Шүд, зүрх, судасны тасагт үзүүлэх иргэд 10-21 хоног хүлээж байна

Эмчид үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төв буюу 1800-0119 дугаарын утас ажиллуулж эхэлснээс хойш эмнэлэгт очиж, үзлэгийн цаг авах иргэдийн тоо 36 хувиар буурчээ. Тус төвийн үйл ажиллагааг өнгөрсөн есдүгээр сарын 1-нд эхлүүлснээс хойш 57 168 дуудлага ирж, үүнээс 87.8 хувь буюу 50 237 иргэн захиалсан үйлчилгээгээ амжилттай авсан байна. Энэ хугацаанд хамгийн их буюу УНТЭ-т 4123, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 9376 иргэн үзлэгийн цаг захиалсан аж. Нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг төрөлжсөн ес, дүүргийн зургаан эмнэлэг 1800-0119 дугаараар үзлэгийн цаг олгож буй. Нэгдсэн төвд 30 цахим бүртгэгч, хүүхдийн 10 болон нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм. Ийнхүү цахимаар цаг олгодог болсноор УНТЭ, АӨСҮТ, УГТЭ, ГССҮТ, СЭМҮТ-ийн дотоод цаг захиалгын утсанд ирдэг ачаалал дунджаар 54 хувиар буурчээ. Харин ХСҮТ, ХӨСҮТ-ийн дотоод цаг захиалгын ачаалал буураагүй хэвээр гэнэ. Үзүүлэх иргэд олон байгаагаас зарим тасагт ачаалал үүссэн байна. Тухайлбал, шүдний тасагт үзүүлэх иргэд 14-21, зүрх, судас 10-21, дотор, чих, хамар, хоолой 10-14, мэдрэл, эмэгтэйчүүд 7-10, рентген 14-21, мэс засал, зүрхний ЭХО-д 7-14 хоног хүлээж байж үйлчилгээ авах аж.

Ташрамд дуулгахад, ирэх сарын 1-нээс 1800-0119 төвд орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийг холбох юм байна. Ингэснээр орон нутгийн иргэд төв эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах боломжтой болох нь. Цаг захиалах утас ажлын өдрүүдэд 07.00-21.00, амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ажиллах юм. Мөн тухайн иргэний хүсэлтээр өмнө нь авсан үзлэгийн цагийг цуцлах, шилжүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)