээ доголдож буй юм. Шүүх хурлын танхим нь 8-18 ам метр талбайтай нь ч цөөнгүй. Ийм бага зайтай танхимд 6-12 хүн хуралд оролцож, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаагүй өрөөнд хэрэг, маргаан шийдвэрлэж, шүүн таслах ажиллагаа явуулна гэдэг бол жирийн иргэн шүүхээр гомдлоо барагдуулах, шүүхээс үйлчилгээ авах эрхийг ноцтой хөндсөн явдал юм. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 116 шүүхээс өөрийн гэсэн байргүй, бусдын хаяа, хатавчинд толгой хоргодож, түрээс төлөн үйл ажиллагаа явуулдаг нь ч бий. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүх ОХУ-ын эзэмшилд байдаг түрээсийн байранд шүүн таслан ажлаа хийж байгаа бол Архангай аймгийн шүүх өөрийн гэсэн байргүй, ЗДТГ-ынхаа нэг буланд байрладаг гээд тоочоод байвал цөөнгүй шүүх ийм байдалтайг бичиж болно. Энэ мэт байдалтай холбоотойгоор хурлын танхим хүрэлцэхгүй тохиолдол олон. Үүнээс болж иргэд шүүх хуралд орохын тулд танхим сулрахыг нь хүлээдэг, шүүх рүү очсон өмгөөлөгч, төлөөлөгчөөр тогтохгүй жирийн иргэн ч хэргийн материалтай танилцах өрөө, тасалгаа байхгүй гээд олон бэрхшээл хуримтлагдсаар.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Сонгионхайрхан дүүрэгт нэг байранд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянзүрх дүүрэгт мөн нэг байранд байрлан шүүн таслах ажиллагаа явуулж байна. Энэ нь шүүхийн байр хүрэлцэхгүйтэй холбоотой. Мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэг байранд үйл ажиллагаа явуулж, багтах зай талбай, өрөө тасалгаа хомс, шүүх хуралдааны танхим нь зоорийн давхарт байрлаж буй. Хэрэв бодит байдлыг судлах сэтгэлтэй шийдвэр гаргагчид тав алхаад үзье гэвэл Төрийн ордонд, Сангийн яаманд хамгийн ойр байгаа бодит жишээ нь эл шүүх юм. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын холбогдох байнгын хорооны гишүүд хамгийн ойр байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү ороод нэг үзчихээсэй.

Уг нь Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо нь засаг захиргааны нэгжийн дагуу байгуулагдах учиртай. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэн Чингэлтэй дүүрэгт байрлах ёстой шүүхэд биш, Сүхбаатар дүүрэгт байрлах Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг, маргаанаа шийдвэрлүүлдэг. Энэ нь том зургаараа бол Үндсэн хуулиа зөрчиж байгаа юм.

Олон нийтийн анхаарал татсан томоохон хэргийг шүүх хурлаас шүүхийн байр багтаамжгүй, хүрэлцээгүй гэдгийг иргэд ч тод харж буй. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг шүүхийн байрны зоорийн давхарт, хүйтэн өрөөнд хорьж, саатуулж байна хэмээн шүүмжилдэг. Гэтэл шүүхийн байр нь хуучных, зай, талбай хүрэлцэхгүй, зориулалтын бус, зоорийн давхарт хүнийг тусгаарлах, түр саатуулах өрөө, тасалгаа гаргахаас өөр аргагүй байдаг. Үүнийг цагдан хоригдсон, саатуулагдсан, баривчлагдсан этгээд биеэрээ мэдэрч буй нь гашуун үнэн юм. Эдгээр баривчлагдсан, саатуулагдсан хүний эрх бидэнд хамаагүй гээд орхих боломжгүй.

Гэтэл 2021 оны төсвийн хувьд Сангийн сайдын хүрээнд Гаалийн шинэчлэл-гаалийн лабораторийн барилгад 19.3, Гаалийн шуурхай удирдлагын төвийн барилгад 16.4, гаалийн шалгалтын тоног төхөөрөмжид 114.1 тэрбум төгрөг зарцуулахаар оруулж байна. Мөн орон нутгийн татварын хэлтсийн барилгад 15.9, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад таван тэрбум төгрөг суулгажээ. Усан спортын цогцолбор барихад 9.6, Увс аймгийн Улаангом сумд 300 ортой оюутны дотуур байрын барилгад зориулж 6.3 тэрбум төгрөг тавьсан нь төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт ялгавартай, бодитой бус байгааг харууллаа.

Төсөв бол улсын урт хугацааны бодлого, төлөвлөлтөд нийцсэн байх учиртай. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2021-2030 онд “Шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө” гэж заасан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 5.1.9-д “Шүүх үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, үйл ажиллагааг нь шуурхай, чирэгдэлгүй болгоно”, 5.1.10 дахь хэсэгт “Ёс зүй, цогц чадамжтай шүүхийн хүний нөөц бэлтгэх суурь тогтолцоог бий болгож, төгөлдөржүүлнэ”, 5.1.11-т “Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр батлан хэрэгжүүлж, шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлнэ” гэж заасан ч ирэх оны улсын төсвийн төсөлд эдгээр зорилт, чиг үүргийг хангахад чиглэсэн бодитой хөрөнгө оруулалт тусгаагүй нь харамсалтай.

Шүүхийн бүтээмжтэй байдал, төсвийн санхүүжилт, менежентийн асуудлаар Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Түүнд шүүхийн төсөв, санхүүжилт нь шүүх эрх мэдэл чиг үүргээ хэрэгжүүлэх орчин нөхцөлийг шууд тодорхойлох шинжтэй учир бие даасан байдалтай нь салшгүй холбоотойг онцолж, шүүхэд зохих хэмжээний төсөв хуваарилж, нөөцийг үр ашигтай зарцуулах бололцоо олгоогүй тохиолдолд Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцод дурдсан хүний эрх хэрэгжих бодит боломж алдагдаж, шүүхэд хандах, боломжит хугацаанд хэрэг, маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрхийн зарчмууд бүрэн баталгаажихгүйг онцолсон юм. Парламент нь шүүх эрх мэдлийн байгууллагынхаа онцлогт нийцсэн, хангалттай хэмжээний санхүүгийн нөөц хуваарилах үүрэгтэй гэдгийг ч сануулжээ. Мөн шүүхийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь улс төрийн шинжтэй аливаа тогтворгүй байдал, хэлбэлзлээс ангид байх ёстой гэж дүгнэсэн байна. Манай улсын хувьд энэ зөвлөмж ач холбогдолтой билээ.

Шинэчлэл, өөрчлөлт шаардлагатай шүүх нь бодит байдал дээр хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн хувьд төрийн бусад байгууллагаас илт хоцрогдож, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогоос гадуурхагдсан шинжтэй байгаад анхаарч, иргэн нь богино хугацаанд шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх боломж нөхцөлийг хангах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг бодитой, баталгаатай хангах хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг энд дахин сануулъя.

Хуульч Д.Оросоо 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)