Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан гэв

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсаны  дагуу Нийслэлийн онцгой комисс аравдугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгээс хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид шинжилгээнд хамруулахаар өгсөн. Тус шинжилгээний хариу гарсан бөгөөд яг одоо дээжийн хариуг танилцуулж байна. 

Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан: Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээс иргэд хордсон байж болзошгүй цэгүүдээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Албан ёсны дүгнэлтүүд гарсан. Өнөөдөр өглөө НЗДТГ-ын шуурхай зөвлөгөөн болсон. Уг хуралдаанаар Засаг дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өгч ажилласан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: НМХГ-аас хохирогчдын хэрэглэсэн түлшнэс дээж авч шинжилсэн. Өчигдөр шинжилгээний хариу гарсан. Уг дүгнэлтийг үндэслэн, улсын байцаагчийн эцсийн дүгнэлт гарч байна. Геологийн төв лабораторид нийт есөн дээж шинжлүүлсэн. 19 айлаас авсан дээжүүдийн чийглэг нь стандартын шаардлага хангасан буюу 1.9-3.1, үнслэг нь 23-24, хүхэр нь 0.95-1.04, илчлэг 6000 буюу түүнээс дээш гарсан. 

Тавантолгой түлшний дээжийг шинжлэхэд мөн л стандартын шаардлага хангасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь шинжилж байсан шинжилгээний хариутай яг таарч байгаа юм. Гаалийн төв лаборатид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн. 

Иргэд сайжруулсан түлшинд химийн бодис агуулагдсан, энэ нь иргэдийг хордуулаад байгаа юм биш үү гэж их асууж байна. Тэгвэл сайжруулсан түлшинд химийн бодис ороогүй. Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан. Шинжилгээгээр ч цардуул гэдэг нь батлагдсан. Органик цардуулыг түлэхэд угаар гардаггүй болохыг эрдэмтэд ч нотолж байгаа.

Өчигдөр Хан-Уул дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд угаарын хийд хордсон гэж дуудлага ирсэн. Газар дээр нь очиж ажиллахад зөв горимын дагуу галлаагүй байсан. Яг адилхан нүүрс хэрэглэдэг хөрш айлын иргэд зүгээр байсан.

Нийслэлийн иргэд олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа. Иймээс өнөөдрөөс хороо, дүүргийн Засаг дарга нар, ажилчид зуухандаа сайжруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргаа, удирдлагын байгууллагууд аравдугаар сарын 1-нээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)