Шүүгч нар болон Ерөнхий сайд байсан хүмүүст яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ

Эрх мэдэл албан тушаалаа ашигласан, бусдад хүнд хор уршиг учруулсан гэх хэд хэдэн хүнд холбогдох, олны анхаарал татсан цөөнгүй хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад буй билээ. Заримыг нь шүүхэд шилжүүлж, хэлэлцэхээр болсон ч шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар янз бүрийн арга саам хэрэглэж, хойшлуулсаар байна. Шүүхийнхэн арга ядсандаа шүүн таслах ажиллагаанд удаа дараа саад учруулж, үндэслэлгүй гомдол гаргах болсон, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг ирэх сарын 28-нд шүүх хурал болтол цагдан хорив. Нэр бүхий хэд хэдэн шүүгдэгч ийнхүү хурлаа хойшлуулж байгаа нь улстөрчдийн хууль батлахдаа “завааруулсан” хөөн хэлэлцэх хугацаа гэгчийн дуусахыг хүлээж байгаа нь дамжиггүй. Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагынхан хуулийн хүрээнд нотлох баримтаа цуглуулан яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа прокуроруудад гаргаад буй, олны анхаарал татсан ч тэгсхийгээд намжсан зарим хэргийг хувь заяа хэрхэж байгааг бид эргэн сурвалжиллаа.

“ЭКО КОНСТРАКШН”-Ы С.НЯМДАВААГ ТАВАН АЛБАН ТУШААЛТНЫХ НЬ ХАМТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАВ

Хотын эргэн тойронд олон барилга барьж, ашиглалтад оруулдаг ч чанар нь байнга муугийн жишээ болж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичиж байдаг “Эко констракшн” компанийн удирдлагыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт тус компанийн барьж буй барилгад 2018 оны хавар хүн амь үрэгдсэн осол гарсан юм. Уг ослоос хойш хэдхэн хоногийн дараа тухайн барилгаас нь юм унаж, доор нь явж байсан ажилчин нь цохиулж гэмтсэн байдаг. Хэдхэн хоногийн дотор хүний амь, эрүүл мэндийг хохироосон осол удаа дараа гарсан учраас Хан-Уул дүүргийн цагдаагийнхан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, дэд захирал, хөдөлмөр хамгаалал болон барилгын талбай хариуцсан албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн шалгаж, улмаар тус дүүргийн Прокурорын газраас дээрх хүмүүсийг яллагдагчаар тооцоод байгаа юм билээ.

Тус компанийн барьж буй барилгын талбайд байсхийгээд л осол гарч, ажилчид нь амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байдаг. Хан-Уул дүүрэгт бариад ашиглалтад оруулсан, үнэтэй орон сууцуудынх нь нэгийн шат цөмөрч, олимпын медальт, нэртэй боксчин эрүүл мэндээрээ хохирсон ч тэгсхийгээд чимээ шуугиангүй өнгөрсөн нь бий. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хавар барилгын салбарт гарч буй үйлдвэрлэлийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийхдээ “Үйлдвэрлэлийн ослын тоо жилд 20-40 хувь буурч байгаа ч хангалтгүй байна. Өнгөрсөн онд барилгын салбарт 17 осол гарч, долоон хүн нас барсан. Хүний амь нас эрсдэх осол гаргасан “Эко констракшн”, “Хурд групп”, “Модун” зэрэг компанид акт тавьж, барилгын ажлыг зогсоож байсан. Барилгын салбарт гарч буй ослын 80 хувийг өндрөөс, дээрээс юм унах хэрэг, зөрчил эзэлж байгаа” хэмээн өгүүлсэн юм.

Нийслэлийн хэмжээнд 2016-2018 онд гарсан барилгын салбарт гарсан ослын судалгаанаас үзэхэд “Эко констракшн” компанийн Хан-Уул дүүргийн нутагт барьж буй барилгад жил бүр осол гарч, 2016 онд хүн гэмтсэн бол, дараагийн хоёр жилд нь тус бүр нэг хүний амь хохирсон байна. Тус компанийнхан барилгын үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас аваагүй бүтээн байгуулалтаа өрнүүлж байх үед нь нэг бус осол гарсан нь шалгалтын явцад тодорхой болж буй гэнэ.

