ШУУД: Хотын дарга Сүхбаатарын талбайн газар эзэмшигчийн эрхийг цуцалж байна

Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн газар эзэмшигчийн эрхийг цуцалж байна. Тэрбээр "2006 онд төсөл сонгон шалгаруулалтаар "Ю Би констракшн" ХХК Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний зориулалтаар 2.5 гa газрын эрхийг авсан юм билээ. Уг нь хуулиндаа зөвшөөрөл авснаас хойш  хоёр жилийн дотор үйл ажиллагаа явуулах ёстой боловч 2006 оноос хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын бусаар ашиглаж байгаад, машины зогсоол барьсан байна. Автомашины зогсоол барьчихаад орлогынхоо 30 хувийг Нийслэлд төвлөрүүлэхээр гэрээнд тусгасан ч өдийг хүртэл нэг ч төгрөгийн орлого төлөөгүй. Та бүхний харж байгаачлан зогсоолд одоо ч машин зогсож байна.

Мөн 2017 онд уг 2.5 га газрыг 9.5 сая ам.доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьсан байсан. Иймд тус аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж байна

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн зүгээс төв талбай дээр нийтийн боловсон бие засах газар байгуулъя гэхээр талбай гаргаж өгдөггүй. Тэгсэн хэрнээ өөрсдөө хувьчилж, банкны өрөнд тавьчихсан байдаг. Ийм явдлыг таслан зогсооно. Цуцлах болсноо тус компанид мэдэгдсэн. Иймд хуулийн дагуу явагдаж байгаа. Цаашлаад автомашины зогсоол байгаа энэ газарт усан оргилуур барьж, нийслэлчүүдийг амарч зугаалах газартай болгоно " гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)