Шуурганаар төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ

Сүүлийн хоёр хоногт зарим нутагт салхи секундэд 28 метрт хүрч ширүүсэн, цасаар шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрснийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 19-нд Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймагт зургаа, Завхан, Увсад 10 хүртэлх мм цас орж, шууран, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховдын нутгаар салхины хурд секундэд 16-24 метрт хүрч ширүүсжээ. Мөн 20-нд Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар цас орж, шууран, говийн аймгуудын зарим нутгаар секундэд 28 метрт хүрч, хүчтэй салхилж цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсаныг ОБЕГ-аас мэдээлэв.

Хүчтэй салхи, шуурганы үеэр Завхан, Өмнөговь аймагт тус бүр гурав, Дундговьд 25, Өвөрхангайд тав, нийт 36 иргэн малдаа яваад сураггүй болсон байна. Орон нутгийнх нь онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг эсэн мэнд олжээ. Мөн уржигдар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гурван иргэн самар түүж яваад нэг нь төөрсөн дуудлагаар аврагчид эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн гэнэ. Тухайн иргэн Батсүмбэр сумд нэгэн айлд эсэн мэнд очсоноо удалгүй эрлийн багийнханд мэдэгдсэн аж. Түүнчлэн Улаанбаатараас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд руу зорчдог хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөнийг хаасан байснаа өчигдөр 08.00 цагаас нээжээ. Ташрамд дуулгахад, Өвөрхангай аймгаас Улаанбаатар луу зорчиж явсан иргэд замд цасанд дарагдсан 30 гаруй бог малыг гаргажээ. Мөн Төв аймгийн Өндөрширээт сумд, халтиргаа гулгаа үүссэн замд “Тоёота приус” маркийн автомашин автобустай мөргөлдсөний улмаас 23 настай эмэгтэй амиа алдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)