Шүтэх бус, таних нь чухал

Сонгуулийн санал хураалтаас сар шахмын өмнө юм гэсэн. Орон нутагт нэр дэвшигч нэгэн “шидийг олох” ном уншуулжээ. Зам мөрийг нь засах чухал үйлийг гүйцэлдүүлсэн лам багш нь “Болно, бүтнэ, барцад арилгах ном уншчихлаа” л гэж. Энэ бол ганцхан жишээ. Төрийн жолоо атгаж, улс удирдах амаргүй үйл хэрэгт “амь, биеэ” зориулахаар хэчнээн хүн багшдаа бараалхсаныг таашгүй.

Богд уулын энгэрийн нэг модонд хадаг уяж байсан хүнээс учрыг нь лавлахад муураа “хөдөөлүүлчихээд” хадаг уяхыг лам зөвлөсөн гэлээ.

Монголчууд мухар сүсэгт автаж байгаа талаар, энэ нь боловсролгүй, мэдлэггүйтэй холбоотой гэж бид байнга шахам ярьдаг, бичдэг. Ингэхдээ хувь хүмүүсийн л тэнэгийг гайхаад өнгөрнө. Үнэндээ бол нийгэмд ийм муйхар мунхаглал газар авсанд шашны төлөөллүүд ч тодорхой хэмжээнд буруутай. Учир нь тэд бурхны номыг ухуулан таниулах хамгийн чухал ажлаа орхигдуулаад, бизнесийн зорилготой ажиллах болсон нь гарцаагүй үнэн. Бурхан багшийн сургаал, номд шамдаж буй лам, хуврагууд бүгд тийм гэж хэлэх нь утгагүй учраас ялгаж, салгаж ойлгохыг юуны түрүүнд хүсье.

Угтаа бол монголчуудын олонхын шүтдэг буддизм бол амьдралын мөн чанарыг өөрөөр нь ухуулан таниулж, амар амгалан, аз жаргалтай байхад хөтлөх шинжлэх ухаан юм гэдгийг сүсэглэдэг нь ч, сүсэглүүлдэг нь ч ойлгож, ойлгуулах учиртай. Уг үндсийг нь таниагүй, итгэл үнэмшилтэй байгаа, эсэхээ ч мэдэхгүй олныг дагаж “савдаг” хэсгийнхэн ламыг бурханчлан шүтэж, итгэж, харь хэлээрх номыг нь сонсон, хэлснийг нь дагах явдал түгээмэл. Угтаа бол бидний дунд иймэрхүү зомби бүлэг бий. ХХI зуунд амьдарч байж их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” шиг “гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарч” хэн нэгний зомби болон амьдарч байгаа нь үнэндээ шившиг. Элэг нэгтнүүдээ ийм байлгаж, идэж, өмсөх хэрэгцээгээр тасардаггүй лам нар ч ичиг.

Буддизм бол хий хоосон номлол бус, бодитод тулгуурласан сэрэмжлүүлэг юм гэж залуухан ламын ярианаас ойлгосноо энд дурдъя. Бурхан багшийн сургаалыг сэрэмжлүүлэгтэй зүйрлэсэн нь үнэхээр оносон мэт санагдав. Хүмүүс хэн нэгнийг, эсвэл ямар нэгэн “идеалыг” шүтэж, дагадаг. Тэгвэл бурхан багш “Хэнийг ч сохроор дагах хэрэггүй. Аливааг өөрийн ухаанаар цэгнэж дүгнэ. Тахил өргөж, зан үйл хийснээр бус, мэдлэг ухаанаар мунхгийг арилгана” гэхчлэн “ба, бэ”-гүй” хэлээд, сэрэмжлүүлчихсэн байна.

Ерөөс хүний далд ухамсартай холбоотой ойлголт, үйлдлүүдийг шашин шүтлэг гэж тайлбарлах нь бий. Тэгвэл шүтэж байгаа зүйлээ эхлээд таньж, үүх түүхийг нь судлахын чухлыг судлаач нар онцоллоо.

