Шүүгч амиа алдсантай холбогдуулан Хорих 461-р ангийн удирдлагуудыг ажлаас нь халжээ

Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа ШШГЕГ-ых харьяа хорих 461-р ангид саатуулагдан, хоригдож байх үедээ амь насаа алдсан хэрэг 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр гарсан билээ. Тус хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-ын даргын тушаалаар тус байгууллагын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж дотоодын хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Тэгвэл өнөөдөр тус шалгалтын дүнг ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр танилцууллаа.

Шалгалтаар тухайн үед харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид болон камер хянагч сонор сэрэмж алдсан гэх бөгөөд ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга албан хаагчдыг удирдлагаар бүрэн хангаагүй, хяналтаа сулруулсан гэх зүйлүүд тогтоогдсон гэжээ. 

Иймд ШШГЕГ-ын даргын зөвлөл шалгалтын дүнг хэлэлцэж нэр бүхий албан хаагчдад үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр хариуцлага тооцсон байна. Тухайлбал, Хорих 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга болон бусад харуул хамгаалалтын холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)