Шүүгч Б.Сайханцэцэгт оноосон ялыг хасаж, нэг жил хорихоор болов

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдон хахууль авсан гэм буруутай хэмээн ял шийтгүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг, түүнд хахууль өгсөн Ц.Өнөрцэцэг нарын давж заалдах гомдлыг хэлэлцлээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, хоёр жил хорих ял өнгөрсөн долдугаар сарын 29-нд оноогоод 20 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. Харин Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр хахууль авсан буруутай гэж дүгнэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноосон юм. Тэдний үйлдлийг Ц.Өнөрцэцэгийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан “Салхитын мөнгөний ордын” гэх хэргээс тусгаарлан сүүлд нь шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлж байв.

Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолыг эсэргүүцэн уг хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав, О.Баясгалан, Б.Баяраа, П.Одонтунгалаг, О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг нар давж заалдах гомдол гаргасан агаад нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар илтгэж, Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, оноосон ялыг багасгасан байна. Гэвч давж заалдах шатны шүүхийн холбогдох албаныхан 15.10 цагийн үед хэлэлцэж дууссан эл хэргийн шүүх хурлын мэдээллийг нийтэд дэлгэсэнгүй. www. livecourt.mn цахим хуудсанд бичсэнийг нь жирийн уншигчид ч ойлгохгүй зүйл нийтэлсэн байв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх рүү хамгийн сүүлийн хурлын дараа очиход тэндээс гарч яваа хэргийн оролцогч нар “Даргалагч шүүгчийнх нь яриаг ойлгосонгүй” хэмээж байв.

Тиймээс бид шүүхээс бус, өөр эх сурвалжаас Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын баттай мэдээллийг олж авлаа. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн уг хэргийг “Төгсөөгүй, хахууль өгөхийг завдсан үйлдэл. Гэхдээ гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн тогтоол зөв” гэж дүгнээд хорих ялыг нь тус бүр нэг жил болгон багасгажээ. Ташрамд дурдахад, “Салхитын мөнгөний ордын” гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Б.Цолмонбаатар тэргүүтэй хүмүүсийн гомдлыг энэ баасан гарагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлосон байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)