ЭХЛЭЭД “ТАНИЛЦЪЯ”

Юуны түрүүнд, нийтийн тооллын өмнөх VI-V зууны үед Энэтхэгт үүссэн буддын шашин Монголд хэрхэн дэлгэрсэн талаар товч дурдах нь зүйтэй. Үүнийг үндэслэгч нь Шагжамуни буюу Сиддарта. Гэгээрлийг олсон тэр хүний сургаал номлолыг бурхны шашин гэх бөгөөд Монголд буддизм гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Анхны дэлгэрэлт Хүннү гүрний үед. Үүнийг батлах археологийн олдвор буюу алтан бурхан бий аж. Хоёр дахь дэлгэрэлтийг XIII зууны сүүл, XIV зууны эхэнд гэж үздэг бөгөөд Хубилай хаан үүнд онцгой үүрэгтэй байжээ. Энэ үед бурхны шашны сургаал, номыг монгол хэлнээ анх хөрвүүлж байсан түүхтэй. Богд Зонховын шашин Төвдөөс дэлгэрч, хөгжсөн буюу XVI-XX зууны үеийг бурхны шашин дэлгэрсэн гуравдугаар үе гэдэг байна. Судлаачдын онцолсноор, энэ үед институцийн хэмжээнд хүртэл хөгжжээ. Гурван үе тус бүр тухайн нийгмийнхээ оюун санаатай холбоотойгоор өөр өөрийн өнгө төрхтэй байсан ч ном сургаал, соёл, мэдлэг ухааны мөн чанар, сонгодог уламжлал нь хадгалагдсаны зэрэгцээ түүхийн явцад монгол онцлог бүхий буддизм бүрэлдэн тогтсон гэж үздэг. 1990-ээд онд Монголд бурхны шашин дахин сэргэсэн гэж үздэг.

Бурхны шашин гэж юу болохыг мэдэхийн тулд эхлээд үгийнх нь утгыг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, юу шүтэж, бишрээд байгаагаа ойлгох нь мэдээж чухал. Зарим хүний хувьд энэ мэт тайлбар “А, Б” үсэг мэт хялбар, танил санагдаж болох ч, нийтэд мэдээлэх үүднээс товчхон дурдъя. Академич Д.Цэрэнсодном гуайн тайлбарласнаар, бурхан гэдэг нь буддха хэмээх самгарид үгийн монголчилсон дуудлага бөгөөд сэрсэн, дэлгэрсэн, ариуссан гэсэн утгатай аж. Товчхондоо, хүний бэлгийн мэлмийг хаадаг уур, мунхаг, шунал тачаал тэргүүтэй муу сэтгэлийг ариусган, мунхгийн нойрноос сэрэх гэсэн үг.

Харин “шашин” гэдэг нь самгаридаар “шасана” гэсэн үг бөгөөд монголоор засах залруулах, заах сургах хэмээх утгатай. Тэгэхээр муу сэтгэлийг засах, зөв сэтгэл, сайн сайхан зам мөрийг заах гэсэн үг. Ингэж үгийнх нь язгуур утга учрыг ойлговол бурхны шашин гэдэг нь хий хоосон номлол бус, энэрэн хайрлах, сайныг түгээн дэлгэрүүлэх эрдэм болохыг мэднэ гэж судлаачид болон эрдэм мэдлэгтэй лам, хуврагууд тайлбарласан.

