Шүүгчдийн өмгөөлөгч нар нэг цагийн турш үг хэлэх зөвшөөрөл авчээ

“Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн ажилтан холбогдсон хээл хахуулийн хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ. Шүүхийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхлэхэд нотлох баримтууд шинжлэх судлах ажиллагаа хийсэн аж. Өчигдрийн хурлын үеэр мөрдөн шалгах тусгай ажиллагааны явцад баримтжуулсан дүрс бичлэгүүдийг үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын нэг нь хахууль өгч, шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий эрхэм тэр мөнгийг нь авч буй бичлэгийг нь хурлын танхимд яллах тал нотлох баримт болгож үзүүлжээ. Гэтэл хахууль өгсөн, зуучилсан хэрэгт холбогдоод буй шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн биеийн байдал 13.00 цагийн үед тавгүйрхэж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэнэ. Тиймээс шүүх хурлыг түр завсарлуулж, өнөөдөр 09.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлуулав. Нотлох баримт болгож үзүүлсэн тухайн бичлэг нь дээрх шүүгдэгчийн бие, сэтгэлийг тавгүйрхэхэд хүргэсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Өнөөдөр шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн биеийн байдал ямар байхаас шалтгаалж шүүх хурлыг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэх бөгөөд хэрэв цаашид явуулахаар болбол нотлох баримт шинжлэн судлах ажиллагааг дуусгаж, өмгөөлөгч нар өмгөөллийг үгээ хэлэх юм. Нэр бүхий 15 шүүгдэгч тус бүр 1-2 өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулж буй билээ. Өмгөөлөгч тус бүр нэг цагийн турш өмгөөллийн үг хэлэхээр шүүх бүрэлдэхүүнд саналаа гаргасан гэх мэдээлэл бидэнд ирэв. Тэгэхээр шүүх хурал өнөөдөр үргэлжилсэн ч шийдвэрээ гаргахгүй, маргааш, магадгүй нөгөөдөр ч үргэлжлэх бололтой.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)