"Шууд сайжруулсан түлшнээс хордсон гэж хэлж болохгүй. Бид иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй"

Өнгөрсөн шөнө угаарын хийд хордсон хэд хэдэн дуудлага ирж, дөрвөн иргэн амь насаа алдсан хэрэг гарсан. Үүний дагуу урьд шөнө Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаж, Хотын захирагч С.Амарсайхан үүрэг чиглэл өгсөн. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: БЗД, СХД, ЧД-т тодорхой шалтгааны улмаас хүний амь нас эрсдэж, угаарын хийд хордсон тохиолдлууд гарсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, шуурхай штаб байгуулан ажиллаж байна. НМХГ, НОБГ, Нийслэлийн цагдаагийн газар, Тавантолгой түлш, Агаарын бохирдлын газрын мэргэжилтнүүд штабын бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Үүссэн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгье. 

2019 оны аравдугаар сарын 03-05-ны өдрүүдэд иргэд хүнд болон хөнгөн хордсон гэх мэдээллүүд ирсэн. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Жил бүрийн яг энэ үед буюу хүйтний улирал эхлэх үеэр иргэд агаарын хийд угаартах, ахуйн орчинд осол гарах тохиолдлууд ихээр гардаг. Тухайлбал, зуухаа буруу байрлуулах, түлш буруу хэрэглэх, буруу хадгалах, зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, тагыг нь нээлттэй орхих, сойлт хаалтыг нь тулгаж түлхэх  зэрэг олон шалтгаанаас эрсдэл бий болдог. Энэ үед бид сэрэмжлүүлэг мэдээллийг тасралтгүй хүргэдэг. 

Хүний амь нас эрсдсэн асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир эцсийн хариу гарахаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгнө. 

Хордсон иргэдээс дээж авч шинжилж байгаа бөгөөд Газрын тосны газрын харъяа лабораторид сайжруулсан түлшний барьцалдуулагч бодисноос дахин дээж авах ажлыг хийж байна. Сайжруулсан түлш бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа түлш гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим мянган тонн шахмал түлш хэрэглээнд нийлүүлэгдсэн. Ганцхан шахмал түлш бус дулаан ялгаруулдаг ямар ч зүйлийг түлэхэд угаарын хий ялгардаг. Өнгөрсөн жилүүдийн статистикаас харахад энэ төрлийн осол эндэгдлийн тоо буурахгүй байгаа нь ажиглагддаг. 2018 онд гэхэд ахуйн хийнд хордсон 50 орчим тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ бид сайжруулсан түлшийг нэмж гурван төрлийн шинжилгээнд хамруулж байна. Харин түлшний барьцалдуулагч бодис нь Монгол Улсад импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн юм. Өмнө нь шинжилгээнд хамрагдаад, хүлээн зөвшөөрөгдсөн боловч давтан шинжилгээнд оруулж байгаа. Тиймээс шууд түлшнээс хордсон гэж хэлж болохгүй.

Одоогийн байдлаар нийт 35 иргэн угаарын хийнд хордсон байж болзошгүй байдлаар эмнэлэгт хандсанаас 6 хүн хэвтэн эмчлүүлж, 4 иргэн нас барсан байна. Харин эмчлүүлж байгаа 6 иргэний нэгийнх нь биеийн байдал хүнд байна.

Сайжруулсан түлшний 95 хувийг нүүрс, 2.5 хувийг барьцалдуулагч бодис, бэхжүүлэгч, шохой тус тус 1 хувийг эзэлж байгаа. Туршилт хийж үзээгүй байж иргэдэд худалдаалсан гэх мэдээлэл явсан. Үүнд нэг зүйлийг баттай хэлье. Бид бүтэн жилийн турш туршилт хийж, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүх лабораторид шинжилгээ хийсний үндсэн дээр худалдаанд гаргасан. Иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: Сар бүр гарсан бүтээгдэхүүнээс бид дээш авч шинжилж байсан. Тухай бүрд нь стандартын шаардлага хангаж байсан учир Тавантолгойн сайжруулан түлшинд хийсэн хяналтдаа итгэлтэй байна. Тухайлбал, 2019 онд сар бүрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд чийглэг, үнслэг, хүхэр, илчлэг, бат бэх чанар зэрэг үзүүлэлтүүд тухай тухайн үедээ бүгд стандартад нийцэхүйц дүнтэй гарсан. Өнөөдрийн байдлаар 200 мянган айл энэ түлшийг хэрэглэж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс иргэд түлшнээс болж биш түлшний буруу хэрэглээнээс хордсон байж болзошгүй гэж үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)