Тус компанийн удирдлагатай эрүүгийн хариуцлага тооцож байсан нь үгүй. Өмнө нь эл компанийн барьж буй барилгад нэг бус удаа хүний амь үрэгдсэн осол гарч байсан ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах талаар анхаарч ажиллаагүй “Эко констракшн”-ынхан удирдлага ямар нэг хариуцлага хүлээж байгаагүй юм билээ. Харин энэ удаа яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буй бөгөөд шүүх хариуцлага тооцох, эсэх нь эргэлзээтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН, АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНИЙН ОХИНЫГ ШАЛГАХ УУ

ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд болон “Дархан гурил тэжээл” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжав нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын 30-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан билээ. Тухайн үед эх сурвалжууд “ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдийг “Дархан гурил тэжээл” компанийн элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” гэх хэрэгт шалгаж байгаа хэмээн мэдээлж байсан.

Дархан-Уул аймагт 2011 онд шил шилээ дарсан дэлбэрэлт болж байсныг зарим хүн санаж буй. Тэдний нэг нь “Дархан гурил тэжээл” компанид болж, буудай хадгалдаг элеватор нь дэлбэрсэн. Тухайн үедээ шуугиан дэгдэж байсан ч хүний амь эрсдээгүй болохоор тэгсхийгээд намжсан юм. Үүнийг сануулахын учир нь “Дархан гурил тэжээл”-ийн дэлбэрсэн элеваторыг сэргээн засчихаад, шинээр барьсан хэмээн улсын төсвөөс 16-18 тэрбум төгрөг завшсан байж ч болзошгүй гэх үндэслэлээр дээрх хүмүүсийг шалгаж буй юм билээ.

2014 онд тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Дархан-Уул аймагт үр тариа хадгалах 36.0 тн-ын багтаамжтай, төмөр бетон хийцтэй элеватор худалдан авах тендер зарласан аж. ТШ/2014/УТ/ЭЛ-/Бараа гэсэн дугаартай энэ тендерийг 2014 онд эхэлж, 2015 онд ашиглалтад хүлээн авахаар, үүний найман тэрбумыг нь тухайн оны улсын төсвийн хөрөнгөөс гаргахаар болжээ. Тендерт тухайн үед “Дархан гурил тэжээл”, “Хит констракшн” хэмээх дотоодын, “Эм Би инженеринг” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд явцын дунд “Хит констракшн” нь элеватор барих туршлагагүй байснаас ч болсон уу, ямар нэг байдлаар нэрээ татаж, “Дархан гурил тэжээл” компани шалгарчээ.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд шинээр барихаар зааж, найман тэрбумыг гаргахаар болсон ч Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийн хашаанд шинээр барьсан элеватор байхгүй, харин хуучин, дэлбэрч хагарсан элеваторыг засаж, будаад төрд буцаагаад өгсөн нь ийнхүү дээрх хүмүүсийг шалгахад хүргэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний шинжээчид дүгнэлт гаргахдаа хуучин элеваторыг сэргээн засахад 3.5 тэрбум төгрөг л зарцуулсан гэсэн байх юм. Сангийн яамны эх сурвалжийн өгсөн мэдээллээр улсын төсвөөс найман тэрбумыг нь, “Чингис” бонд-ын хөрөнгөөс үлдсэнийг нь гаргаж тендерт ялсан компанид олгосон гэдэг. Энэ хэрэгт “Дархан гурил тэжээл” ХК-ийн 152 131 ширхэг хувьцааг эзэмшдэг, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн охин Э.Содгэрэлийг ч шалгаж болзошгүй байгааг эх сурвалжууд хэллээ.

ЗАРИМ ХӨРӨНГӨӨ НУУХАД НЬ Ш.БАТХҮҮД “МАГНАЙ ТРЕЙД”-ИЙН Р.ГАНЗОРИГ ТУСАЛЖЭЭ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон Ш.Батхүү нарын хэргийг Улсын дээд шүүх хянах гэж байтал дээрх шүүгдэгч гомдлоо буцаан авснаар анхан шатны шүүх хэлэлцэх, эсвэл прокурор, мөрдөн байцаах байгууллагад буцаан хүргүүлэхээр болоод буй. Харин хэрэгт нэр бүхий хүмүүс хэрхэн холбогдож буй нь тодорхойгүй байгаа. Тухайлбал, “Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэгт шатахуун импортлогч томоохон компани болох “Магнай трейд”-ийн захирал Р.Ганзоригийг шалгах болж, хүүгийнх нь хамт ЭЦА-ныхан түр саатуулж байсан билээ. Чухам ямар хэрэгт түүнийг шалгах болсон талаар тодорхой мэдээлэл тухайн үед хомс байсан юм.

