ШУУД: УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Бид хоёр асуудлын талаар мэдээлэл хийнэ. Нэгдүгээрт, Төв аймагт болж буй Б.Хурцын шүүх хурал тав дахь өдрөө гацлаа. Шүүгдэж буй есөн этгээд Эрүүгийн хуулийн 21.12, 21.13 зүйлээр яллагдагчаар татагдсан байгаа. 21.12-т Эрүү шүүлт тулгах гэж маш тодорхой заасан. Б.Хурц бусдыг өдөөн турхирч, бусдад зөвшөөрөл олгож Ц.Амгаланбаатар болон н.Итгэл хэмээх ялтнуудыг шүүхийн шийдвэргүйгээр эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн болохыг бид харсан. Гэтэл Б.Хурц гуай 2017 онд батлагдсан энэхүү хууль нэлээд тодорхой заачихсан, эрх зүйн чадамжгүй тул 2012 онд батлагдсан хуучин хуулийг хэрэглэе хэмээн заль гаргаж байна. 2012 оны Эрүүгийн хууль шинэ хуулиас зүйлчлэлийн хувьд ялгаатай. Иймд шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар Б.Хурц, Эрдэнэбат нарын хүмүүс яллагдах ёстой. Уг хуулиас бултаж гарах ямар ч боломжгүй. Шүүх хурал тэнцвэргүй болж, чөлөөт мэтгэлцээний журам алдагдаж байгаа талаарх мэдээллүүд бидэнд ирлээ. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2-3-хан өмгөөлөгч өмгөөлж байгаа бол Б.Хурц нарыг 17 хүн өмгөөлж байна. Үнэхээр шударга бус байгаа юм. Иймд Төв аймгийн шүүх хэрхэн шийдвэрлэх талаар Монголын ард түмэн чих тавин хүлээж байна" гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд ""ШИНЭ" нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн професст оролцох боломжгүй боллоо. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл барьцаанд орсон байна. Уг төслийн зорилго нь нэмж сайжруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бус Монголын төрийг гацаах, хууль батлах зорилтоос нь холдуулж, Засгийн газрыг ажиллах нөхцөл боломжгүй болгож байна. Дээрээс нь Оюутолгой зэрэг мега төслүүдийн ажлын хэсгийг ажиллах чадамжгүй болгох, тэдгээрийг барьцаалж, зогсоосон хэлэлцүүлэг байсан гэдэг нь тодорхой боллоо.

Ард түмэн баялагийн эзэн байна гэсэн заалтыг тодорхойгүй болгож байна. Стратeгийн ордуудынхаа 51-ээс дээш хувийг эзэмшдэг байх гол зарчмаас ухралт хийлээ" гэв.

-Шүүх хурал маш нууцын зэрэглэлтэй гэдэг мэдээллийг шүүхийн бүрэлдэхүүн өгч байна. Та бүхэн энэ мэдээллийг хаанаас аваад байгаа юм бэ?

-Ж.Батзандан гишүүн: Хаалттай шүүх хурал хэсэгчилсэн болон бүхэлдээ хаалттай гэсэн хоёр зарчмаар явагддаг. Түр хорооны гишүүд шүүх хурлыг нээлттэй явуулах нь зүйтэй гэсэн саналаа хүргүүлсэн боловч шүүх бүрэлдэхүүн зөвшөөрөөгүй. Хэрэв та бүхэн анзаарсан бол шүүгдэгч талын 17 өмгөөлөгч өдөр бүр шахуу мэдээлэл хийж байсан ч хохирогчдын талын өмгөөлөгчдөөс хэн ч, юу ч яриагүй. Яагаад шүүх яллагдагч талын өмгөөлөгчдийг яриулаад, хохирогчдын талынхыг хаадаг юм бэ. Үүнийг шударга шүүх хэмээн нэрлэх үү?

-Л.Болд гишүүн: Б.Хурцын шүүх хурал нууц явагдах ямар ч үндэс байхгүй. Эрүүдэн шүүсэн цаад шалтгаан, нөхцөлийг олон нийтэд ил болгосон шүү дээ. Зарим зүйлийг л нууцлаад байгаа болохоос төв тeлeвизээр ч үзүүлсэн. Иймд нууцлаад байх шалтгаан байхгүй. Тиймээс Түр хорооны зүгээс бусад бичлэгийг өгөөч ээ гэж Засгийн газраас хүссэн. Хариуд нь прокуророос зөвшөөрөл аваад өгнө гэсэн байсан. Бид прокурорт ч хандсан. Энэ хэргийг улс төртэй уяж, олон хоног сунжруулах ямар ч шаардлага байхгүй. Үүний цаана маш том гэмт хэргийн сүлжээ явж байна. Цаашид ил болох ёстой юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)