ҮГИЙГ “АЛСАН”-ААС ҮҮДЭЛТЭЙ ТӨӨРӨГДӨЛ

Агуу сэтгэгч, суут физикч А.Эйнштейн “Орчин үеийн шинжлэх ухааны шаардлагыг хангасан шашин гэж байдаг бол тэр нь буддизм байх” гэжээ. Тэгвэл “Шашин бол итгэл найдварын шинжлэх ухаан. Шинжлэх ухаан нь итгэл найдварыг эрэлхийлэгч шашин юм” гэж Далай лам хэлсэн байдаг. Толь бичигт шашин гэдгийг ном, сургаал, цааз гэсэн утгатай гэсэн байна. Харин монголчууд өмнөх нийгмийн үед 70 гаруй жил “шашин” гэдэг үгийг бурангуй мунхгийн илэрхийлэл гэсэн утгаар ойлгож ирсэн. Энэ бол хүмүүсийн бус, тогтолцооны суртал ухуулгаас үүдэлтэй ташаа ойлголт. Бүр тодруулбал, “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн Карл Марксын “онолтой” холбоотой төөрөгдөл. Эл төөрөгдлийг өнөөдөр ч бүрэн дүүрэн арилгаагүйгээс болж шашин гэхээр бурангуй мунхаг зүйл мэтээр ойлгох нь түгээмэл болжээ. Өмнөх нийгмийн үеийн сэтгэлгээгээрээ яваа судлаачид ч шашин бол муу зүйл гэж тайлбарладаг нь төөрөгдөлд хүргэсээр байгааг учир мэдэх хүмүүс хэлэв.

Иймд засах, залруулах, заах сургахыг илэрхийлэх шашин хэмээх үгийн утгын “эргэлзээг” тайлбарлан ухуулах ажлыг хүчтэй хийж, төөрөгдлөөс гарах хэрэгтэй санагдана. Эс бөгөөс судлаачийн хэлснээр, шашин гэдэг үгийг утгачилсан хэлбэрээр нь буюу “заах, сургах” гэдгээр нь орлуулан ярьж хэвшүүлбэл илүү үр дүнтэй байхыг ч үгүйсгэхгүй.

Эцэст нь хэлэхэд, өнөөдөр иргэдийн шүтэх, сүслэх хэрэгцээнд дөрөөлсөн бизнес Монголд байгааг хэн хүнгүй мэднэ. Энэ асуудлыг шийдэхэд дээр өгүүлсэнчлэн бурхны сургаал, номыг зөв тайлбарлан таниулж, мөн чанарыг ухуулах нь хамгийн чухал юм. Түүхийн тодорхой хугацаанд хааж, боосноос болж далд хэлбэрт шилжиж, хүмүүсийн дунд мунхаглал мэтээр ойлгогдох болсон уламжлалт ухаан, шүтэх ёсоо өнөөдөр бид илүү нухацтай авч үзэхгүй бол үзэл баримтлалгүй дагагчид, тэдэнд дөрөөлсөн бизнес тасрахгүй. Үүнд бурхан шашинтны төвийнхөн онцгойлох үүрэгтэй байгаасай. Нөгөөтээгүүр, бурхны сургаал, номыг жинхэнэ утгаар нь ойлгуулан, дэлгэрүүлэх, амьдралд хэрэгжүүлэхийн тулд бага, дунд ангийн сургалтын хөтөлбөрт тусгасан ч болохгүй гэх зүйлгүй мэт санагдана. Ингэж хэллээ гээд мухар сүсэгтэй, шашин дэлгэрүүлэх санаатай “хар тамхичин” гэж зүхэхгүй гэж найдъя.

“Буддизм бол хүн төрөлхтний олж нээсэн оюун санааны үнэт өв, зөв амьдрах гүн ухаан юм” гэсэн Далай ламын үгийг ахин дахин эргэцүүлж, шашин шүтэж байгаа хэлбэрдэлтээ хаана хаанаа бодохгүй бол бид кинонд гардаг зомби болоход ойрхон байна. Төгсгөлд нь сануулахад, Буддын сургаал, номлол нь эх болсон зургаан зүйл хамаг амьтныг энэрэх ухаан юм. Энэ ухааныг ойлгох, эзэмших хүч нь хүн таны сэтгэлд л оршино. Эл мөн чанарыг л ойлгочихвол элдэв янзын “ном” уншуулах зэргээр ёс үйлдэх нь зайлшгүй хийх зүйл биш, шашин бол хэрэглээ бус, гэгээрэл юм гэдгийг ухаарах буй за.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)