Бидэнд олдсон мэдээллээр Р.Ганзоригийг “Жаст групп” компанийн зарим хөрөнгийг хууль бусаар авсан хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. “Жаст”-ын Ш.Батхүү өөрийн эзэмшлийн “Жаст ойл” ХХК-ийн хувьцаа болон эд хөрөнгийн эрхийг хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор 2013 оны долдугаар сарын 1-нд “Магнай трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийн хүү Г.Дашнямд компанийн өр төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээгээр халхавчлан өгчээ.

Р.Ганзориг нь хүү Г.Дашнямаараа тушаал гаргуулан “Магнай трейд” компанийн удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Д.Энхцэцэгийг 2013 оны есдүгээр сарын 1-нд “Жаст ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулан дээрх хоёр компанийн хооронд зохиомол өр бий болгон иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, эвлэрлийн гэрээ байгуулсан аж. Энэ гэрээг үндэслэн шүүхийн шийдвэр гарч, “Жаст ойл” ХХК-иас шатахуун түгээх таван станцыг нь “Магнай трейд”-ийнхэн шилжүүлэн авсан юм байна.

Дээрх үйлдэл хууль зүйн үндэстэй, эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, хариуг энэ оны нэгдүгээр сарын 9-нд авчээ. Шинжилгээний хариугаар “Магнай трейд” болон “Жаст ойл” ХХК-ийн хооронд 5.2 тэрбум гаруй төгрөгийн өр, авлага үүссэн, үүнээс нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 14 байршил дахь хоёр газар, үл хөдлөх хөрөнгө зэрэг нийт 2.4 тэрбум илүү төгрөгийн хөрөнгийг хураан авч, хүлээлгэн өгсөн байна. Дээрх аудитын шинжилгээний дүн үндэслэлтэй, эсэхийг нягтлуулахаар өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжилгээний хэлтэст шинжээч томилуулан шалгасан аж.

“Магнай трейд” болон “Жаст ойл” ХХК-ийн хооронд зохиомол ер бий болгож Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн, эвлэрлийн гэрээ байгуулаад, шүүхийн шийдвэр гаргуулж, “Жаст ойл” ХХК-ийн хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдлийг шалгасан юм байна. Хэрэгт цугласан нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн дагуу “Жаст ойл”-оос “Магнай трейд” ХХК-д шилжүүлсэн херөнгүүд нь өмнө ямар нэгэн банк, санхүүгийн барьцаанд бүртгэлгүй байсан гэнэ.

БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН 17 ШҮҮГЧИЙН ЗУРГААГ НЬ САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ХЭРЭГТ БУРУУТГАЛАА

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт олны анхаарал татсан хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх саналаа бичин НПГ-ын прокуроруудын хяналтад хүргүүлжээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгаж дууссан байна. Монгол Улсын Засгийн газар 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын, 2015 онд Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт тэднийг болон Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-ынхан багагүй хугацаанд шалгасан юм.

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхад Тамгын газрын дарга, Хууль зүйн сайд болоход тус яамны газрын дарга зэрэг албан тушаал хашиж байгаад Архивын ерөнхий газрын дэд дарга болсон Б.Үнэнбат, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү, “Нуурын Чинбаа” хочтой С.Чинбат нарыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан нэлээд хугацаанд шалгасан. Дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсанаас улбаалан шалгах явцад Ховд аймгийн Булган сум дахь боомт болон Замын-Үүдийн боомтоор их хэмжээний ашигт малтмал хил давуулж байсан бүлэглэлийг илрүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын үеэр Б.Үнэнбатыг 1.9 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгах болсон. Уг хэргийг шалгаж дуусаад мөн л яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын лиценз эзэмшигч хятадуудын маргаанд Монголын хуульчид, цагдаагийнхан өртөж, өмнөд хөршийнхний оруулж ирсэн олон сая ам.доллароос хувь хүртсэн байж болзошгүй хэмээн олон шүүгчийг АТГ-ынхан шалгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн НПГ-ын хяналтын прокуроруудад уламжлаад байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)