Шүүгчийг заналхийлсэн эрийг Тахарын албаныхан илрүүлжээ

Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гэрч, хохирогч, шүүгч, прокурорын аюулгүй байдлыг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Тахарын ерөнхий газрыг байгуулсан билээ. Энэ албаны талаар хүмүүс “Хэрэгг үй алба байгуулсан” гэх мэтээр ярих болсон. Гэсэн хэдий ч тус байгууллагынхан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломж, шүүгчийн аюулг үй байдлыг ч хангаж байна. Тухайлбал, эрүүгийн хэрэгт холбогдоод хэрэг нь шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргосон, улс орон даяар 1-8 жилийн хугацаанд эрэн сурвалжилж байсан 12 сэжигтэн, яллагдагчийг энэ оны долдугаар сараас хойш баривчилжээ. Дээрх оргодлууд нь нэр хаягаа солин, нүүрэндээ мэс засал хийлгэж, зүс царайгаа өөрчлөхийн зэрэгцээ хуурамч бичиг баримт гаргуулан амьдарч байсан гэнэ. Үүнээс гадна хэргийг нь прокурорын байгууллагад хянаж байхад оргосон 10 хүнийг Тахарын ерөнхий газрын ажилтнууд олж саатуулсан байна.

Тус газрын Эрэн сурвалжлах алба ердөө наймхан хүнтэй ч энэ богино хугацаанд олон тооны оргодлыг олж саатуулсан нь цомхон чадварлаг боловсон хүчнээр ажлаа явуулах боломжтойг харуулж байгаа юм. Тахарын алба байгуулагдаагүй байхад иргэний хэргийн хариуцагчийг олж авчрах, албадан ирүүлэх ажил хорооны цагдаагийн хэсгийн байцаагчид ногддог байв. Хэсгийн байцаагч өмнөө байгаа их ажлын хажуугаар хүн эрэн сурвалжилна гэдэг хүнд байсан бололтой. Тиймдээ ч 4000 гаруй иргэний хэргийн хариуцагчийг олж шүүхэд аваачих ажил цалгардаж байсан гэнэ. Тахарын албанд уг ажил шилжсэнээр энэ олон хариуцагчийг шүүхэд хүргэж өгөн, хохирсон олон иргэний гомдлыг шийдэхэд тусалжээ. Эдгээр ажлаас гадна шүүгчид заналхийлсэн мэдээлэл хүлээн авч, шалгаад уг этгээдийг олж, шүүгчийг хамгаалалтад аваад байгаа гэнэ.

Орон нутгийн нэгэн шүүхийн шүүгчийн утас руу “Миний амьдралыг бусниулсан чамайг ална” хэмээн ярьж, мессеж бичиж байсан гэнэ. Тухайн шүүгч энэ асуудлыг цагдаагийн байгууллага болон ШЕЗ-өөр дамжуулан Тахарын ерөнхий газарт мэдэгдсэн байна. Үүний дагуу Тахарын ерөнхий газрынхан эрэн сурвалжилж, сэжигтнийг тогтоон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Уг этгээд нь хоёр жилийн өмнө иргэний хэргийн хариуцагчаар татагдаж, тухайн шүүгч хэргийг нь шийдвэрлэж байсан юм байна.

Г.ОРЧЛОН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)