Шүүгчийнхээ бичиг баримтыг хууль бусаар авсан шүүгчийн хэргийг шийдэхгүй нь

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргалд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Ерөнхий сайд асан С.Баярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас суллахаар 2018 оны тавдугаар сарын 11-нд шүүгч С.Батжаргал захирамж гаргасан ч хуулиа зөрчин түүнийгээ баталгаажуулалгүй, найзтайгаа нийлэн, утсаа салгаад сураггүй болсон юм. Улмаар өмнө нь эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан Ц.Зоригтбаатар хэмээх найзаараа хамт ажилладаг нэг шүүгчийнхээ бичиг баримтын хуулбарыг Тамгын газраасаа хууль бусаар авхуулж, улмаар “Мобиком”-ын III, IV хороолол дахь салбараас “Бичиг баримтаа хаячихлаа. Сим картаа яаралтай сэргээлгэмээр байна” хэмээн сим карт авч, эхнэрийнхээ утсанд хийж мессеж бичсэн нь АТГ-ынхны явуулсан мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. “Мобиком”-ын ажилтан ч канондсон цаасыг нь үндэслээд жинхэнэ эзэнд нь бус, өөр хүнд сим карт гаргаж өгсөн нь батлагдсан талаар бид өнгөрсөн сарын 6-ны дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

Шүүгч С.Батжаргал болон түүний найз Ц.Зоригтбаатар нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 26.1- 2 дахь хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх өнгөрсөн наймдугаар сард хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан бол НПГ-аас түүнийг нь эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм. Түүнийх нь дагуу эл шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалан явуулсан хурлаас дахиад л нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү шүүгч нь холбогдсон хэргийг Баянгол дүүргийн шүүх хэлэлцэж чадахгүй байсаар хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах бололтой.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)