ШШҮХ-д шинжээч, нарийн мэргэжилтэн дутагдалтай байна

ШШҮХ (Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн)-гийн үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй байх ёстой юм гэнэ лээ. Манайхаас бусад гадаадын улс оронд дээрх жишгээр үйл ажиллагаа нь өрнөдөг. Харин Монголд энэ байгууллагынхны ажил нь олны нүдэн дээр өрнөж буй мэт сэтгэгдэл төрөх болов. Хэн дуртай нь хэвлэлийн хурал зарлаж, “Шинжээчийн дүгнэлт буруу гарсан” хэмээн ярих болсон. Ер нь ийм хэл ам байнга гарч байна гэхэд хилсдэхгүй. Гэмт хэргийн халуун мөрөөр орох, шуурхай илрүүлэх, нотлох баримтыг үнэн, зөв бүрдүүлэх, шүүх бүрэлдэхүүн шударга шийдвэр гаргахад хамгийн чухал нь шинжээчийн дүгнэлт гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Харамсалтай нь, Монгол Улсын хэмжээнд шинжээч дутагдалтай байна. Ялангуяа, ШШҮХ-д ажиллах эдийн засаг, байгаль орчин, уул уурхай, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын чиглэлээр нарийн мэргэшсэн шинжээч алга. Дотоод хэргийн их сургуульд зөвхөн криминалистикийн шинжээч бэлтгэдэг. Тодруулбал, хэргийн газраас гар, хөлийн мөр, бичиг судлал, галт зэвсгийн шинжилгээ хийх зэрэг уламжлалт аргаараа л онолын мэдлэг олгож буй. Гэмт хэрэг илрүүлэх, тусгай мэдлэг олгох чиглэлээр шинжээч бэлтгэдгээс бус, өөр бусад салбар судлалаар нарийн мэргэшүүлдэггүй. Ийм боломж ч үгүй. ДХИС-ийн эл ангийг жилд 20 гаруй хүн төгсдөг. Төгсөгчдөөс 4-5 тав нь ажилтай болох магадлалтай. ОХУ-д мөн л криминалистикийн чиглэлээр жилд 5-6 хүн суралцаж, шинжээч болдог. Тэд ч ажилгүй үлдэх магадлал өндөр. Хэрэгцээ шаардлага байгаа учраас залуусыг элсүүлж, төгсгөж буй. Харамсалтай нь, төгсөгчид нь ШШҮХ-д орон тоо байхгүйгээс мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа юм.

Цагдаагийн байгууллагад өдгөө 10 000 гаруй хүн ажилладаг. Тус байгууллага 2012-2016 онд орон тоо, хүн хүчээ бэхжүүлж, хэлтэс, албадаа нэмсэн. Харин ШШҮХ удирдлага, санхүү, аж ахуйн ажилтнуудаа оролцуулаад улсын хэмжээнд ердөө 500 гаруй алба хаагчтай. Тус байгууллага бүх чиглэлээр шинжилгээ хийх зорилт тавин ажиллаж буй ч нидэр дээрээ нарийн мэргэжлийн шинжээчээс авхуулаад криминалистикийн шинжээч ч дутагдалтай. Монголд гарч буй гэмт хэргийн 70 гаруй хувь нь Улаанбаатарт үйлдэгддэг. Гэтэл зөвхөн нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гэхэд 12 шинжээчийн орон тоо дутуу байна.

Цагдаагийн байгууллага хүн, хүчээ нэмснийг дээр дурдсан. Тодруулбал, төвийн зургаан дүүрэгт Цагдаагийн 2-3 хэлтэс байгуулсан. Уг нь Цагдаагийн нэг хэлтэст дөрвөн шинжээч ээлжээр ажилладаг байж. Хэлтсийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан ШШҮХ-гийнхэн орон тоогоо нэмэх хүсэлт гаргасан ч бүтээгүй гэнэ. Аргаа бараад нэг хэлтэст ажиллах шинжээчийн тоог багасгаж, шинэ хэлтсүүдэд хуваарилсан байна. Улмаар шинжээч дутагдаж, нэг шинжээчид ногдох хэргийн тоо өсөн, ачаалал нь нэмэгджээ. Хөдөлмөрийн тухай хуульд 24 цаг ажилласан бол 72 цаг амрах заалттай ч энэ нь тус байгууллагад хэрэгждэггүй. Нэг шинжээч 24 цаг ажиллаж, 48 цаг амарна гэсэн хуваарьтай. Гэхдээ 08.30 цагаас ажлаа авсан шинжээч маргааш өглөө нь тухайн цагтаа бууна гэсэн ойлголт байхгүй. Өглөө ээлжээ хүлээлгэн өгсөн ч шөнө явсан гэрэл зургаа шинжилнэ. Авсан ул мөрөө бэхжүүлж, холбогдох хүмүүст хүлээлгэж өгөх зэргээр ачаалалтайн улмаас хийх ажил нь барагддаггүй юм байна.

