ШУУД: 4 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Төгсбилгүүний ар гэрийхэн мэдээлэл хийж байна

Иргэн Б.Төгсбилгүүнийг сүүлийн дөрвөн жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт буруутган, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хорьсон ч энэ сарын 11-ний өдөр батлан даалтад гаргасан. Уг шийдвэрийг эцэргүүцсэн хохирогч Ж.Одгэрэл буюу эхнэр нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна суулт зарласан. Иймд түүний ар гэрийхэн, өмгөөлөгч MN мэдээллийн төвд мэдээлэл хийж байна.

Б.Төгсбилгүүний эгч Б.Болормаа: Амьдралын төлөө зүтгэж буй дүүг минь хүүхдийг нь алсан алуурчин болгож, буруутгаж байна. 2018 оны 12 дугаар сард төрнө гэсэн ч 11 дүгээр сард төрөх боломжгүй тул 1.700 грамм хүүхдээ авахуулсан, цус алдаад хэцүү байна хэмээн дүү рүү маань ярьсан. Ингээд бид эмчид үзүүлэхэд "Хүүхэд авахуулсан зүйл алга. Цус алдсан зүйл байхгүй. Бага зэргийн үрэвсэлтэй байна" гэсэн. Эхний хүүхдээ тавдугаар сард зулбахад биднээс нуусан.

Өмгөөлөгч Б.Баярмагнай: Б.Төгсбилгүүнийг эхнэрээ хоёр удаа зулбуулсан, алуурчин мэтээр гүтгэж, доромжилж байна. Үнэхээр гэм буруутай эсэхийг шүүх, хуулийн байгууллага шалгаад явна. Хохирогч гэх эмэгтэй телевизийн нэвтрүүлэгт орохдоо ээжийг нь охидуудтайгаа хамт авахуулсан зургийг нийтэд дэлгэн үзүүлсэн. Хэрэг шийдэгдээгүй байхад ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан олон нийтэд дэлгэх нь буруу. Б.Төгсбилгүүн өлсгөлөн зарлаад маш хүнд байдалтай байгаа. Тэрбээр өөрөө "Би хохирогчийг үнэхээр зоддог байсан бол хэргээ хүлээнэ. Гэхдээ тийм зүйл байхгүй" гэж хэлсэн.

Хэрэг прокурорт шалгагдаж байгаа. Хуулиа мөрдөх хэрэгтэй. Одоогоор нэг ч шүүх хурал болоогүй. Хэрэг шийдвэрлэгдээгүй байхад хоёр удаа зулбасан, ар гэрийхэн нь доромжилж зоддог байсан мэтээр худал гүтгэсэн мэдээлэл олон нийтэд цацаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)