Х.Баттулга: Монгол, Оросын харилцаа нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож байна.

Үүний дараа хоёр орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээр хийж, олон асуудлаар ажил хэрэгч уулзалт хийлээ. Үүний үр дүнд чухал шийдвэрт хүрч чадлаа. Түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид бүхэн талархаж байна. Энэхүү ялалт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл юм. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн Стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, сая гарын үсэг зуран баталгаажууллаа.

Энэхүү айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг мөн тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яам хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Манай хоёр орны цэрэг, техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна.

Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай хоёр орны Засгийн газар хоорондын протоколыг мөн шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна. 

Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ялалтын ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо илэрхийллээ. 

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар мөн хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. 

ОХУ-ын өөрийн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг ханган, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2008 оны зургадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан "Транзит тээврийн гэрээ" нь энэ боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын "Беско" компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна. 

Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мөн үзлээ. 

Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөж байна.  

Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр орны эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж бодож байна. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ. 

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд рубль, төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч мөн санамж бичиг байгууллаа. 

Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлын эхний үе шат болох Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэх түвшинд хүрснийг мөн мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны уламжлалт найрсаг харилцааг иж бүрэн стратегийн түвшинд хүргэснээр хоёр орны харилцаанд шинэ хуудас нээгдэж байгааг мөн онцлон тэмдэглэе"  гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)