Өдгөө нэг Цагдаагийн хэлтэст гурван шинжээч ээлжээр ажилладаг. Арай л гэж энэ тоог гүйцээж байгаа гэх. Орон тоо дутагдалтай учраас хэрэг дээр ажиллах шинжээчийн цаг бага гэнэ. Тухайлбал, ноцтой хэрэг гарч бүрэлдэхүүн томиллоо гэхэд тэнд шинжээч заавал байлцана. Хэргийн газарт очоод удаагүй байтал дараагийн дуудлага ирдэг гэх. Бүрэлдэхүүнд прокурор, мөрдөгч хангалттай байдаг ч шинжээч дутагдалтай байх нь энгийн үзэгдэл гэнэ. Налайх дүүргийн Прокурорын газрын эх сурвалж энэ талаар “Багахангай дүүрэгт шинжээч байдаггүй. Налайхаас шинжээч очиж ажилладаг. Мөн Налайх дүүрэгт зам, тээврийн осол цөөнгүй гардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ тохиолдолд заавал шинжээч томилдог. Гэтэл шинжээч дутагдалтай нь сөргөөр нөлөөлж, хэргийн илрүүлэлт удааширдаг” хэмээн ярьсан. Налайх, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс тус бүр нэг шинжээчтэй юм байна. Гэтэл эл дүүргүүдэд уул уурхай, зам, тээвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөөгүйгээс гарсан хэрэг цөөнгүй гардаг бөгөөд шинжээч хүрэлцэхгүйн улмаас гал алдчихгүйхэн шиг ажиллаж буй гэнэ.

“ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжилгээний албанд санхүүгийн мэргэшсэн нягтлан бодогч ажилд авна” гэх зарыг сүүлийн гурван сарын турш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж буй. Зарын дагуу олон хүн хандсан ч бүгд л авах цалингаа сонсоод ажиллахаас татгалзжээ. Эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, хөдөлмөр хамгааллаар үнэлгээ гаргадаг мэргэшсэн шинжээчгүй нь хэд хэдэн шалтгаантай аж. ШШҮХ-гээс орон тоо, бүтцээ өөрчлөх, нэмэх саналаа жилийн жилд ХЗДХЯ-нд гаргасаар иржээ. Салбарын яам саналыг нь хүлээн авч, төсөвт суулгадаг ч Сангийн яаманд очоод уг асуудал шийдэгдэлгүй гацдаг. 2020 оны төсөв хэлэлцэхийн өмнө нь ч нарийн мэргэшсэн шинжээч дутагдалтай байгааг уламжилсан ч шийдэлгүй өнгөрчээ. Тиймээс ШШҮХ баталсан орон тоондоо тааруулан шинжээч ажилд авдаг бөгөөд тэд нь нуруугаа авхуулсан морь шиг өдөр, шөнөгүй ажиллаж байна. Нөгөөтээгүүр, орон тоог нь нэмж баталлаа ч дээрхийн адилаар нарийн мэргэшсэн шинжээч нар нь цалин багатай энэ газарт тогтож ажиллах магадлал муу гэдгийг хэлэх хүнтэй ч таарсан.

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст хоногт 250-300 орчим дуудлага ирдэг гэх. Гэтэл эл албанд ердөө хоёр шинжээч л ажилладаг. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын дарга, хурандаа Д.Зол- заяа энэ талаар “Зам, тээврийн осол их гардаг. Тиймээс Тээврийн цагдаагийн албанд манайхаас хоногт хоёр шинжээч томилон ажиллуулж буй. Нэмж шинжээч томилох бололцоо байхгүй. Байгаагаа шавхсан. Зам, тээврийн осол хариуцсан манай тасгийнхан Тээврийн прокурорын газрынхантай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, тулгамдсан асуудлаа ярилцсан. Бусад газарт өдөрт нэг шинжээч томилдог” хэмээн ярьсан юм.

Эцэст нь хэлэхэд, гадаад, дотоодод шинжээч мэргэжлээр төгссөн маш олон залуу ажилгүй байгаа нь холбогдох байгууллагаас авсан мэдээллээс ил болов. ШШҮХ-гийн шинжээчид орон тоо дутуугаас үүдэн маш их ачаалалтай ажилладгийг дээр дурдсан. Гэхдээ энэ нь хэргийн газрын үзлэг дутуу хийх, ажилдаа алдаа гаргаж болно гэсэн зөвтгөл биш билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)